Белль яагаад Араатныг сонгосон бэ?
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн "Beauty and the Beast" бүрэн хэмжээний кино Улаанбаатар хотын кино театруудад гарч эхэлсэн. Анх 1991 онд гарсан ижил нэртэй анимэйшн бүтээлээс сэдэвлэсэн энэхүү мюзиклд хэд, хэдэн шинэчлэлт хийжээ. Жишээ нь эсрэг дүрийн Гастон анчингаас цэрэг болон хувирч, түүний туслах ЛеФу нуугдмал ижил хүйстэн болж таарсан бол Араатны цайзын олон үндэстний үйлчлэгчид нь хоорондоо гэрлэж, аз жаргалтай амьдардаг. Харин Белль сэргэлэн, зоригтой бүсгүйгээс "Хүчирхэг эмэгтэй баатар" болсон байна.
Францын жирийн нэгэн хотод Белль (Эмма Уотсон) гэдэг залуу бүсгүй амьдран суудаг байжээ. Хотын бусад оршин суугчдаас Белль номонд хайртайгаараа ялгардаг. Тэр дундаа Шекспирийн зохиолуудад тэр дуртай байв. Хотынхон түүнийг бага зэрэг зөрүүд, хачирхалтай ч дур булаам гэж үздэг. Гастон (Люк Эванс) гэдэг чөлөөнд гарсан цэрэг Беллийн гоо үзэсгэлэнг биширч, шууд л түүнд гэрлэх санал тавьдаг. Гэвч Гастон бүдүүлэг, мунхагдуу тул Белль түүний саналаас эвтэйхэн татгалзана.
Нэгэн удаа Беллийн аав Морис (Кевин Клайн) аялалд гарна. Түүнээс охин нь аяллаасаа сарнай авч ирэхийг хүсдэг. Гэтэл Морис замдаа төөрч, нэгэн язгууртны эзгүйрсэн цайзад хүрч ирнэ. Цайзын эзэн олон жил ганцаардсаны улмаас тавилга, эд хэрэгсэлтэй ярьдаг болсон ч өөрийнхөө эрхийг огт мартаагүй ажээ. Тэрээр Морисыг цэцэрлэгт хүрээлэнгээс нь сарнай хулгайлсных нь төлөө шийтгэж, бүх насаар нь цайздаа хорих шийдвэр гаргадаг. Энэ нь ч хуулийн дагуу шийтгэл юм. Тэгтэл Белль эцэгтээ тусалж шийтгэлийг нь өөрөө хүлээхээр шийднэ. Гэхдээ Белльд удаан хоригдох шаардлага гардаггүй. Учир нь цайзын үйлчлэгчид эзнийх нь гэрлэх цаг аль хэдийнэ ирсэн гэдгийг мэдсэн тул Беллийг хорионоос суллаж, аль болох эзэндээ таалагдуулах арга замыг хайна. Ингээд удалгүй тэдний хичээл зүтгэл үр дүнгээ өгч, бүсгүй өөрийг нь хорьсон этгээдэд "талтай" болж эхэлдэг.
Таны харж байгаачлан энэхүү кино маш цаг үеийн сэдэвтэй. Тэгэхдээ үргэлж хурц яригддаг ЛГБТ сэдэв төдийгүй энэхүү кино нь өөрөө эцгийн эрхт ёс давамгайлсан жанртай болжээ. Жишээлбэл Гастон ч тэр, Араатан ч тэр эрэгтэй хүний дээрэнгүй үзэлтэй бөгөөд юуны түрүүнд хүч чадлынхаа тусламжтай бүсгүйн нүдэнд сайхан харагдах гэж хичээдэг. Гэхдээ Араатан Беллийг чононуудаас аврах тэр мөчид л бүсгүй түүнийг хүн гэж харж эхэлдэг. Араатан чонон сүрэгтэй тулалдаж, ялсныхаа эцэст тэдэн рүү, "Зугт" гэж сүрдмээр архирна. Дараа нь тэрээр ямар ч тэнхэлгүй болж, газар унадаг киноны тэр хэсэгт хүч чадал ба сул дорой байдлын хослолыг гайхалтай харуулж чаджээ. Эмма Уотсоны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний талаар ярьсан бүх зүйлээс үл хамааран Белль өөрийг нь хорьж байсан хүний хажууд дуртайяа үлдэж, халамжилдаг.
Араатан зөвхөн эр зоригоороо төдийгүй мэдлэгээрээ бүсгүйг өөртөө татаж чадна. Сайн боловсролыг өтгөн сахал, эврээр нууж чадахгүй тул язгууртан ямар ч асуудалгүй Шекспирийг иш татаж, чөлөөт цагаараа баатрын тухай номуудыг уншдаг байна. Харин Гастон уншиж ч чаддаггүй гэдэгт итгэж болно. Тэрээр жирийн л хүмүүжлээр өсч торнисон бөгөөд дайнд явсан нэгэн. Гэвч түүнийг нөгөө л сайн боловсролтой, ихэс дээдсүүд дайнд явуулсан байх магадлалтай. Белль хоёр залуугийн нэгийг бус хоёр өөр амьдралын хэв маягийн дунд сонголт хийсэн юм. Бүсгүйд зөвхөн Шекспирийн зохиолуудаар танил болсон язгууртны амьдрал эсвэл өөрийн сайн мэдэх, уламжлалт амьдралын хэв маягийн аль нэгийг нь сонгох хэрэг гарсан. "Beauty and the Beast"-ийн ертөнцөд жирийн иргэд нь идэж, угаалга хийж, уушийн газар суухаас өөр хийх зүйлгүй, бичиг үсэг тайлагдаагүй, харанхуй бүдүүлэг хүмүүсийн дүрээр харагддаг. Гэхдээ кинонд тахал өвчин Франц даяар тархсан гэж гардаг тул тэднийг ойлгож болох юм.
Беллийн сонголт тун ойлгомжтой. Магадгүй орчин үеийн эмэгтэйчүүд ч ийм сонголт хийх байсан биз. Гэхдээ үүнийг нотлохын тулд бид санал асуулга явуулахаар шийдлээ. Саналаа өгөхөөсөө өмнө та тэдний хувийн хэрэгтээ танилцаарай!
Гастон
Хотынхоо хамгийн сайхан залуу
Тодорхойлолт: Сайхан биетэй, хүчирхэг, чадварлагаар шүлсээ нулимдаг. Нэг суултаар хэдэн зуун ширхэг түүхий өндөг идэж чадна. Сайн анчин.
Ололт, амжилт: Дайнд оролцсон (ямар дайн гэдгийг харуулдаггүй), маш олон амьтан агнасан. Хотын бүсгүйчүүд болон ЛеФугийн хайрыг татаж чадсан.
Сул тал: Хувиа хичээсэн, онгироо, өөртөө бардсан.
Хар үстэй, царайлаг залуу. Ирээдүйд дарангуйлах магадлалтай. Гэхдээ Гастон таныг яг л чулуун хананы цаана байгаа мэт хамгаалж чадна.
Араатан
Боловсрол, мэдлэгтэй, сахалтай
Тодорхойлолт: Язгууртан, утга зохиолын мэдлэгтэй, анхаарал, халамжтай, эелдэг, ухаантай.
Амжилт, ололт: Нутагтаа хамгийн шилдэг үдэшлэгүүд зохион байгуулж байсан.
Сул тал: Хувиа хичээсэн, өөртөө бардсан, түргэн зантай.
Дарангуйлагчийн өгөгдөлтэй урт, бор үстэй язгууртан залуу. Гастонтой харьцуулахад хотын захад байрлах цайзыг эзэмшдэг тул зүйрлэлийн бус жинхэнэ чулуун хана санал болгож чадна. Заримдаа маш эелдэг зөөлөн аашилж эсвэл яг л жинхэнэ араатан мэт авирладаг тул сэтгэл хөдлөлийн хоёр туйлт эмгэгтэй байх өндөр магадлалтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт