Тарантино, Жармуш, Альмодовар: 72 дах удаагийн Каннын кино наадмын онцлох 7 кино

2019 оны Каннын кино наадам

Каннын 72 дах удаагийн кино наадам эхэлснээр ойрын хэдэн сарын турш кино урлагийн ертөнцөд яригдах хамгийн сонирхолтой кинонууд Францын Номин эрэгт ирээд байна! Тэмцээний үндсэн хэсэг болон хөтөлбөрөөс гадуур олон сонирхолтой бүтээлүүд танилцуулагдаж байгаа бөгөөд бид тэдгээрээс шагнал авсан ч, аваагүй ч, заавал үзэх хэрэгтэй 7 киног онцлон танилцуулахаар шийдлээ. 

"The Dead Don't Die"

Найруулагч: Жим Жармуш

Жим Жармуш Каннын кино наадмын хамгийн арвин туршлагатай оролцогчдын нэг юм. Тэрээр ес дэх жилдээ Каннын кино наадамд бүтээлээ танилцуулж байна. Бүр зүгээр ч нэг танилцуулаад зогсохгүй түүний бүтээсэн "The Dead Don't Die" нэртэй зомбитой инээдмийн кино 72 дах удаагийн Каннын кино наадмыг нээсэн юм. Киноны үйл явдалд Центрвиль нэртэй зохиомол хотод гэнэт зомби апокалипсис нүүрлэснээр жижиг хотын цагдаа нар хамаг хүчээ дайчлан иргэдээ аврах хэрэг гардаг. Хэрэв танд кино зохиол таалагдахгүй бол жүжигчдийн баг гайхшруулах нь гарцаагүй. Тильда Суинтон, Клоуи Севиньи, Адам Драйвер, Билл Мюррэй, Стив Бушеми бүр Селена Гомес хүртэл байгаа.

"Rocketman"

Найруулагч: Декстер Флетчер

Сэр Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан кино. Кинонд алдарт дуучны карьерын эхэн үеэс эхлээд амжилтын оргил хүртэлх чухал мөчүүдийг харуулах болно. Залуу Элтон Жоны дүрд Тэрон Эжертон тоглосон бол түүний ихэнх дууны шүлгийг зохиосон Берни Топины дүрийг Жейми Белл бүтээжээ. Ямартаа ч өнгөрсөн жил үзэгчдийн дунд хит болсон "Bohemian Rhapsody" киноны амжилтаас үүдэн "Rocketman" энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэгт тооцогдож байгаа юм. Хэрэв Декстер Флетчер Queen хамтлагийн намтарчилсан киноны амжилтыг давтаж чадахгүй бол Англичууд түүнд гомдох болно.

"Pain and Glory"

Найруулагч: Педро Альмодовар

Кинематограф талаасаа энэхүү кино нь бараг л төгс бүтээл болсон гэж кино шүүмжлэгчид дүгнэсэн байгаа. Альмодовартай найм дах удаагаа хамтран ажиллаж байгаа Антонио Бандерас болон Пенелопа Крус нар ч чадварлаг жүжиглэлтийг үзүүлсэн гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Кино зохиолд нэгэн кино найруулагчийн (Бандерас) карьерын замнал, уран бүтээлийн хямрал, гэр бүлийнх нь нөлөө, нэр алдар гэх зэрэг олон сонирхолтой сэдвийг хөнджээ. 

"Too Old To Die Young"

Найруулагч: Николас Виндинг Рефн

Каннын кино наадмын тэмцээний хэсгээс гадуур Николас Виндинг Рефний бүтээсэн шинэ цувралын эхний хоёр ангийг үзүүлэх болно. Цувралд Оросын мафи, Японы якуза, Мексикийн картель зэргээс бүрдсэн Лос-Анжелес хотын гэмт хэргийн ертөнцийг харуулдаг. Цуврал Amazon Prime стриминг тавцан дээр зургаадугаар сарын 14-нд цацагдана.

"Once Upon a Time in Hollywood"

Найруулагч: Квентин Тарантино

Квентин Тарантиногийн ес дэх бүтээл болох "Once Upon a Time in Hollywood" кинонд бараг л "Avengers: Endgame" киноны гол баатруудаас дутахааргүй мөрөөдлийн баг бүрдсэн нь кино театрыг зорих хангалттай шалтгаан болно. Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Дакота Фэннинг гээд Холливүүдийн "А" зэрэглэлийн жүжигчид нэг дор цугларсан энэ кино нь 2019 оны хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэг юм. Үйл явдалд Холливүүдэд өөрсдийн гэсэн байр сууриа олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлэх бөгөөд үүний зэрэгцээ цуврал алуурчин Чарльз Мэнсоны хамгийн алдартай гэмт хэргийг үзүүлнэ. Кино шүүмжлэгчид "Once Upon a Time in Hollywood"-ыг Тарантиногийн шилдэг бүтээл болохгүй ч хамгийн "Тарантино стилийн" кино болсон гэдгийг онцолж байна.

"Frankie"

Найруулагч: Айра Сакс

Португали, Изабель Юппер, Мариса Томей, Брэндан Глисон. Инди киноны найруулагч Айра Сакс төгс кино бүтээх нууц жорыг олсон бололтой. Каннын кино наадамд анх удаа оролцож байгаа найруулагч энэхүү утга уянгын киногоор дамжуулан нэг гэр бүлийн гурван үеийн амьдралыг харуулахыг зорьжээ. Үйл явдалд гэр бүлийн гишүүд Португали улс руу амрахаар явдаг бөгөөд аяллын нэгэн өдөр тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх үйл явдал тохиолдоно.

"The Lighthouse"

Найруулагч: Роберт Игер

Санденс кино наадмаас үргэлж өндөр үнэлгээ авдаг найруулагч Роберт Игер "The Lighthouse" нэртэй хар-цагаан, уран зөгнөлт аймшгийн киногоо Каннын кино наадмын "Шүүмжлэгчдийн долоо хоног" хэсэгт танилцуулж байна. Далайн домгийн тухай өгүүлэх уг киноны гол дүрд Роберт Паттинсон, Уиллем Дефо нар тогложээ. Одоогийн байдлаар нийтлэгдээд байгаа шүүмжүүдээс харахад "The Lighthouse" киноноос Тарковский, Бергман болон дуугүй киноны нөлөөг олж харах боломжтой.

Buro.Mongolia

2019-05-16, 17:15