#BuroCrush: Холливүүдийн "шинэ хаан" Жейкоб Элорди
Алдарт Элвис Преслигийн гэргий асан Присцилла Преслигийн тухай өгүүлэх “Priscilla”, сошиал орчинд тэсрэлт хийж “галзуу” гэж тодорхойлогдоод буй “Saltburn”, 76 дахь Канны наадамд нээлтээ хийн үзэгчдийг уяраагаад амжсан “The Sweet East” бүтээлүүд бүгд кино шүүмжлэгчдээс сайшаал хүртэж Rotten Tomatoes вэбсайтаас “fresh” буюу 70%-иас дээш үнэлгээг авсан. Тэгвэл тус бүтээлүүдэд гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин Жейкоб Элорди жүжиглэлтээрээ бусдыг гайхшируулахын зэрэгцээ эршүүд төрх, өндөр нуруулаг биеэрээ охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг булаагаад байгаа билээ.
Тиймээс энэ удаагийн #BuroCrush-аар бид холливүүдийн “шинэ хаан” гэгдээд буй жүжигчин Жейкоб Элордиг онцолж байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.
Ерөнхий мэдээлэл:
Нэр: Жейкоб Элорди
Төрсөн он, сар, өдөр: 1997.06.26 (26 настай)
Орд: Мэлхий
Өндөр: 196 см
Instagram: @jacobelordi
Тэрээр анх 19 насандаа Австралиас Лос-Анжелес хотод жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн ганцаараа ирж байжээ. Ийнхүү тэрээр олны хэсэгт жижиг дүр бүтээхийн зэрэгцээ тоолж барамгүй их дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг. Эцэст нь түүнд Netflix-ийн “The Kissing Booth” кинонд Ноагийн дүрд тоглох боломж олдсон юм. Харамсалтай нь тус бүтээлээс хойш түүнд ямар ч киноны санал ирээгүй төдийгүй тэрээр жүжиглэхээ болихоор эрс шийдсэн байлаа. Дансандаа 400 ам.доллар хүрэх үгүйтэй мөнгөтэй тэрээр машиндаа хоног төөрүүлдэг байв. Эцэст нь Жейкоб сүүлийн удаа хэмээн “Euphoria” цувралын шалгаруулалтад орсон ч шүүгчдийн өмнө сандарч, хэд хэдэн удаа үгээ мартаж бараг л бүтэлгүйтэхээ шахсан гэдэг. Гэвч түүнийг аз ивээж тус цувралын Нэйтийн дүрд сонгогдож чадсан юм.
Жейкобын хамгийн дуртай кино бол нэрт найруулагч Кристофер Ноланы найруулсан “The Dark Knight Trilogy”. Түүнчлэн тэрээр тус кинонд Жокерын дүрийг гайхалтай бүтээж чадсан жүжигчин агсан Хит Леджерийн үнэнч шүтэн бишрэгч ба Жейкоб түүний тоглосон бүтээлүүдийг нь давтан үзэж, жүжиглэлтээс нь суралцдаг байсан ажээ. Сонирхолтой нь 2022 онд үзэгчдийн хүртээл болсон “The Batman” киноны дүрийн шалгаруулалтад оролцох санал Жейкобд ирсэн ч тэрээр шууд л татгалзаж байв. Тэрээр энэ талаараа “Надад санал тавих үед би шууд л ‘Үгүй ээ, баярлалаа. Надад хэтэрхий ахадсан дүр. Мөн миний хувьд дэндүү хүнд, хар бараан тусах байх’ гээд татгалзсан” хэмээжээ.
Жейкобыг карьерынхаа эхлэлийг тавихад нөлөөлсөн анхны кино бол "The Kissing Booth". Гэвч тэрээр тус кинонд тоглохдоо тийм ч дуртай байгаагүй гэдгээ "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр "Би 'The Kissing Booth'-д тоглохоосоо өмнө ийм төрлийн кинонд хэзээ ч тоглохгүй гэж боддог байсан. Иймэрхүү жанрын кинонууд нийтэд зориулагдаагүй юм шиг санагддаг. Зүгээр л инээдтэй кино гэх юм уу даа" хэмээн ажил хэрэгтэй байсан учраас л дүр бүтээсэн гэж тайлбарлажээ.
Түүний уг хариултад хамтран тоглосон жүжигчин Жой Кинг сэтгэл дундуур байгаа гэдгээ хуваалцаж "Хэн нэгэн тоглосон бүтээлийнхээ талаар ингэж боддог гэдгийг мэдэх харамсалтай байна. Хэн ч, юу гэж ч хэлсэн би тус бүтээлд тоглож байх үедээ маш хөгжилтэй, сайхан цаг хугацааг өнгөрүүлсэн" гэсэн бол жүжигчин Тейлор Захар Перез "Түүнийг тэгж мэдэрсэн гэж бодохоор бага зэрэг ичгэвтэр санагдаж байна. Зураг авалтын үеэр бид бүгд үнэхээр гайхалтай туршлага хуримтлуулсан" хэмээн урам хугарсан талаараа хуваалцсан байна.
Түүний жүжиглэх чадвараас гадна загварын мэдрэмж нь олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд байгаа юм. Зөвхөн улаан хивс, шагнал гардуулах ёслолоор тогтохгүй Жейкобын өдөр тутмын хувцаслалт нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн харцыг булаагаад амжжээ.
Тэрээр ихэвчлэн винтэж малгай, пастель өнгө бүхий тейлор хийцтэй шоорт ба нэхмэл цамц, төрөл бүрийн свитерийг oversized футболкатай хослуулан загварчилж тухтай хэр нь цэмцгэр төрхийг бүрдүүлэн өмсдөг. Түүнлчэн Жейкоб ретро классик, "old school" хэв маягтай пүүзнүүдийг үргэлж сонгодог гэдгийг түүний хувцаслалтаас харах боломжтой.
Харин Жейкоб арга хэмжээ, нэвтрүүлэг, томоохон ёслолуудад оролцохдоо жентльмен, романтик эрэгтэйн дүр төрхийг бүрдүүлэхдээ гаргууд нэгэн. Түүний Jimmy Kimmel-ийн шоунд өмссөн Hugo Boss ордны улаан хүрэн хослол, Tiffany & Co. брэндийн шинэ салбарын нээлтэд уригдахдаа өмссөн Valentino-гийн цэнхэр сорочка цамц нь одоо ч яригдсаар байдаг. Жейкобын энгийн хэр нь эрхэмсэг хувцаслалтыг анзаарсан хүмүүс түүнийг " 'Bridgerton' цувралд яг тохирох нэгэн" хэмээн тодорхойлоод байгаа гэнэ.
Карьерынхаа эхэн үед Жейкоб "The Kissing Booth" кинонд хамтран тоглосон жүжигчин Жой Кингтэй үерхэж байсан. Жой Кинг түүнтэй өнгөрүүлсэн үеэ маш гэгээлэг, нандин хэмээн тодорхойлж байсан бөгөөд хосууд нэг жил гаруй хугацаанд үерхээд хоёр тийш болсон юм.
Үүний дараагаар Жейкоб "Euphoria" цувралд хамтран тоглосон жүжигчин Зендеятай болзож буй зураг ил болж улмаар тэдний нэгнээ үнсэж, хөтлөлцөж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа мөч олон нийтийг гайхшируулаад амжсан. Тэд уг асуудалд ямар нэгэн тайлбар өгч байгаагүй ч Жейкоб 2019 онд өгсөн ярилцлагадаа "Зендея яг л миний эгч шиг хүн. Хамт ажиллахад үнэхээр гайхалтай, биширмээр нэгэн" хэмээж байжээ. Ийнхүү 2020 онд Жейкоб модель Кайа Гербертэй үерхэж байгаа гэдгээ зарласан ч 2021 оны эхээр салсан юм.
Харин 2022 онд Жейкоб YouTube сувгаараа алдартай инфлюенсэр Оливия Жэйдтэй болзож байгаа гэдгээ мэдэгдэж харилцаагаа ил болгож байжээ. Хосууд одоог хүртэл үерхэж байгаа юм.
Жейкобын хувьд ирэх жилүүд ч мөн адил завгүй атлаа амжилттай болж өнгөрөх төлөвтэй байна. Тэрээр өөрийгөө олон жанрын кино, шинэлэг дүрүүдэд сорьж үзэхээр шийдсэн бололтой. Ердөө хэдхэн хоногийн өмнө л гэхэд Жейкобын тоглосон "He Went That Way" бүтээл нээлтээ хийсэн. Тус киног 1960 онд олон нийтийг аймшигт автуулж байсан цуврал алуурчин Ларри Ли Рэйнсийн хэргээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Жейкоб аймшигт алуурчны дүрийг чадварлагаар амилуулсан байна. Түүнчлэн Жейкобын жүжигчин Ума Турман, Ричард Гир нартай хамтран тоглосон "Oh, Canada" кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм.
Цаашлаад ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Frankenstein" киноны шинэчилсэн хувилбарт Жейкоб мангасын дүрийг бүтээхээр болсон. Тус дүрд анх жүжигчин Эндрю Гарфилд тоглохоор сонгогдсон байсан ч цагийн хуваарь таараагүй улмаас татгалзсан билээ.
Мөн үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа төслүүдийн нэг бол мэдээж "Euphoria". Тус цувралын зураг авалт энэ оны зургаадугаар сард эхлэх төлөвтэй байгаа ба 2025 онд бид Нэйтийн дүрээр дахин Жейкоб Элордитой уулзах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт