Хуримын зураг авалтын 2023 оны шинэ трендүүд
Гадаа дулаарч, газар дэлхий ногоорохтой зэрэгцэн хуримын сарууд эхэлдэг билээ. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлээд өвлийн эхэн сарын шинийн нэгэн хүртэл хот хөдөөгүй хурим найрт хөлчүүрхдэг билигт өдрүүд айсуй. Хуримаа хийхээр төлөвлөсөн хосуудын уртаас урт бэлтгэл ажлын жагсаалтын дээгүүрт бичигддэг чухал зүйл бол яах аргагүй хуримын зураг авалт. Зураг, түүх хоёр л үлддэг хорвоод хамгийн үзэсгэлэнтэй, онцгой хуримын зураг авхуулахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч хуримын зураг авалтын тоног төхөөрөмж, арга барил, хэв маяг, байршил хувьсан өөрчлөгдөхийн хэрээр жил тутам шинэ трендүүд бий болсоор байна. Тэгвэл энэ оны хуримын зураг авалтын шинэ хэв маяг юу болохыг хамтдаа харцгаая.
Манайхаар бол “натур зураг” гэж нэрлэгддэг хуримын өмнөх зураг авалтад маш олон давуу талууд байдаг. Наанадаж, хамтран ажиллах мэргэжлийн зурагчны тань мэдрэмж таныхтай огтлолцож байгаа эсэхийг шалгах таатай боломж юм. Мөн хосуудад ичингүйрлээсээ ангижирч, камертай харьцаж сурах дадлага болдог. Нөгөөтэйгөөр, зурагчны хувьд хуримлагч хостойгоо сайтар ойлголцож, чухал өдөр ирэхэд гэнэтийн зүйлсэд бэлэн байх бэлтгэл юм. Натур зургийг нүсэр гоёлтой, сүртэй поозтой авхуулдаг мода хоцрогдож, оронд нь энгийн хэр нь үнэн харагдахыг чухалчилдаг болжээ. Хосуудын харилцааны мөн чанарыг байгалийн үзэмж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулсан хуримын зургууд энэ жил шинээр хүч түрэн орж ирж байна.
Хуримын зураг бол хосуудын хайр сэтгэлийг гэрчлэх баримт нотолгоо юм. Тиймээс сүүлийн үеийн зураг авалтууд хуурамч төрх, дүр эсгэсэн кадруудаас татгалзах болжээ. Хосуудыг ямар ч пооз авах хэрэггүй гэж уриалах нь утгагүй ч ил тод, бодит “reportage style”-ийн зургууд амьдралын жинхэнэ баяр баяслыг мэдрүүлэх болно гэж мэргэжлийнхэн үзэж байна. Заавал номхон зогсоод ярзайтал инээсэн зураг байх албагүй шүү дээ. Аз жаргалын нулимс, гэнэтийн агшнууд, яруу тод атлаа хөнгөхөн гунигтай үеэ кадрт мөнхлөөрэй.
Зөөлөн, өнгөлөг, хөнгөн гэрлүүд, арын хана болон биеийн арьсыг шаргалтуулдаг жаргах нарны туяанаас илүү хуримын зургийг тань романтик харагдуулах ид шид үгүй. Зөөлөн урссан шугамууд, романтик хүрээ эсвэл филтер, тэгш хэмт хүрээнээс гажсан илэрхий анзаарагдахуйц деталиуд энэ оны онцлох трендээр тодроод байна.
Тийм ч онцгой биш ерөнхий зураглалтай харьцуулан хуримын нандин мөчийг тодотгодог энэхүү техник тун ч алдаршаад байгаа билээ. Ялангуяа дрон зураг авалт хүч түрэн орж ирсэн нь энэ төрлийн зургийг хаа ч байхгүй өвөрмөц авахад хүчтэй нөлөөлж байна.
Цомхон хурим байх тусмаа гоо зүйн нарийн мэдрэмжийг илэрхийлэм жижиг деталь хэсгүүдийг зураглах сайхан боломж олддог. Энэ бол мэргэжлийн зурагчдын хувьд амтат зууш л гэсэн үг. Харин нижгэр том хуримын хувьд, зочдын байр сууц, хуримын идээ шүүс, гоёмсог чимэглэл болон тансаг гоёо зэрэг өндөр үнэ өртөгтэй хэсгүүдийг камерын дуран олзолж, нижгэр хуримын сүр хүчийг харуулахыг зорьж байна.
Юмсын жинхэнэ мөн чанар, байгалиас заяасан унаган төрх байдлыг эрхэмлэх хандлага дэлхий даяар газар авсаар байна. Энэ чиг хандлага хуримын фото зурагт ч мөн халдварлажээ. Энэ онд гүн ногоон ойн өнгө, элсэн бор шаргал, бүдэг цэнхэр далайн өнгө зэрэг байгалийн аясыг илтгэх nude, beige эсвэл зөөлөн ягаан (peach tones) өнгөнүүд хуримын чимэглэл, цэцэг, сүйт бүсгүй болон гэрчүүдийн хувцаслалтад чухал байр суурь эзэлж байна.
Мөрөөдлийн хуримын даашинз, үнсгэлжингийнх мэт чамин өндөр өсгийт, цэвэрхэн атлаа нүд гялбам зүүсгэл гоёл, хүндэтгэлийн зоогийн жижиг чимэглэл бүрд анхаарлаа хандуулдаг сүйт бүсгүйчүүлд алдартай загварын сэтгүүлийн нүүр хуудаснаас гараад ирсэн мэт хээнцэр фото зургууд таалагдах нь лавтай. Амьдралын хэв маягийн тухай өгүүлэх сэтгүүлүүдэд тусгайлсан пооз аваагүй мэт атлаа цаанаа л нэг донжтой, өгүүлэмжтэй зургууд амилсан байдгийг санаарай.
Хувийн жижиг деталийг тодруулаад үлдсэн хэсгийг бүдгэрүүлэх, эсвэл зургийг тэр чигт нь хөнгөн сарниулах арга барил нь үлгэрийн мэт уран сайхны сэтгэгдлийг төрүүлдэг. Хожим хуримын зургийн фото альбомоо төрөлжүүлэн ангилах үед хамгийн их гоо зүйн таашаал мэдрүүлэх нандин хэсэг болно гэдэгт итгээрэй. Камерын дуранд нэг дор их зүйлс багтааж, юм бүхнийг тод томруун харуулах албагүй шүү дээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт