Өнгөрсөн онд дуучин Бритни Спирс өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаас сэдэвлэн The Woman in Me хэмээх дурсамж номоо уншигчдын хүртээл болгосон билээ. Түүний ном худалдаанд гарсан даруйдаа бестселлер номын жагсаалтад нэгдэж, зөвхөн АНУ-ын хэмжээнд 2.5 сая хувь ном борлогдож чадсан төдийгүй "Алдартнуудын бичсэн хамгийн өндөр борлуулалттай дурсамж номууд" хэмээх жагсаалтыг тэргүүлсэн түүхтэй. Бритни Спирс өөрийн номдоо урлагийн ертөнцийн хар бараан тал, гэр бүлийн асуудал, олон нийтээс ирсэн харгис шүүмжлэл, үүнээс улбаалан үүссэн насан туршийн сэтгэлийн шарх болон дуучин Жастин Тимберлейк тэргүүтэй хуучин хайртуудынхаа талаар ний нуугүй өгүүлж чадсан нь түүний энэ их амжилтад нөлөөлсөн болов уу.
Тэгвэл Universal Pictures компани The Woman in Me номоос сэдэвлэн бүрэн хэмжээний кино бүтээхээр болсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Киноны найруулагчаар Crazy Rich Asians, In The Heights болон удахгүй нээлтээ хийх гэж буй Wicked бүтээлүүдийг найруулсан Жон М.Чү ажиллахаар болсон ба продюсерын үүрэгт La La Land киноны багт ажиллаж байсан Марк Платт томилогджээ. Иймд үзэгчид тус бүтээлийг мюзикл жанрын кино болж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Түүнчлэн олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа зүйлсийн нэг бол мэдээж дүрийн сонголт юм. Одоогоор киноны нээлтийн тов болон албан ёсны жүжигчид зарлагдаагүй байгаа ч үзэгчдийн дунд Сидни Суини, Сабрина Карпентер, Флоренс Пью, Маделин Клайн, Милли Бобби Браун зэрэг алдартнууд Бритни Спирсийн дүрд тохирох хамгийн боломжит хүмүүсийн нэгээр дурдагдаж байгаа аж. Харин Бритни Спирсийн хуучин туслах, түүний дотнын найзуудын нэг Фелисиа Кулотта Бритни Спирсийн дүрийг American Horror Story, Scream Queens зэрэг цувралуудаараа алдартай жүжигчин Эмма Робертс хамгийн төгс бүтээж чадна хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн тэрээр өөрийнхөө дүрд жүжигчин Дрю Бэрриморыг, Жастин Тимберлейкийн дүрд жүжигчин Тимоти Шаламег тоглуулах хүсэлтэй байгаа гэдгээ TMZ сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт