Шат дараалалтай тайлбар
Бюро 24/7-гийн кино булангийн нийтлэлч Х.Батсүх танд амжилттай кино бүтээлийн үргэлжлэл яагаад дампуурдагийг болон Холливүүдын гал тогоонд ямар үйл явдал өрнөж байдаг тухай өгүүлж байна
Та гарчигнаас эхлээд л миний юун тухай ярих гэснийг шууд ойлгосон байх. Гэхдээ энэ нь бүх киноны хоёрдугаар анги муу гэсэн үг биш шүү. Дэлгэцийн урлагт бэлгэ тэмдэг болж чадсан агуу бүтээлүүдийн хоёрдугаар анги цувралынхаа хамгийн шилдэгээр үнэлэгдсэн тохиолдол маш олон бий. Харамсалтай нь сайнаасаа саар нь илүү олон юм уу? Саяхан амралтын өдрүүдээр би гэр бүлтэйгээ кино үзэхээр “Now You See Me 2”-ыг сонгон үзсэн бөгөөд киноны зарим нэг хэсэгт нь унтаж, төгсгөлд нь эхлэлээ санахгүй хэмжээнд уйдсан юм. Бид ихэвчлэн киног үзэж дууссаны дараа тухайн бүтээлийг ярилцдаг ч энэ удаагийн сэдэв маань кино руу бус харин ерөнхийдөө муу болсон хоёрдугаар ангиудын тухай болж хувирлаа. Ингээд би та бүхэнд ерөнхийд нь кино цувралууд болоод түүний хоёрдугаар ангийн тухай, эдгээр кинонууд хэрхэн бүтдэг болохыг зах зээл талаас нь бичиж хүргэхээр шийдлээ!
1. Холливүүдын санхүү
"Холливүүдын санхүү" гэх энэ нэршил ба бизнес модел дэлхийн кино зах зээлийн ерөнхий дүр төрхийг илэрхийлдэг юм. Кино бизнесийг энгийнээр тайлбарлахад "Зохиолч-продюсер-студи-дистрибютор-театр" гэсэн дараалалтай явагддаг. Бидний кино болгоны эхэнд хардаг "Universal pictures", "XX fox" зэрэг кино компаниуд нь кинонд голчлон дистрибюторын байр суурьтай оролцдог бөгөөд бэлэн болсон киног тодорхой хэмжээнд үнэлэн худалдан авах, хувь эзэмшин түгээх зэрэг нарийн үйл ажиллагаануудыг эрхэлдэг.
Үзэгчид театр дахь орлого ба киноны ерөнхий зардал хоёрыг харьцуулж хараад киног ашигтай ажиллаж байна гэж дүгнэдэг. Тэгэхдээ энэ нь харьцангуй өрөөсгөл ойлголт юм. Учир нь нэг жилд хийгдсэн кинонуудын 70 хувь нь дампуурсан байдаг. Үзэгчдэд тайлагнадаг театрын орлогын 30-60 хувь нь кино театрын орлого болдог тул 1:1 гэсэн орлого олж буй нөхцөлд алдагдлаа нөхөх биш кино харин ч шууд дампуурч байгаа гэсэн үг юм. Үүн дээр нэмээд киноны роялти болон татварын дараах ашигаас хуваалцах гэрээнүүд, дистрибютор компаний захирлууд болон менежерүүдийн бонус гэж хуваагдсаар ерөнхий ашигийн 30 орчим хувь нь л цэвэр ашиг болж үлддэг байна. Зарим тохиолдолд энэ ашиг бүр бага гарсан жишээ ч бий. Тухайлбал "Оддын дайн" цувралын 1983 онд хийгдсэн анги 32.5 сая долларын зардлаар бүтэж, театраас 475 сая доллар цуглуулсан ч кино ашигтай ажиллаж чадаагүй гэдэг. Өөр жишээ хэлэхэд "Миний Грек тарган хурим" киног зургаан сая доллараар бүтээж театраас 350 сая долларын ашиг олсон ч харамсалтай нь энэ бүтээл 20 сая долларын алдагдал хүлээсэн гээд бодохоор киноноос ашиг гаргана гэдэг тун амаргүй даваа юм.
Illustration by: Wren McDonald
2. Зураг авалтын өмнө
Нэгэнт эдгээр саад, тотгорыг давж, ашигтай ажиллаж чадсан кино шууд дараагийн ангийнхаа төсөл рүү шилжин ордог. Гэхдээ энэ зардлыг эхний ангийн зардлаас нөхөх ёстой. Сүүлийн үеийн жишээ гэхэд найруулагч Гулермо Дел Торогийн "Тамын хүү" цувралын хоёрдугаар анги шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ авч, үзэгчдэд ч тун их хүлээлт үүсгэж, кино ашигтай байж чадсан билээ. Гэвч киноны дараагийн ангийн төслийг эхлүүлэх зардал нь хүрэлцээгүйн улмаас цувралын гуравдугаар анги хийгдэхгүй найман жил гацаад байна. Эндээс нэг дүгнэлт хийж болох ба "Киноны эхний анги хэдий сайн боллоо ч дараагийн ангийн санхүүжилтыг (жүжигчдээс бусад зардал) өөрөө босгох учиртай".
3. Жүжигчдийн үнэлгээ
Том жүжигчидтэй, амжилттай явж буй кино төслүүдийг бүтээх өртөг аймшигтай том тоотой гардаг. Marvel-ын "Өшөө авагчид" цувралын нэг ангийг гэхэд л дор хаяж 200 сая доллар хол давсан зардлаар бүтээж дэлгэцэнд шилжүүлдэг байна. Харин энэ их зардлын 20-30 хувь нь кино бүтээх зардалд ноогдож, нийт зардлын 10-15 хувь нь киноны сурталчилгаанд зарцуулагддаг. Тэгэхээр үлдсэн 50-70 хувь нь зөвхөн жүжигчдийн цалин гэсэн үг юм. Дээр дурдсан "Өшөө авагчид" цувралаас жүжигчин Роберт Дауни Жуниор 40 орчим сая долларын цалин авдаг. Өөр нэг сонирхолтой жишээ хэлэхэд жүжигчин Кеану Ривз "Matrix" цувралын эхний ангийн компьютер граффикийг сайжруулахын төлөө өөрийнхөө авах цалингаас 18 сая доллар хасч байсан гэдэг.
Ер нь эхний анги амжилтанд хүрч, дараагийн ангийн төлөвлөгөө эхлэхэд жүжигчдийн цалин шууд өсч эхэлдэг. Зарим кинонууд цалин нь нэмэгдсэн гол дүрийн жүжигчинтэйгээ хамтрахаас татгалзаж, өөр жүжигчдэд дүрийг шилжүүлэх оролдлого хийсэн тохиолдол олон бий. Гэвч тэдгээр төслүүдийн олонх нь эхлэхээсээ өмнө дампуурдаг. Зарим нь яах вэ дэлгэцэнд гарч чаддаг ч харамсалтай нь үзэгчдийн хүлээлтийг давж чадалгүй дампуурдаг юм. Сүүл үед тохиолдсон нэг сонин жишээ татахад "50 Shades of Grey" кино эхний ангиа 40 сая долларын өртөгтэйгээр бүтээж 571 сая доллар театраас олж, цэвэр ашигаа 200 сая доллар хүргэж чадсан. Киноны хоёрдугаар ангийн төлөвлөгөө эхлэхэд гол дүрд тоглосон Жейми Дорнан "Өөрийнх нь тоглосон дүрд эхнэр нь сэтгэл хангалуун бус байгаа тул цаашид тоглох боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Мэдээж кино компани асуудалд нээлттэй хандаж, нөхрийн цалинг нэмснээр кино төсөл цаашаа үргэлжилсэн. Үүн дээрээс бас нэгэн сонин жишээ дурдахад Холливүүдад "Жүжигчдийн ашигт үйлийн коеффициент" гэх ойлголт байдаг бөгөөд тухайн жүжигчин төлж буй мөнгөн дүнг хэр буцаан өсгөж буйгаар АҮК нь хэмжигддэг. Энэ сонирхолтой тоо баримтыг жишээгээр танд тайлбарлахад, кино компанидаа хамгийн бага ашиг авчирдаг жүжигчдийн жагсаалтыг Жонни Депп 1.2, Дензел Вашингтон 1.4 үнэлгээгээр тэргүүлдэг. Гэтэл тэд хоёулаа олонд танигдсан нэр хүндтэй, сайн жүжигчид хэдий ч хэтэрхий өндөр цалинтай. Дээр нь тэдний сүүлийн жилүүдэд тоглосон кинонууд ээлж, дараалан дампуурч буйн улмаас тэд ийнхүү сүүл мушгих болжээ.
4. Зохиол
Хоёр битгий хэл түүнээс олон анги гаргачихсан амжилттай кино хэдэн арваараа л байна. Тэгвэл энэ ялгаа юундаа байгаагийн гол учир нь зохиолд оршдог юм. Эх зохиолыг дэлгэцэнд бус уншигчдад зориулан бичээд, амжилтанд хүрснийх нь дараа кино болгодог үзэгдэл Холливүүдад бараг уламжлал болжээ. Гэхдээ үргэлж ийм байгаагүй л дээ. Энэ маягаар амжилтын оргилд хүрсэн анхны зохиол бол "Загалмайлсан эцэг" цуврал юм. Сүүлийн 20 жилд техникийн хэт хөгжлийн нөлөөгөөр компьютер граффик өндөр түвшинд хүрч, кино дэлгэцэнд бүх зүйлсийг хийсвэрээр бүтээж чаддаг болсноор зөгнөлт зохиолууд Холливүүдын хаалгыг цөм өшиглөн орж ирсэн билээ. Ж.Р.Р.Толкины "Бөгжний Эзэн", Жоан Роулингийн "Харри Поттер" гээд л уртаас урт үргэлжлэх эдгээр зохиолууд дотор "Twilight" цуврал ч багтана. Ийм төрлийн зохиолууд өөрсдийн олон сая уншигч, фенүүдээ шууд л үзэгчдийн эгнээнд шилжүүлдэг учраас шинэ төсөл санаачлахаас хамаагүй эрсдэл багатай. Тэгээд ч төслийн төлөвлөлт нь олон жил үргэлжлэх тул жүжигчдээсээ бусад асуудал тун энгийн хүрээнд шийдэгдэнэ. Ганц асуудал нь үзэгчид нь дэндүү "голомтгой" байх магадлалтай. Тэд эх зохиолын энийг ч ингэж хийсэнгүй, тэр хэсгийг ч баллачихлаа гэх зэргээр шүүмжлэл хөвөрч өгдөг. Үүнээс болж дампуурсан кино төсөл ч бий. Тухайлбал Харрисон Форд, Эйса Баттерфилд нарыг тоглуулсан "Ender`s Game" кино нээлтээ хийгээд л шууд дампуурсан бөгөөд эх зохиолынх нь фенүүд кинонд асар сэтгэл дундуур байсан. Тэд киног үзэхгүй байх аян санаачилж, тэр ч бүү хэл хөрөнгө босгох кроудфандинг сайтад киног дахин хийх зардлыг цуглуулах хөдөлгөөн хүртэл өрнүүлээд амжсан байгаа.
Кино зохиолын ертөнцөд өөр нэг шинэ хандлага гараад байна. Гурван жилийн өмнөөс видео тоглоомын зах зээл кино зах зээлээс илүү том болж, эргэлдэх мөнгөн дүн, шүтэн бишрэгчдийнх нь тоо асар хурдацтай нэмэгдэж эхэлсэн. Тиймээс видео тоглоомон дээр суурилсан киноны тоо асар хурдтай олширч байна. Хүмүүс энэ үзэгдлийг "Холливүүд санаагүй болсон" гэж егөөдөж тодорхойлдог боловч үнэн хэрэгтээ ердөөсөө тийм биш билээ. Тэр олон фенүүдэд зориулж кино хийх нь сурталчилгаа, PR талаасаа хамаагүй дөхөмтэй байх бөгөөд дээр хэлсэнчлэн дампуурах эрсдэл харьцангуй бага. Тэгвэл эх зохиол анхнаасаа номон дээр тулгуурлаагүй бол яах вэ? Асуудал тун хөгжилтэй байх нь мэдээж бөгөөд зохиолч, найруулагч, продьюсер гурав нэг санаан дээр тултал ажиллах хэрэг гарна. Гэхдээ хөрөнгө оруулагчид ийм төсөлд урт хугацаанд үргэлжлэнэ гэсэн цар хүрээгээр ханддаггүй. Тийм учраас кино төсөл санаачлагчид нэг ангид нилээд том сэдвийг оруулж, дүр бүтээлтнээс эхлээд бүх ажлаа багтаахаар төлөвлөдөг. Харин кино амжилтанд хүрч, хөрөнгө оруулагчид дараагийн ангийн асуудлыг сөхөх үед өнөөх анхны санаан дээр ажилласан багийн бүрэлдэхүүн аль хэдийнэ өөр төсөл рүү шилжчихсэн байдаг.
5. Кино баг
Кино бол олон хүний хамтын бүтээл. Сайн киног бүтээхэд найруулагч, зохиолчийн олон жилийн хөдөлмөр, ур ухаан шингэдэг билээ. Өнгөрсөн жил дэлгэцэнд гараад хэн бүхний анхаарлыг татсан "Mad Max- Fury Road" гэхэд л зохиол нь 1985 онд бичигдчихсэн байсан төсөл юм. Тэд сонгосон жүжигчдээ гурван удаа сольж, түмэн бэрхшээл туулсны эцэст дэлгэцэнд киногоо шилжүүлсэн. Харин нэг онцлог нь анхны амжилттай ангийг хийсэн баг цувралын үргэлжлэлд бүхлээрээ ажиллах тохиолдол бараг байдаггүй. Наад зах нь зураглаачдаас эхлээд тэд дараагийн өөр, өөр кино төсөлд хамрагдсан байдаг тул кино төслийн үргэлжлэл харагдах байдал, хийц талаасаа эхлээд үзэгчдийн хүлээлттэй сайн нийцэж өгдөггүй. Жүжигчид ч гэсэн гэрээний асуудалд байнга орно. Тэд хуучин багаараа ажиллахын тулд бусдыгаа хүлээж болох ч энэ хооронд ихэвчлэн үзэгчид эхний ангийг мартчихсан байдаг. Тэгээд л кино дампуурах замдаа шуудрах нь тэр.
6. Хийц
Зарим тохиолдолд киног амжилттай болгохын тулд хамаг сайн сайхнаа эхний анги руу шахсанаас болж хоёрдугаар анги шинэ содон зүйлсээр дулимаг болж, улмаар үзэгчдийг уйдааж орхино. Жишээ нь "Matrix" цувралыг хэлж болох юм. Тэдний эхний анги нь кино ертөнцөд жинхэнэ хувьсгал байлаа. Камерын эргэлт нь 360 хэмээр хэмжигдэж, бүтэн граффик байгуулалт бий болгосон гээд олон гайхамшгийг амилуулсан. Гэхдээ төслийн удирдагчид киноны нэр, зохиол хоёрыг өмчилдөг болохоос биш хийцийг бол хэзээ ч нэг хэвийн байлгаж чадахгүй шүү дээ. Шинэ кинонд дэвшүүлсэн санаа, хийцийг дараагийн өөр кинонууд шууд хөгжүүлээд явчихдаг. Харин эх киноны хоёрдугаар анги гарахад нөгөө гоёмсог зүйл маань ердөө л энгийн нэг зүйл болсон байх болно. Ингээд л кино дампуурна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт