Нью-Йорк хотод “Game of Thrones” цувралын 8-р улирлын нээлт болж өнгөрлөө

Гол дүрийн бүх жүжигчид нэг дор цуглан улаан хивсэн дээр гарлаа

"Game of Thrones" цувралын хамгийн сүүлчийн буюу 8-р улирлын дэлхийн нээлт болоход 10-хан хоног үлдсэн байгааг ойлгох үед баярлаад барамгүй ч юм шиг, нөгөөтээгүүр цуврал ийнхүү өндөрлөж байгааг ухааран гунигт автам ч юм шиг сэтгэл маш ихэд хөдөлж байгаа эдгээр өдрүүдэд үзэгчид бид бүхэлдээ Game of Thrones-оор амьсгалж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй болно. Харин биднийг цувралын шинэ трейлер, промо зураг, жүжигчдийн ярилцлага зэрэг шинэ мэдээлэл бүрийг тэсэн ядан хүлээж, сүүлчийн улиралд үйлдэл хэрхэн өрнөх талаар төрөл бүрийн таамаг дэвшүүлж байх зуур Нью-Йорк хотод цөөн хэдэн азтай хүн цувралын урьдчилсан нээлтэд оролцон 8-р улирлын эхний ангийг үзээд амжжээ.

 

Тодруулбал HBO телевиз сүүлчийн улирлын урьдчилсан нээлтийг Нью-Йорк хотын Radio City Music Hall төвд зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулан цувралын бүх гол дүрийн жүжигчид нэг дор цуглан улаан хивснээ алхсан байна. Эмилия Кларк, Софи Тернер, Мэйси Уильямс, Питер Динклэйж, Шон Бин, Натали Дормер, Жейсон Момоа гээд цувралын өмнөх улирлуудад амь үрэгдсэн болон одоо хүртэл амьд байгаа жүжигчид, бүр зохиолч Жорж Р.Р. Мартин гээд ер нь л цувралтай холбоотой бүх гол хүмүүс энд цугласан байлаа. Харин арга хэмжээний оргил үед 8-р улирлын эхний анги дэлгэцнээ гарахаас өмнө тайзан дээр Арья ба Санса нар дүрдээ хувирсан байдлаар гарч ирэн үзэгчдэд үзсэн зүйлсээ нууц болгон хадгалахыг сануулж "Ам алдсан тохиолдолд таныг Чигчий Хурууны хувь тавилан хүлээж байгаа шүү" хэмээн хошигножээ. Тиймээс харамсалтай нь бид одоогоор ямар ч спойлер олж мэдэх боломжгүй ба дөрөвдүгээр сарын 14-ний нээлтийг хүлээхээс өөр сонголтгүй үлдлээ.

Юутай ч нээлтийн арга хэмжээ хэрхэн болж өнгөрсөн мөн бидний хайртай жүжигчид улаан хивснээ зориулан ямар төрх бүрдүүлснийг хамтдаа харцгаая.

 

Ө.Тодгэрэл

2019-04-04, 11:00