Менендезийн ах дүүсийн тухай аймшигт түүхийг өгүүлэх Monsters цувралын трейлер цацагдлаа

Цуврал алуурчин Жеффри Дамерын тухай бодит түүхийг өгүүлэх Dahmer -Monster: The Jeffrey Dahmer Story цуврал 2022 онд Netflix платформын дэлгэцнээ цацагдаж, тухайн үедээ нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгож байсан билээ. Аймшигт алуурчны бага нас, сэтгэлзүйн асуудлууд, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан гээд түүний амьдралд тохиолдсон бүхий л зүйлсийг харуулсан тус цуврал нь Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлүүдийн эгнээнд нэгдэж, гол дүрийг бүтээсэн жүжигчин Эван Петерс 80 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадмаас тус дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан түүхтэй. Тэгвэл тус бүтээлийн хоёрдугаар бүлэг болох Monsters: The Lyle and Erik Menendez Story цуврал тун удахгүй үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. 

Цувралын хоёрдугаар бүлэг дээр эцэг эхээ хэрцгийгээр буудаж хөнөөсөн ах дүүс болох Лайл Менендез, Эрик Менендез нарын тухай өгүүлэх юм. Хүмүүс тэднийг Менендезийн ах дүүс гэдгээр нь сайн мэдэх бөгөөд тэдний аймшигт атлаа өрөвдөлтэй түүх, шүүх хуралд орж байх үеийн үйл явц одоо ч олон нийтийн дунд халуун сэдэв хэвээр буй.

Тухайлбал 1989 онд тэдний эцэг эх зочны өрөөндөө буудуулж нас барсан байдалтай олджээ. Харин ах дүүс тухайн үед гэртээ байгаагүй хэмээн худал мэдүүлэг өгсөн боловч удалгүй баригдсан түүхтэй. Ийнхүү тэд шүүх хуралд орж байх үедээ эцэг эх нь хэрхэн тэднийг олон жилийн турш хүчирхийлж, зовоодог байсан тухай ярьсан төдийгүй аав нь тэдэнд тогтмол бэлгийн хүчирхийлэл үйлдэж, ээж нь хүүхдүүддээ тохиолдож байгаа аймшигт зүйлсийг мэддэг ч туслахыг хүсдэггүй байсан тухай дурдсан байдаг. Улмаар хөвгүүд эцгийнхээ бусармаг явдлыг илчилнэ гэхэд аав нь тэднийг ална гэж сүрдүүлэн, бие болон бэлгийн хүчирхийллээ үргэлжлүүлэн үйлдсээр байсан учир эцэг эхээ хөнөөсөн хэмээн мэдүүлжээ. Гэвч шүүхээс хөвгүүдийг эцэг эхийнхээ хөрөнгөд шунаж, тус аллагыг үйлдсэн гэж үзсэн бөгөөд эрэгтэй хүн бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг байж боломгүй, худал зүйл хэмээн дурдсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байв. Эцэст нь Менендезийн ах дүүст тэнсэн суллах нөхцөлгүйгээр бүх насаар нь хорих хатуу ял оноосон билээ. 

Monsters: The Lyle and Erik Menendez Story цуврал есдүгээр сарын 19-нд цацагдах бөгөөд Менендезийн ах дүүсийн дүрд Николас Чавес, Купер Кох нар тогложээ. Харин тэдний аавын дүрийг чадварлаг жүжигчин Хавьер Бардем бүтээсэн нь үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм. 

Э.Цовоо

2024-09-09, 14:37