Squid Game 2 цувралын жүжигчдийн хувийн амьдралын талаарх сонирхолтой баримтууд
Цацагдсан даруйдаа Netflix-ийг доргиож, нийгмийн сүлжээнд тренд болж чадсан Squid Game цувралын хоёрдугаар бүлэг цацагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн бүлэг дээр олон сонирхолтой үйл явдал өрнөж, үзэгч биднийг уйдах завгүй байлгаж, дэлгэцээс уяж чадсан. Тэр дундаа төсөлд шинээр нэмэгдсэн дүрүүд цувралыг улам үзүүштэй болгож өгөхийн зэрэгцээ олон нийтийн анхаарлын төвд ороод буй. Иймд бидний зүгээс Squid Game 2 цувралын чимэг болсон дүрүүдийг бүтээсэн жүжигчдийн хувийн амьдрал, карьерынх нь тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.
Ингээд дараагийн бүлгээ хүлээх зуур гол дүрийн жүжигчидтэй дэлгэрэнгүй танилцацгаая.
Нас: 54
Орд: Мэлхий
Өндөр: 178см
MBTI: ENTP
Instagram: @byunghun0712
Цувралын гол зангилаа болсон Front Man-ы дүрийг бүтээсэн И Бён Хүн нь 1991 онд кино урлагт хөл тавьж байсан ч зөвхөн жижиг, туслах дүрүүд бүтээж жүжигчний гараагаа эхэлж байжээ. Харин 2000 онд тэрээр Joint Security Area кинонд тоглож, олон нийтэд илүү сайн танигдаж чадсан бөгөөд цаашлаад All In, A Bittersweet Life, I Saw The Devil зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээж жүжиглэх чадвараа улам бататгаж харуулсан байна. Удалгүй И Бён Хүн Холливүүдын хараанд өртөж G.I. Joe: The Rise of Cobra, Terminator Genisys тэргүүтэй бүтээлүүдэд тоглож, улмаар карьер нь улам өндөрт ниссэн түүхтэй.
Сонирхуулахад, тун удахгүй түүний жүжигчин Сун Еэ Жинтэй хамтран тоглосон It Is What It Is нэртэй триллер жанрын бүтээл нээлтээ хийх гэж байгаа юм.
Харин түүний хувийн амьдралын хувьд тэрээр Boys Over Flowers, Comeback Mister зэрэг цувралуудаараа алдартай жүжигчин И Мин Жонтой 2013 онд хуримласан билээ. Хосууд нэг хүү, нэг охинтой бөгөөд тэд 2006 онд богино хугацаанд үерхэн салж, гурван жилийн дараа дахин уулзаж эхэлсэн аж. Мөн тэрээр All In цуврал дээр хамтран дүр бүтээж байсан жүжигчин Сун Хэг Ютай 2000 оны эхэн үеэр болзож байсан ч тэд 2004 онд хоёр тийш болж байжээ.
Нас: 52
Орд: Нум
Өндөр: 180см
MBTI: ENFP
Instagram: @from_jjlee
Тэрээр анх моделиор ажиллаж байсан хэдий ч зохиолч, найруулагчдын хараанд өртөж, 1993 онд Dinosaur Teacher хэмээх цувралд тоглон жүжигчний гараагаа эхлүүлж байжээ. Улмаар Жүн Жэ хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосны эцэст 1999 онд Өмнөд Солонгос улсын Оскар гэгддэг Blue Dragon шагнал гардуулах ёслолоос City of the Rising Sun киногоороо шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх хүндэт шагналыг хүртэж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм. Түүнчлэн Жүн Жэ телевизийн цувралд тоглохоосоо илүүтэй бүрэн хэмжээний уран бүтээлд дүр бүтээдэг гэдгээрээ алдартай нэгэн бөгөөд 2020 онд Squid Game цувралд тоглох саналыг хүлээн авч байсан нь тухайн үедээ олон нийтийн гайхширлыг төрүүлж байсан удаатай.
Тэрээр 2003-2006 оны хооронд жүжигчин Ким Мин Хитэй үерхэж байсан ч завгүй цагийн хуваариас үүдэн хоёр тийш болжээ. Одоогоор тэрээр Daesung группийн өв залгамжлагч Им Сэ Рёнтой үерхэж байгаа бөгөөд хосууд 2015 оноос эхлэн олон нийтэд нээлттэй болзож эхэлсэн байна.
Нас: 34
Орд: Загас
Өндөр: 182см
MBTI: ISFP
Squid Game цувралд хөгжилтэй, сэргэлэн зан чанартай Кан Дэ Хогийн дүрийг бүтээсэн жүжигчин Кан Хан Ыл нь дунд сургуульд байхдаа 100кг гаруй жинтэй хүүхэд байсан бөгөөд биеийн жингээсээ болоод үеийнхэндээ ихэд дээрэлхүүлж, гадуурхагддаг байж. Удалгүй тэрээр жингээ эрчимтэй хасаж, цаашлаад дуулах авьяасаа хөгжүүлэн 16 насандаа театрын жүжигчнээр дэбют хийж байжээ. Одоо тэрээр Өмнөд Солонгосын хамгийн чадварлаг, А зэрэглэлийн жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд When the Camellia Blooms, Moon Lovers: Scarlet Heart-Ryeo зэрэг бүтээлүүдээрээ алдартай.
Түүний хувийн амьдрал ихэд нууцлаг ба тэрээр карьерынхаа түүхэнд нэг ч бүсгүйтэй албан ёсоор үерхдэг хэмээн мэдэгдэж байгаагүй аж. Харин 2016 онд түүнийг дуучин, жүжигчин IU-тай болздог гэх мэдээлэл гарсан ч хоёр талаас сайн найзуудын харилцаатай хэмээн үгүйсгэж байжээ.
Нас: 23
Орд: Жинлүүр
Өндөр: 162см
MBTI: ISTP
Instagram: @zo_glasss
Жу Юү Ри нь шинэ охидын хамтлаг төрүүлэх үндсэн зорилготой Produce 48 хэмээх өрсөлдөөнт тэмцээнд оролцож анх олон нийтэд танигдаж байсан билээ. Тэрээр тус тэмцээнд үзэгчдийн саналаар гуравдугаар байранд орж Iz*One хэмээх охидын хамтлагт дэбют хийж чадсан ч хамтлаг 2021 онд албан ёсоор тарсан юм. Цаашлаад тэрээр өөрийн соло карьертаа илүү анхаарал хандуулж, 2021 онд анхны цомгоо гаргаж байсан бөгөөд одоогоор нийт хоёр цомог сонсогчдын хүртээл болгоод байгаа аж.
Харин Squid Game цуврал нь Юү Ригийн дүр бүтээсэн хамгийн анхны том төсөл гэнэ. Тэрээр багаасаа л жүжиглэх дуртай байсан учир дуучныхаа карьерыг хөөхийн зэрэгцээ маш олон дүрийн сонгон шалгаруулалтад оролцдог байжээ. Юү Ри энэ талаар "Би долоо хоногт дор хаяж хоёр удаа дүрийн сонгон шалгаруулалтад очдог байсан ч дандаа татгалзсан хариу авдаг байв. Тэднээс ганц л кинонд тоглох санал хүлээн авсан нь Squid Game 2 байсан" хэмээжээ.
Нас: 36
Орд: Нум
Өндөр: 168см
MBTI: INFJ
Instagram: @yim_siwang
Тэрээр 2010 онд ZE:A хэмээх хөвгүүдийн хамтлагт дэбют хийж урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Ийнхүү тэрээр 2012 онд Moon Embracing the Sun цувралд туслах дүр бүтээж өхөөрдөм, гэнэн цайлган төрхөөрөө үзэгчид болон найруулагчдын харааг булааж байсан гэдэг. Улмаар Ши Ван дуучны карьераасаа илүүтэй жүжиглэх чадвараа хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд жүжигчин И Бён Хүнтэй хамтран тоглосон Emergency Declaration бүтээлээрээ шилдэг эрэгтэй туслах дүр хэмээх шагналыг хэд хэдэн кино наадмаас хүртэж, жүжиглэх чадвараа бататгаж харуулсан байна.
Ши Ваныг дотнын хүмүүс болон хамтран ажилласан жүжигчид нь маш тогтуун, тайван, эелдэг зан чанартай гэж тодорхойлдог гэнэ. Харин чөлөөт цагаараа тэрээр ууланд аялах, хийл, гитар тоглох, найзуудтайгаа уулзаж сонирхолтой зүйлс хийх дуртай аж.
Нас: 31
Орд: Арслан
Өндөр: 168см
MBTI: ENFP
Instagram: @lavieenbluu
Тэрээр анх JYP энтертайнментад айдол болохоор бэлтгэгдэж байв. Удалгүй Гюү Ён 2016 онд дуучин Jo Kwon-ы Crosswalk хэмээх дууны видео клипэнд тоглож, мөн тухайн жилдээ Touching You хэмээх жижиг цувралд дүр бүтээж дэбютээ хийж байжээ. Ийнхүү тэрээр 2019 онд JYP энтертайнментаас албан ёсоор гарч Squid Game цувралын эхний бүлэгт дүр бүтээсэн Жун Ху Ёны харьяалагддаг агентлаг болох Saram энтертайнментад нэгдсэн түүхтэй.
Харин түүний карьерын оргил үе нь Netflix-ийн Celebrity хэмээх триллер жанрын цувралд гол дүр бүтээснээр эхэлсэн бөгөөд тэрээр тус дүрээрээ үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч чадсан юм.
Сонирхуулахад, 2025 оны дундуур түүний жүжигчин Им Ши Вантай хамтран дүр бүтээсэн Netflix-ийн Mantis хэмээх кино нээлтээ хийх бөгөөд Squid Game 2 цувралд дүр бүтээсэн жүжигчид дахин өөр төсөлд хамтарч буй нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд эхэлсэн байна.
Нас: 39
Орд: Хумх
Өндөр: 183см
MBTI: ISFJ
Instagram: @boxabum
Жүжигчин Пак Сун Хүн анх театрын жүжигчнээр дэбютээ хийжээ. Түүний урлагийн замнал болоод бага нас нь тийм ч дардан байгаагүй бөгөөд Сун Хүнийг ахлах ангид байхад нь аав нь ажлаа алдаж, улмаар гэр бүл нь хүнд нөхцөл байдалд орсон байна. Ийнхүү тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд маш олон цагийн ажил хийж, оройн цагаар театртаа хоноглодог байв. Сун Хүн энэ талаар Glory цувралд тоглосныхоо дараа ярьсан бөгөөд тэрээр "Цэрэгт байхад ээж маань баярын өдрүүдээр гэртээ ирээд хэрэггүй гэдэг байсан. Тэр 'Гэрт зөвхөн кимчи, ус л байна. Хүүгээ ирлээ гээд цайны мөнгө ч өгч чадахгүй нь' гээд өрөвдөлтэй нь аргагүй утсаа тасалдаг байлаа. Ээжтэйгээ ярьсны дараа би уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан" хэмээн сэтгэл өвтгөм түүхээ хуваалцаж байжээ.
Одоо тэрээр Өмнөд Солонгос улсын хамгийн эрэлттэй жүжигчдийн тоонд нэгдэж чадсан бөгөөд өнгөрсөн онд цацагдсан Queen of Tears цувралынхаа дүрээр үзэгчдийн дургүйг хүргээд амжсан ч Squid Game 2 цувралын Чу Хён Жүгийн дүрээр олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт