"Алтан Бөмбөрцөг 2020" наадмын эргэн тойронд: Онцлох 7 агшин

77 дах удаагийн шагнал гардуулах ёслолын талаар ярилцацгаая

Өчигдөр зохиогдсон 77 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоор энэ оны кино наадмын улирал албан ёсоор нээгдсэн гэж хэлж болно. Оддын өмссөн даашинз, авсан шагнал, тайзан дээр хэлсэн талархлын үгсээс гадна арга хэмжээний үеэр тохиолдсон сонирхолтой мөчүүд олны анхаарлыг татдаг билээ. Бид өчигдрийн ёслолын үеэр болсон хамгийн сонирхолтой агшнуудыг эргэн харахаар шийдлээ.

Брэд Питт ба Женнифер Энистон нар "сайн найзууд"

Брэд Питтийг улаан хивсний ёслолд оролцох үед Entertainment Weekly-гийн сэтгүүлч түүнд экс эхнэр Женнифер Энистонтой таарах өндөр магадлалтай байгааг нь сануулахад тэрээр "Би Жентэй тааралдана. Тэр миний сайн найз. Энэ түүний хувьд хоёр дах чухал найзуудын уулзалт (Friends цувралын жүжигчид эргэн нэгдэж Instagram-ыг бараг гацааж байсныг санаж байна уу?) болох байх хэмээн хошигнон хэлжээ.

Түүхэнд бичигдсэн Awkwafina

"Crazy Rich Asians", "Ocean's 8" кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Awkwafina өчигдөр Алтан Бөмбөрцөг наадмаас "The Farevell" кинонд бүтээсэн дүрээрээ "мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн билээ. Ингэснээр тэрээр бүрэн хэмжээний кинонд гол дүрийн шагнал хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй жүжигчин болж түүхэнд бичигдэж байна. Ямартаа ч Холливүүдийг арьс өнгөнөөс үл хамааран тэгш эрхтэй болгоход түүний амжилт маш чухал алхам болж байгаа юм.

Гялалзсан нүдний будалт тренд болсон нь

Жүжигчин Энсел Элгорт ба Люси Бойнтон нар шинэ жилийнхээ уур амьсгалаас гарч амжаагүй байгаа бололтой. Тэд "Гялалз эсвэл гэртээ харь" гэсэн уриатайгаар гоо сайхны төрхөө бүрдүүлэн ирсэн харагдлаа. Хэрэв Люси Бойнтон нүдэндээ 1960-аад оны өнгө аястай металлик будалт хийсэн бол Энсел Элгорт нүднийхээ буланд бага зэрэг гялтганасан тень түрхжээ. Мөн Энсел Элгорт нүдний будалттайгаа хосолсон цагаан өнгийн маникюр хийлгэсэн нь анхаарал татаж байлаа.

Тэрон Эжертон Элтон Жоныг тэвэрсэнгүй

Жүжигчин Тэрон Эжертон домогт Элтон Жоныг дэлгэцнээ амилуулснаар "мюзикл эсвэл инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон билээ. Тэгвэл өчигдөр тэрээр шагналаа тайзан дээр гардан авахдаа дэргэд нь хагартлаа баярлан зогсож байсан Элтон Жоныг санамсаргүй байдлаар анзааралгүй өнгөрөн алхжээ. Магадгүй тэр хэтэрхий их догдлон орчин тойрноо анзаарах сөхөөгүй байсан бололтой.

Одод Австралийг мартсангүй

Ойн түймэр дэгдэж, байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Австрали тив хүн бүхний бодлоос гарахгүй байсан нь илэрхий байлаа. Жишээлбэл "Fleabag" цувралаар шагнал хүртсэн жүжигчин Фиби Уолер-Бридж шагнал гардуулах ёслолын үеэр өмссөн Ralph & Russo брэндийн хослолоо дуудлага худалдаанд оролцуулж, олсон орлогоо Австралийн гамшигтай тэмцэх санд хандивлахаа амласан бол Патриша Аркетт Австралид түймэр дэгдсэн нь цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх цаг ирснийг илтгэж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Алтан Бөмбөрцөг наадмын зохион байгуулагчид эцсийн мөчид ургамлын гаралтай хүнсээр хийсэн зоогоор үйлчлэхээр шийдсэн нь мөн л байгаль орчны асуудалд олны анхаарлыг хандуулах зорилготой байлаа.

Бейонсе ба Jay-Z нар бүтэн цаг хоцорсон ч өөрсдийн гэсэн оргилуун дарстайгаа иржээ

Бейонсе ба Jay-Z нар ёслолын үйл ажиллагаанд бүтэн цаг хоцрон, Эллен Деженересийг телевизийн салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө хүндэт шагнал авч байх мөчид орж ирсэн юм. Хачирхалтай нь зочдын ширээн дээр бэлдсэн оргилуун дарсыг үл харгалзан хосуудын бие хамгаалагч тэдний эзэмшдэг оргилуун дарснаас (Ace of Spades) хоёр шилийг тусгайлан авч иржээ. Энэ дашрамд дурдахад Хоакин Фениксийг шилдэг жүжигчний шагнал хүртэх үед Бейонсегоос бусад бүх хүн босож зогсон алгаа ташиж байсан бөгөөд үүнээс болж дуучин бүсгүй шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Тааварлахын аргагүй шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Мартин Скорсесегийн "The Irishman", Ноа Баумбахын "Marriage Story" зэрэг өндөр хүлээлттэй бүтээлүүд, Леонардо Ди Каприо, Адам Драйвер зэрэг жүжигчид асар олон номинацад нэр дэвшсэн ч энэ жил шагнал авч чадаагүй нь маш гэнэтийн зүйл болсон юм. Энэ нь бүх зүйл мэргэжилтнүүд болон үзэгчдийн таамгаар болдоггүй гэдгийг дахин баталж байна.

Buro.Mongolia

2020-01-07, 15:00