Оскар авч чадаагүй "азгүй" жүжигчид

Энэ жил авах болов уу

Х.Батсүх

Би энэ удаа уншигчиддаа зориулж монголын орчин үеийн кинонуудын шүүмж бичих төлөвлөгөөтэй байсан ч энэ долоо хоногт түр азнаж, Оскарын тухай дахин нэг бичих хэрэгтэй гэж үзлээ

Оскар дөхөж байгаа учраас сүүлийн арвандөрөв хоногт нээлтээ хийсэн кинонууд, тэдний тухай шүүмжлэгчдийн хэлсэн байр суурийг сонирхоцгооё. Эндээс харахад шилдэг эрэгтэй жүжигчний шагналын эзэн тодруулах номинаци хамгийн өрсөлдөөнтэй байх нь. Бас нэг асуулт. Сүүлийн 20 жилийн турш Холливүүдийн дэлгэцнээ ноёлж, хамгийн үнэтэй гэрээ хийж, шилдэг гэсэн ангилалд багтдаг мөртлөө алтадсан баримлыг өргөж амжаагүй яваа хэдэн жүжигчид бий. Тэд яагаад одоог хүртэл энэ шагналыг хүртэж чадаагүй вэ? Мэдээж та жагсаалтыг тэргүүлэгч Леонардо Ди Каприог аль хэдийнэ саначихсан байгаа биз ээ.

Леонардо Ди Каприо

Лео анх 1993 онд "What's Eating Gilbert Grapes" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрийн төрөлд Оскарт нэр дэвшсэн юм. Ди Каприо энэ кинонд үнэхээр гайхалтай жүжиглэлтийг хийсэн ч харамсалтай нь тухайн жил Оскарын эзнээр "The Fugitive" кинонд бүтээсэн дүрээрээ Томи Ли Жонес тодорсон. Гэхдээ өрсөлдөөн үнэхээр ширүүн байсныг санах ёстой. Тэр жил Леогоос гадна, Ралф Фийнес "Schindler's List"-д бүтээсэн дүрээрээ шилдэг туслах дүрд нэр дэвшиж байлаа. Асуудалд бодитой хандах юм бол 19 настай жүжигчин залууд киноноос гадна, театрын салбарт хүртэл нэрээ мөнхөлсөн гайхалтай жүжигчдийн эсрэг өрсөлдөхөд арай л жулдаж байсан цаг юм.

Леонардо 11 жилийн дараа 2005 онд "The Aviator" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг гол дүрийн төрөлд анх удаа нэр дэвшлээ. Кино компани нь энэ төрөлд маш их анхаарал хандуулж, Леогийн төлөө хангалттай их сурталчилгаа явуулж, дүрийн судалгааг ч Лео өөрөө тун гайхалтай хийсэн. Тэр бүү хэл дүрдээ орохын тулд "OCD"-тай /аливаад хэт автаж, айх нэг төрлийн өвчин/ хүртэл болсон байгаа юм. Гэхдээ л санал хураахад Жеми Фокс "Ray" киноны гол дүрээр Оскар гардсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг даван гарч, америкийн "R&B" хөгжмийн шинэ хуудсыг нээсэн, хар тамхины хорт зуршлаас өөрийгөө татан гаргаж чадсан, дээрээс нь хайрт дүүгээ алдсанаас хойш сохорсон гээд гайхамшигт амьдарлын үнэн түүхийг үзүүлсэн киноны гол дүр Леогоос хамаагүй илүү байсан юм. Жеми Фокс домогт Рэй Чарлесын дүрийг бүтээхийн тулд бүтэн сар нүдээ боож амьдарсан гэдэг.

Леогийн Оскарын төлөөх гурав дах дайралт 2007 онд бүтээгдсэн "Blood Diamond" кино. Өмнөд Африкчуудын ярианы аялгыг Лео гурван сарын хугацаанд сурсан. Харин шилдэгийг зарлахад Форест Витакер "The Last King of Scotland" киноны дүрээрээ хүртсэн юм. Та нар Леог Витакерээс илүү байсан гэж бодож байна уу? Би хувьдаа үгүй гэж хэлнэ. Нэр хүндийн хувьд Леогийн жинхэнэ оргил үе байсан ч ид залуу насандаа Европ тивийн шилдэг найруулагчидтай хамтран ажиллаж, Каннд хүртэл түрүүлээд үзсэн Витакер тухайн жилийн илүү сайн жүжигчин нь байсан. Нөгөө талаас кинонууд ч том ялгааг гаргасан юм. Африк тивийн сонгодог дарангуйлагч, Уганда улсын мөнхийн ерөнхийлөгч Иди Амины намтар, түүний амьдралын хэв маяг Леогийн хууль бус алмаазны наймаачны дүрийн дэргэд дэндүү том байлаа.

За ингээд, 2014 онд "The Wolf of Wall Street" кинонд Лео дахин нэр дэвшлээ. Нэр дэвшихээс нь өмнө бараг дэлхий тэр чигээрээ Леог дэмжиж байлаа. Гэхдээ тэр дахиад л хүсэн хүлээсэн шагналаа хүртэж чадаагүй. Леог энэ удаад үнэхээр луйвардсан гэж үү? Хариулт тун энгийн. Мэттью МакКонахи "Dallas Buyers Club" дээр солиотой байсан. Жүжиглэлтийн хувьд ч Леогоос хамаагүй илүү гарсан. Хайрын киноны дэл сул дүрд тоглож залуу насаа өнгөрөөсөн Мэттью МакКонахи жүжигчний хувиар асар том тэсрэлтийг хийсэн нь түүнд Оскарыг хүртэхэд хангалттай шалтаг болсон юм.
Леогийн хувьд тун энгийн. Тэр сайн жүжигчин, гэхдээ жоохон азгүй. Түүнд өөрөөс нь илүү өрсөлдөгчид тохиож байлаа.

Жонни Депп

Тэр дараа жилийн Оскарт нэр дэвших боломж байгаа. Түүний Оскарын аялал 2004 онд "Pirates of The Caribbean" кинонд тоглосноор эхэлсэн билээ. 2004 оны гол дүрийн өрсөлдөөн тийм ч хүчтэй байгаагүй. Гол дүрийн өрсөлдөөн Билл Мюррэй, Шон Пенн нарын дунд өрнөж, Шон Пенн "Mystic River" кинонд бүтээсэн дүрээрээ түрүүлсэн юм. 2005 онд "Finding Neverland" киноны дүрээрээ Шилдэг гол дүрд Депп дахин нэр дэвшсэн ч гол өрсөлдөөнөөс арай хол байлаа. Мэдээж бүгд Леогийн тухай ярьж, харин бид сая дээр уншсаны дагуу ялагч нь Жеми Фокс байсан. 2008 онд "Sweeny Todd" дүрээрээ Депп дахин нэр дэвшсэн. Магадгүй энэ дүр Деппийн одоо хүртэл хийсэн кареарын хамгийн онцлох дүр ч байж мэдэх юм. Гэхдээ өрсөлдөгч нь дэндүү чанга байлаа. Даниел Дэй Льюисийн бүтээсэн "There Will Be Blood" киноны жүжиглэлтийг одоо мэргэжлийн кино сургуулийн хөтөлбөрт суулгасан гэдгийг дурдах хэрэгтэй.

Вилл Смит

Вилл Смитэд сайн цаг байсан ч бас тааруухан он жилүүд ч бий. Гэхдээ "Ali", "The Pursuit of Happiness" бол түүний оргил жилүүд юм. Уг хоёр киногоор Оскарын шилдэг гол дүрд нэр дэвшсэн билээ. Эхний жилдээ Вилл Смит Дензел Вашингтоны "Training Day"-тэй өрсөлдсөн бол дараагийн удаад Форест Витакерийг давах ёстой байсан билээ. 

Том Круз

Том Круз нийт гурван удаа нэр дэвшсэн (1 туслах дүр, 2 гол дүр). 1980-1990-ээд онд түүн шиг том од ховор байсныг дурдах ёстой байх. Гэхдээ түүнд шилдэг эрэгтэй жүжигчин болох боломж тун бага байсан юм. "Born on the Fourth of July", "Jerry Maguire" кинонуудын дүрээр  тэр 1990, 97 онд тус тус нэр дэвшсэн ч Жеофри Раш "Rush", Даниел Дэй Льюис "There Will Be Blood" нарын тоглосон кинонууд тухайн жилүүдэд түрүүлсэн. Аль аль нь Оскарын түүхэн дэх хамгийн шилдэг жүжиглэлтүүд гэж нэрлэгддэг. 2000 онд "Magnolia" кинонд бүтээсэн дүрээрээ туслах дүр төрөлд нэр дэвшсэн. Энэ нь магадгүй түүний Оскарт хамгийн ойртсон тохиолдол болов уу? Харамсалтай нь ойрын хэдэн жил дэлгэцэнд харагдаагүй Майкл Кэйн тухайн жил түрүүлсэн ба мэдээж маш их хэл ам үүссэн юм. Зарим нэг хүмүүс Том Крузыг 2000 онд түрүүлж чадаагүйг түүний шүтлэгтэй холбон тайлбарладаг.

Брэд Питт

Жагсаалтын хамгийн сүүлд Брэд Питт орж байна. Гэхдээ бусдыгаа бодвол тэрээр "12 Years a Slave" киноны продюсерээр Оскар өргөөд үзчихсэн билээ. Харин жүжигчний хувиар "Twelve Monkey" киноны туслах дүр, "The Curious Case of Benjamin Button" болон "Moneyball" киноны гол дүрүүдээр тэр нэр дэвшиж байлаа. Гэхдээ тэр бүр аймшигтай өрсөлдөгчид таарсан юм. "Twelve Monkeys"-ийн эсрэг Кэвин Спэйси "Usual Suspect" киногоор өрсөлдсөн ба  үзэж амжаагүй уншигчид байвал заавал үзэх хэрэгтэй киноны нэг гэдгийг хэлмээр байна. Энэ киног дуурайх гэсэн олон оролдлого Холливүүдэд хийж байлаа. Брэд Питтийн хоёр дах "Curious Case of Benjamin Button" -ы эсрэг Шон Пенн "Milk" кино өрсөлдсөн. Шон Пенн энэхүү кинонд америкийн ижил хүйстнүүдийн бэлэг тэмдэг болсон Кастро гудамжны/дэлхийн ижил хүйстнүүдийн нийслэл гэгддэг/ амбан захирагч хочтой Милкийн дүрийг бүтээсэн юм. Харин сүүлийн "Moneyball" кино нь XXI зууны хамгийн гайхалтай кино болох Жан Дужардины амилуулсан "The Artist" кинотой тулсан билээ.

За ингээд гол хүмүүсийг дурдлаа. Гэхдээ эдгээр жүжигчдэд Оскарын эзэн болох боломж одоо ч байгаа. Домогт Ал Пачино гэхэд анхны Оскараа 1993 онд хүртэж байсан бол Пол Нюман 1956 онд, 37 насандаа анх удаа нэр дэвшээд, 1986 онд анхны Оскараа хүртэж байсныг санах хэрэгтэй. Тодруулж хэлэхэд Оскар бол тухайн жилийн л шилдэгийг тодруулж буй шагнал юм.  Тиймээс чадвар бас бага зэрэг аз л хэрэгтэй.

 

Х.Батсүх

2015-11-11, 13:00