Найруулагчийн өнцгөөс
Залуу хүнийг зорилго нь тодорхойлж, хийж бүтээсэн бүхэн нь улам хөгжүүлдэг. Шинэ үеийн кино найруулагчдын түүчээнд яваа Б.Чингүүний уран бүтээл, бодол санаанаас ч энэ нь тод харагдана. Бид түүнтэй монголын кино урлагийн хөгжлийн талаар болон хамгийн сүүлд хийсэн "Өртөө" киноных нь талаар ярилцлаа
Кино найруулагч Б.Чингүүний ярилцлагыг үзэхийн өмнө түүний хүүхэд насыг, анх кинонд дурлаж эхэлсэн цаг үеийг нь эхлээд сонирхууштай. Тэр 14 насандаа Америк руу оюутан солилцоогоор, 15 залуутай хамт явснаар багадаа кино үзэх дуртай байсан хүүгийн түүх илүү өрнөлтэйгээр эхэлжээ. Б.Чингүүнийг анх Аризонад буухад хүлээж авах айл тухайн үедээ байгаагүй ч удалгүй түүнийг "Universal" студи рүү дагуулан очих хүн гарч ирсэн байна. Аварга том кино павилонд хөлхөх жүжигчид, туслах ажилтнууд, зураглаачид гээд кино ертөнцөд дурласан тэрээр кино ертөнцөд үүрд үлдэнэ гэдгээ тэгэхэд л шийдэж, 2007 онд Бээжинд кино найруулагчийн мэргэжил эзэмшжээ.
Б.Чингүүн Улаанбаатарт эргэн ирээд "Амьдралын амт", "Зүрхэнд гэрэлтэх од" зэрэг киногоор гараагаа эхэлж, дараа нь "Анхны болзоо" гэх богино хэмжээний кино хийснээр олны анхаарлыг татаж чадсан. Тэр үед хүмүүс богино хэмжээний киног зөвхөн үздэг байснаас биш өөрөө гардан хийж, бодит бүтээл болгосон нь ховор байлаа. Ингээд тэрээр кино найруулагч болох замдаа хийсэн бүтээлүүдийнхээ тухай, Канны кино наадамд зочилж, Өмнөд Африкийн "Сайн итгэлтийн хошуу" хүртэл явж амьдрал, уран бүтээлийн эрэл хайгуул хийсэн замналын тухай өгүүлснийг танд хүргэе.
Кинонд дурлагч хүн бүрийн анхаарал сая нэг хэсэг Францын Канн хот руу хандлаа. Харин хүмүүст Оскар болон Канны кино наадамд оролцдог бүтээлүүдийн талаар өөр, өөрийн гэсэн ондоо бодол байдаг. Та тэнд очиж, уур амьсгалыг нь мэдэрч байсан хүний хувьд Европын кино илүү урлаглаг гэдэгтэй санал нэгдэх үү?
Би UBS телевизийн найруулагч байхдаа тэнд сурвалжлагаар очиж байсан л даа. Оскар бол Америкийн кино зах зээл дэх шилдэг кино бүтээлүүдэд шагнал гардуулах ёслол бол Канн илүү өргөн хүрээнд, олон улсыг хамардагаараа ялгардаг. Канн хот тэр чигээрээ киногоор амьсгалж, хаа сайгүй л кино гарч байдаг. Оскарт нэр дэвшиж байгаа кинонуудын тухай мэдээллийг бараг хүн бүр л мэддэг. Харин Каннд танилцуулагддаг 200 орчим киноны тухай нарийвчлан судалж байж л мэдэж авна. Миний хувьд энэ хоёр наадамд оролцдог кинонуудын аль, алийг нь үздэг. Илүү урлаглаг чиглэлийн кино сонирхдог маань сүүлд хийсэн "Өртөө" кинонд маань харагдаж байгаа. Үүнээс гадна зах зээлийнхээ дагуу арилжааны киног мэдээж орхиж болохгүй.
Тэгвэл та ямар төрлийн кинонууд хийх хүсэлтэй байдаг юм бэ?
Ер нь сэдэв маш чухал. Өвөрмөц зохиол, сэдэвтэй бүтээл би сонирхдог. Харин киноны тоо олон байх нь тийм ч ач холбогдолтой биш. Тэгэхээр үлдэцтэй, эргээд үеийн үед дурсагдах тийм кино хийхийг хүсч байна. Тэр кино нь ямар ч төрлөөр байсан хамаагүй. Мөн түүхэн, том дайн, тулаан үзүүлсэн кино ч хийхийг хүсдэг. Утга, уянгын , сэтгэлд хоногшиж үлдэх гэдэг дээр л миний бүтээлүүд төвлөрөх байх.
Утга, уянгын кино бүтээхэд нэг хүндрэлтэй зүйл нь шинэ, сайн жүжигчний олдоц юм болов уу гэж би боддог. Та өөрийнхөө кинонд тоглуулах жүжигчдээ хэрхэн сонгодог вэ?
Энэ тун хэцүү асуудал л даа. Миний хувьд мэдрэмжээрээ л сонгодог. Жүжигчний ур чадварыг харна, зохиолоо бичиж байхдаа дүрээ нүдэндээ төсөөлж, хэн нэгнээр орлуулж үзэн, тэр хүнээ тархиндаа зурж, зүрхэндээ сийлж байгаад л зохиолдоо оруулдаг. Мэдээж шийдвэр гаргах хэцүү үед зөвлөхтэйгээ ярилцана. Эсвэл урьдчилсан зураг авалт авдаг ч юм уу.
Нэг удаа алдавч дараа нь түүнийгээ засах гэж хичээсээр хүмүүс алхам тутамдаа хөгжиж байгаа.
Монгол жүжигчид олон кинонд тоглодог болохоор ч тэр үү заримдаа ерөөсөө хувирахгүй байгаа юм шиг санагддаг. Өөрт чинь ер нь ийм асуудал тулгарч байв уу?
Хэрэв тийм үе тохиолдвол бусад найруулагчийнхаа хамтаар жүжигчинтэйгээ ярилцдаг. Жишээ нь сая "Өртөө" кинонд тоглосон Б.Хуланд маань ийм асуудал тохиолдсон. Б.Хулан дөнгөж нэг киноы зураг авалтыг дуусгаад л манай кинонд шууд орсон. Жүжигчин хүн эрэлт хэрэгцээтэй байна гэдэг нь маш чухал. Тэгэхдээ аливаа бүтээлийн дараа завсарлага, зааг гарахгүй болохоор шинэ дүрдээ ажиллаж амжихгүй байх нь бий. Тиймээс өнөөх л "Хулан"-г гаргахгүй, эвдэх гэж бид хамтраад ажилласан.
Манай кино урлагийг нэг талаараа хөгжиж байгаа гэж хардаг ч нөгөө өнцгөөс дорвитой сайжирч чадахгүй байна гэдэг. Жишээ нь танд монгол киноны дуу оруулалт ямар санагддаг вэ? Ихэнхи кино хиймэл, амьдрал дээр байдаггүй хүүрнэл яриатай байдаг. Яагаад зүгээр л хүмүүс ярилцаж байгаа юм шиг байж болдоггүй юм бол?
Хөгжихгүй байна гэж хэлж болохгүй. Мэдээж урагшаа явсаар л байгаа. Олон саад бэрхшээл, давааг бид давж байж дэлхийн тавцанд хүрэх болно шүү дээ. Шүүмж гарах шалтгаан нь киноны нэг салбар хөгживч, нөгөө салбар нь дээшилж чадахгүй байгаад л оршдог. Тиймээс бүгдээрээ зэрэг хөгжих нь хамгийн чухал. Монгол кинонд дуу, шуумны асуудал үеийн үед байсаар ирсэн. Баланс нь ихэдчихсэн байх эсвэл чихэнд чийртэй байгаа зэрэг нь техник, технологийн асуудал юм. Мөн ихэнх боловсон хүчин маань сургуульд ерөнхий онолоо үзэж, харин туршлагыг жинхэнэ кино хийх явцдаа олж авдаг. Нэг удаа алдавч дараа нь түүнийгээ засах гэж хичээсээр хүмүүс алхам тутамдаа хөгжиж байгаа.
Тэгэхээр кино салбарт ажиллаж байгаа олонх уран бүтээлчид нийтээрээ сайжирч, өөлөх юмгүй кинонууд гардаг болох цаг хэр ойрхон байгаа бол?
Өнөөгийн кинонуудыг харвал арван жилийн өмнөхөөс эрс сайжирсан шүү дээ. Зураг авалт, өнцөг гэх мэт зүйлс хөгжсөөр байгаа. Дээр нь орлон тоглогч, график, тулаантай хэсгийн найруулга гээд олон ахиц бий. Яг хэзээ Холливүүд шиг болох вэ гэвэл үүнд дахиад 10, 20 жилийн хугацаа ч хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан бид хэзээ нэгэн цагт тэр цэгт хүрнэ. Хүрэхийн тулд боловсон хүчнээ л сайн бэлтгэх хэрэгтэй. Техникийг бол мөнгө байх юм бол авч чадна.
Өөрийн чинь онцлог болсон богино хэмжээний киногоо цаашид үргэлжлүүлэх үү? Эсвэл бүрэн хэмжээний киногоор дагнах сонирхолтой байна уу?
Аль, аль нь амттай. Хоёулаа л адилхан бүтээл юм. Богино хэмжээний кино бол тухайн найруулагчийн өөрийн гэсэн өнгө, төрхийг илтгэх нэрийн хуудас. Дээр нь олон улсын наадмуудад оролцож өөрийгөө сорих, алдаагаа харах, нээх боломжуудыг өгдөг. Ерөнхийдөө бол богино хэмжээний кино мөнгө олох зорилготой биш, харин өөрийгөө нээх эрмэлзэл байдаг. Мэдээж бүх л салбартаа ажиллаж, олон ангит сериал кино хийсэн ч нэг ангийг нь бие даасан уран бүтээл шиг хийх хэрэгтэй гэж боддог.
Зохиол дээрээ та өөрөө төвлөрч ажилладаг уу? "Өртөө" киноноос харахад хүний сайн муу тал, бурхан чөтгөр хоёр шиг байгаа үгүй нь мэдэгдэхгүй хэрнээ хүмүүст янз бүрээр нөлөөлөөд байдаг хүчин зүйлс гээд олон санааг нэг дор оруулж өгсөн байсан. Бас хошин, сэтгэл сэргээм хэсгүүд ч олон харагдсан. Зохиолоо яаж гаргасан бэ?
Зохиол дээр гурван хүн ажилласан. Анх би санаагаа хөгжүүлж, Э.Нямдулам гэдэг хүнээр редакторлуулсан. Жүжигчин Д.Бямбацогт ах хоёрдугаар найруулагчаар ажилласан ба бид хоёр ширээний ард суугаад кино зохиол болгосон.
Надад бол кино зохиолыг маш нарийн төлөвлөж хийсэн санагдсан. Төрх бүрдүүлэлт, хувцас бүрдүүлэлт, ерөнхий уур амьсгал нэг болж чадсан байсан.
Зураач аягүй чухал байсан. Дөрвөн зураач маань үүргээ сайн гүйцэтгэсэн.
Тэгэхдээ үнэнийг хэлэхэд зарим нэг дүрслэлүүд үе, үе "Энэ нэг тийм киноны хэсэгтэй адилхан юм гэх сэтгэгдэл төрүүлсэн. Жишээ нь "1408" кинонд хүн зочид буудлын нэг өрөөнд түгжигдчихээд гарч чадахгүй байх шиг өрнөл, галт тэрэг хурдтай явж буй дүрсэн дээр дуурьсах морин хийлийн аялгуу нийлээд Вонг Кар Вайн 2046-гийн жижиг хэсгийг санагдуулам ч юм шиг. Эсвэл Ханс Зиммерийн нүсэр, сүрлэг хөгжим шиг дууны найруулга орсон байсан гээд л. Киноныхоо дүр, дүрслэлийг гаргахдаа бүтээлч урам авч байсан, авсан ямар нэгэн зүйлс танд байсан уу?
Хүн мэдээ орох цагаасаа эхлээд л ертөнцтэй танилцахдаа дандаа хэн нэгний хийсэн, бүтээсэн зүйлийг харж явдаг. Тэдгээр зүйлс амьдралын туршлага болж бидний тархинд , далд ухамсарт суучихдаг. Ямар ч кино найруулагч бүтээлээ тэр л өөрийн хуримтлуулсан туршлагаасаа сэдэвлэж хийдэг. Магадгүй би хэдэн мянган кино үзсэн байгаа. Тэдний ямар нэгэн хэсгээс авч, өөрийнхөө бүтээлд тусгаж байгаа үгүйгээ мэдэхгүй ч үе байна. Харсаар байгаад дуртай болсон зүйлтэйгээ адилыг сонгосон ч байж болно. Чиний хэлдэг галт тэрэгтэй хэсгийг аваад үзэхэд тийм зураглалтай мянган кино бий. Жишээ нь хайр бол мөнхийн сэдэв. Бид хоёрыг ярьж байхад л нэг хайрын дуу төрж байгаа. Тэгвэл "Хайрыг ямар өнцгөөс нь харуулах вэ? Галт тэргэнд явж байгаад учирсан хоёрыг ямар маягаар үзүүлэх вэ, хэд дүгээр зуунд аваачих вэ, номонд оруулах уу, галт тэргээр явуулах уу" гэдэг энэ шийдэл нь өөрөө найруулагч, зохиолч хүний хийсвэр сэтгэлгээнээс шалтгаална.
Давтагдашгүй байх, өвөрмөц өөрийнхөөрөө байх нь чухал уу? Эсвэл гоё хийхэд л хангалттай юу?
Ер нь давтагдашгүй байх л хэрэгтэй. Сүүлийн үед гарч байгаа зарим монгол кинонууд гадаадад гараад хол явж чадахгүй. Тэгэхээр бид монголын кино урлагийн өөрийнх нь гарын үсэг болж чадах этник байдлаа тусгасан зүйл хэрэгтэй. Монгол ахуй өөрөө содон учраас үүнийг үзүүлж болно. Одоо жишээ нь "Атганд үлдсэн эрдэнэ" /Б.Чингүүн хоёрдугаар найруулагчаар ажилласан/кино шиг сэдэвтэй монголын кино гадаадын зах зээл дээр илүү явах магадлалтай.
Казакстанчууд кино салбартаа үүнийг маш их хийж байгаа бололтой. Манай жүжигчид ч олноороо оролцох болж. Хөршүүдэд маань бас том амбиц байх шиг.
Манай драмын олон жүжигчид Казакстан руу явж, олон дүр бүтээсэн. Казак кино мундагаас гадна тэд Холливүүд шиг Трансформерс адил буудалцаантай кино хийхгүй, казак ахуй, бахархлаа харуулна гэдгээ мэдэрсэн байна.
Кино урлаг өөрөө нийлмэл урлаг юм. Би кинотой харьцаж, үерхэж, дурлалцахдаа киног болон найруулагч гэсэн мэргэжлээ маш их хүндэлж, ҮЕИЙН ҮЕД тэр амбицдаа хөтлөгдөж амьдрах болно.
Таныг кино ертөнцөөс өөр илэрхийлэх зүйлс гэвэл та юуг хэлэх вэ?
Би аялах дуртай. Сахарын цөлд очих, Египтэд хөл тавих хүсэлтэй. Өмнө би Африкийн урд хэсэгт, Мадагаскарын зэргэлдээх Маврик улс руу очиж байсан. Завиар явж байхад тэнгэрийн хаяанд Мадагаскарын эрэг харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл онцгой ховор зүйлсэд их татагддаг. Энэ хүслээрээ ч юм уу Африкийн ядуусын дүүргийн гүнд хүртэл зураглаачтайгаа хамт очиж байсан. Тэнд бараг л гадаа бие, биенийгээ буудаж орхидог газар. Хөгжимний хувьд их сургуульд орох хүртлээ рок, амьд хөгжим сонсдог байсан бол одоо Bee Gees зэрэг хуучны хөгжим, киноны хөгжмүүд зэрэг аялгуулаг хөгжим илүү таашааж байгаа.
Танаас асуухад сонирхолтой болов уу? Та зурагт үзэж амждаг уу, үзэхээрээ юу үздэг вэ?
Бараг л амжихгүй байгаа. Хааяадаа нэг орой гэртээ үзэхдээ ихэвчлэн Юнивишнээр кино үздэг. Өдөр тутмын мэдээ ер нь харах ч гэлээ Discovery сувгийн баримтат кинонууд, эсвэл Bloomberg-ийн амжилтанд хүрсэн бизнесмэний түүх, онгоцны ослууд, хил дээр гарч байгаа гэмт хэргүүд, гадаадын шоронд сууж байгаа хүмүүс гээд л тиймэрхүү нэвтрүүлэгүүдэд дуртай.
Таны хэлсэнчлэн бид үнэхээр олон мянган кино үзсэн. Таны хувьд сэтгэлд чинь маш тод үлдсэн ямар дуртай кино байдаг вэ? Мөн цаашид өөрийнхөө киног хэрхэн тийм болгож хөгжүүлнэ гэж боддог вэ?
"Амьд үлдэгсэд" гэх ерээд оны сүүл үед телевизээр гарч байсан кино бий. Чилийн хил дээр осолдсон онгоцонд зорчиж явсан уулчид амьд үлдэхийн тулд сүүлдээ бүрлээчдийнхээ махаар хооллох болдог ба сүүлд нь цөөн хэдэн хүн л аврагдаж чаддаг. Саяхан би энэ киног гэнэт санаад эргүүлэн олж үзэхэд бичлэгийн чанар нь одоогийнхоос өөр, муу байсан ч төрүүлж буй мэдрэмж нь анх үзэхэд ямар байсан яг л тийм хүчтэй байсан. Тийм ч учраас би өөрийнхөө бүтээлийг бас "Хуучрах тусмаа үнэ цэнэ нь нэмэгдэх" бүтээл байгаасай гэж хүсдэг.
Кино урлаг өөрөө нийлмэл урлаг юм. Би кинотой харьцаж, үерхэж, дурлалцахдаа кино урлагийг болон найруулагч мэргэжлээ хүндэлж, үеийн үед тэр амбицдаа хөтлөгдөж амьдрах болно. Өнөөдөр хөгжимчид, жүжигчид гээд бараг толгойтой бүхэн кино хийх гэж байна. Заримдаа нэг хүн өөрөө зургаа ч аваад, эвлүүлгээ ч хийгээд явдаг. Мэдээж энэ бол зах зээлээсээ шалтгаалж, хэмнэлт хийх гэсэн манай онцлог. Тэгэхдээ хэрвээ уран бүтээлч бүрийн хийх ажил тусдаа, тэдгээр нь мэргэжлийн хүмүүсээс бүрдвэл илүү мэргэжлийн болж, хүнд хүрэх мэдрэжмийг илүү сайн өгч чадна. Тэр утгаараа би хийсэн кино бүрээ богино, бүрэн хэмжээний гэж ялгахгүй багаар ажилладаг. Хүсвэл би зургаа авч чадна. Тэгэхдээ уран бүтээлийнхээ гол найруулга талаас нь зохиол дээрээ ажиллаж, жүжигчидтэйгээ тулах нь илүү үр дүнтэй гэж боддог.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт