Мишель Пфайфферын BURO.-д өгсөн ярилцлага: "Кино үргэлж бодит амьдрал дээр болдог зүйлийг тусгаж харуулдаг"

Холливүүдийн жүжигчин бүсгүй өөрийн стиль ба эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлын талаар ярилаа

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн кино театруудаар Disney кино компанийн бүтээсэн "Maleficent: Mistress of Evil" кино нээлтээ хийсэн билээ. Энэ удаад Анжелина Жоли, Эль Фаннинг нараас гадна Мишель Пфайффер киноны гол дүрийг бүтээсэн байгаа. Холливүүдийн супер од Мишель Пфайффер Москва хотод өөрийн биеэр хүрэлцэн ирж, шинэ бүтээлээ танилцуулсан бөгөөд энэ үеэр BURO.-гийн хамт олонд түүнээс ярилцлага авах ховор завшаан тохиосон юм. Бид ярилцлагын үеэр түүний хувцаслалт, эмэгтэй хүний хүч чадал, Disney-н ёс зүйн шинэ баримтлалын талаар яриа өрнүүллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр та өөрийн хувцаслалтын хэв маягийн талаар ярьж байсан. Таныг хүмүүс хувцаслалтаар тань хэрхэн дүгнэхийг хүсдэг вэ? Сүүлийн 20-30 жилд таны стиль яаж өөрчлөгдсөн бэ?

Ер нь бол надад хослол өмсөх үнэхээр таалагддаг. Би удаан хугацааны турш хослол өмсөж байгаа. Заримдаа бүр эрэгтэй хослол өмсөх үе ч байдаг. Би хэт эмэгтэйлэг стилиэр хувцаслах тийм ч дуртай биш. Бас бусадтай яг адилхан харагдах дургүй. Би таны асуултад зөв хариулж чадсан уу?

Мэдээж. Гэхдээ би таны хувцаслах мэдрэмжийн талаар асуусан шүү дээ

Мэдэхгүй юм даа. Би биед эвтэйхэн хувцаслаж, өөртөө итгэлтэй байх дуртай. Ер нь би хар өнгийн хувцас ихэвчлэн өмсдөг.

Power dressing одоо ч чухал хэвээр байгаа ч жишээ нь "Basic Instinct" киноны үеэс маш их өөрчлөгдсөн. Одоо өөрийнхөө зан араншин болон тачаангуй байдлаа илүү олон янзаар илэрхийлж болох юм шиг санагддаг. Олон жилийн турш камерын өмнө амьдарсан хүний хувьд танд ч бас тэгж санагддаг уу?

Өнөөдөр бид тачаангуй, хүчирхэг байх тал дээр хэвшмэл ойлголтуудаас улам бүр холдож, хүмүүс өөрийгөө олон янзаар илэрхийлэх болсныг би харж байна. Хүчирхэг байдал өнөөдөр ямар нэг тодорхой хэлбэрээр харагдахаа больсон. Гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж, Jimmy Chоо-гийн туфли өмсөж, дур булаам харагддаг эмэгтэйчүүдтэй би учирч байсан. Миний хувьд өндөр өсгийтэй гутал дээр алхаж чаддаггүй болохоор өмсдөггүй. Гэхдээ надад харагдах байдал нь таалагддаг. Өдөр тутамдаа жийнс, хүрэм өмсдөг эмэгтэйчүүд ч бий. Хүн бүрт тохирсон универсал хувцаслалт гэж байхгүй. Тухайн хүний хувийн онцлогоос бүх зүйл шалтгаална.

Би дэлхий даяар маш олон өнгө, хэв маяг байгааг ажиглах болсон. Магадгүй өөрийгөө бүрэн илэрхийлэх орчин, нөхцөл нь бүрдсэн Лос-Анжелес хотод амьдардаг болохоор надад ингэж санагддаг байх. Гэхдээ Лос-Анжелесын стандартаар хэмжсэн ч дэлхий илүү эрх чөлөөтэй, хүлцэнгүй болсон гэж бодож байна. Мэдээж улс орны бусад хэсэгт дандаа ийм байдаггүйг би мэдэж байгаа ч Лос-Анжелест ийм зүйл тохиосон юм чинь улс орон даяар ямар нэгэн өөрчлөлт гарсан гэдэгт найдаж байна. Ил тод биш боловч өөрчлөлтүүд явагдаж л байгаа.

Disney кино компани нь "Maleficent" киногоор шинэ ёс суртахуун бий болгох зорилго өмнөө тавьсан юм шиг танд санагдсан уу? Ингэснээр дэлхийд ямар нэгэн өөрчлөлт гарах уу? Бид өөрсдийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх тал дээр ямар нэг өөрчлөлт хийж чадах болов уу?

Кино үргэлж бодит амьдрал дээр болдог зүйлийг тусгаж харуулдаг. Бас урлаг үргэлж амьдралыг хуулбарлаж, эргээд амьдрал ч урлагийг дуурайдаг гэдэгт би итгэдэг. "Maleficent" киноны түүх болон үзэл санаа нь гайхалтай. Эдгээр үлгэрүүд нь эх зохиолдоо үнэхээр хар бараан байсныг мартаж болохгүй. Мөн үлгэр бий болох шалтгаан болсон домог, ярианууд нь бүр ч хар бараан. Өнөөдөр бага зэрэг бараан түүхийг кино болгосноор бид шинэ зүйл хийгээгүй. Харин ч эсрэгээрээ бид илүү нарийн ёс суртахуунтай болгож, эх сурвалж руу нь буцааж байгаа. Өмнө нь эдгээр түүхүүд нь хүмүүст тухгүй мэдрэмж төрүүлдэг байсан учраас илүү хөнгөвчилж байсан гэх үү дээ. Тэгвэл өнөөдөр энэ нарийн, адармаатай ёс суртахуун нь дэлхийд улам бүр хэрэгтэй болж байна.

Эдгээр үлгэрүүд нь анхнаасаа хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд бага зэрэг жихүүдэс хүргэм зохиолтой байсан. Жишээ нь ээжийгээ алдсан хүүхдүүдийн тухай "Бэмби", "Дамбо" зэрэг үлгэрүүд нь үнэхээр гунигтай. Нэг талаасаа энэ нь тэднийг амьдралд дөнгөж хөл тавихад нь "амьдрал амар биш" хэмээн хэлж өгч байгаатай адил. Хараад байхад миний үеийнхэн хүүхдүүдээ их зөөлөн, хялбарчилсан системээр өсгөчихсөн. Энэ нь сайн зүйл гэж би баталгаатай хэлж чадахгүй.

"Maleficent" гэх зэрэг үлгэрүүд хүүхдүүдэд хэт адармаатай санагдахгүй гэж үү? Тэд амархан ойлгоно гэж та бодож байна уу?

Та энэ үлгэрүүдийг өөрийнхөөрөө л ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд ч мөн адил өөрсдийн хүлээж авч чадахаараа л ойлгоно.

Магадгүй бид хүүхдүүдэд зарим нэг зүйлийг хэлэхгүй байх ёстой юм болов уу?

Миний бодлоор тэдний мэдэхэд бэлэн биш байгаа зүйлийг нь хэлээд хэрэггүй гэж би бодож байна. Би хүүхдүүдийнхээ асуусан асуултад үргэлж хариулдаг. Гэхдээ тэдний үг болон үйлдлийг нь ажиглаж байгаад сонсоход бэлэн болсон асуултуудад нь л хариулдаг.

"Forget your perfect offering. There is a crack in everything. That's how the light gets in" (Төгс зүйл санал болгохоо март. Бүх зүйлд цууралт байдаг. Тэр завсраар л гэрэл орж ирдэг). Таны Instagram хуудасны тодорхойлолт дээр яагаад Леонард Коэны хэлсэн энэ үг байдаг вэ?

Би перфекционист хүн. Тиймээс ч би өөртөө үргэлж өндөр шаардлага тавьж, өөрөөсөө төгс байхыг хүсэж ирсэн. Гэхдээ энэ нь боломжгүй зүйл. Уран бүтээл дээрээ жишээ аваад үзэхэд алдаа дутагдал нь уран бүтээлийн үйл явцад гол түлхүүр мөчүүд болж өгдөг болохыг нас ахих тусам ойлгож авсан. Энэ алдаанууд нь таныг энгийн үед хэзээ ч хүргэхгүй газар хүргэдэг. Коэны энэ эшлэл яг үүний тухай л өгүүлээд байгаа юм. Надад энэ үргэлж их чухал санагддаг.

Buro.Mongolia

2019-10-23, 10:00

  • Зураг: