Бид түүний нууцыг тайллаа
Instagram олон нийтийн сүлжээ дэхь дэлхийн хамгийн их дагагчтай таван хүнийг жагсаавал нэгдүгээр байранд Селена Гомес ба түүний 122 сая дагагч, хоёрт Ариана Гранде (109 сая), гуравт Кристиано Рональдо (104 сая), дөрөвт Бейонсе (104 сая), харин тавд Тейлор Свифт (102 сая) бичигдэнэ. Сүүлийн дөрвөн хүн хоорондоо ердөө л 2-5 сая дагагчийн ялгаатай байгааг анзаарсан уу? Гэтэл Селена Гомес хоёрт бичигдсэн хүнээс 13 сая буюу Монгол ба Португал улсуудын нийт хүн амын нийлбэртэй тэнцэхүйц тоогоор "хол тасарсан" байгаа юм. Сүүлийн үед дуучин бүсгүй шинэ цомог гаргаж, хүн бүрийн дуртай уран бүтээлч The Weeknd-тэй хайр дурлалын холбоо тогтоож, Жастин Биберийг ор тас мартсан гээд олон сайхан мэдээтэй байгаа. Дэлхийн хүн бүрийн анхаарал Селена Гомес дээр байгаа энэ үед бид ч бас түүний тухай дэлгэрэнгүй сонирхохыг хүсэж, тэр дундаа түүний олон нийтийн сүлжээ дахь амжилтын нууцыг олж мэдэхийг зорьлоо. Дэлхий дээр маш олон тооны, төрөл бүрийн алдартнууд байхад хүмүүс яагаад Селена Гомесыг илүү их сонирхож, түүнийг Instagram-ын хатан хаанаар өргөмжлөх болов?
Үнэнийг хэлэхэд Селена Гомес бол дэлхийн хамгийн алдартай од биш. Түүнтэй харьцуулбал Бейонсе, Рианна эсвэл бүр Ким Кардашьяныг хавьгүй олон хүн мэддэг шүү дээ. Тэр мөн маш үзэсгэлэнтэй хэдий ч, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр шиг бодит бус, өөгүй төгс биетэй, эсвэл мэргэжилтнүүдийн тодотгосноор Эмбер Хёрд шиг хамгийн зөв пропорци бүхий царайтай биш юм. Түүгээр ч барахгүй Селена Кендалл (82 сая) эсвэл Жижи (34.8 сая) шиг загварын шүтээнээр өргөмжлөгдөөгүй. Тэр түүнчлэн Кайли Женнер (94.4 сая) шиг өдөр бүр нэгээс хоёр зураг нийтэлдэггүй. Үнэн хэрэгтээ Селена олон нийтийн сүлжээнд тийм ч идэвхтэй биш бөгөөд заримдаа бүр хэсэг хугацаагаар ор тас алга болох ч үе бий. Ингээд бодоход түүний Instagram дахь амжилт яг юунд оршиж буйг олж мэдэх сонирхол төрж байгаа биз?
Удаан эргэцүүлсний эцэст, мөн багагүй судалгаа хийсний үр дүнд бид дараах таамгийг дэвшүүлж байна. Селена Гомес бол хүн бүрд ойр санагддаг "бодит од" юм. Өөрөөр хэлбэл тэр үзэсгэлэнтэй нь үнэн ч, гоо сайхны процедураа ихдүүлсэн хиймэл, эсвэл хэзээ ч биелэшгүй мэт хэтэрхий үзэсгэлэнтэй биш юм. Тэр мөн өөлөх зүйлгүй галбиртай ч, хэтэрхий туранхай эсвэл хэтрүүлсэн тачаангуй биш. Тэр яг л бидний адил заримдаа жин нэмж, заримдаа хасдаг. Хамгийн гол нь Селена шүтэн бишрэгчидтэйгээ илэн далангүй байж, аливаа сэтгэлийн зовнилоо хуваалцахад бэлэн байдаг. Тэрээр сэтгэлийн хямралд орон, айдас түгшүүрт автсанаа мэдэгдэж, тоглолтоо хойшлуулж ч байсан удаатай юм.
Бид Селенаг "бодит од" хэмээн нэрлэсэн нь мөн түүний найрсаг зан чанартай салшгүй холбоотой. Тэр ярилцлага өгөх бүрдээ эерэг энерги цацруулж, үргэлж инээмсэглэж байдаг учир хүмүүст түүнтэй найзлах хүсэл төрдөг. Дуучны Instagram хуудсыг сонирхоод үзвэл тэр үргэлж маш энгийн, бодит байдлыг харуулсан зураг нийтэлдэг нь илт анзаарагдана. Тэр тансаг дарвуулт онгоцоор зугаалж буй, эсвэл хэтэрхий олон филтер ашигласан нугасны хушуутай селфи хийх нь тун ховор. Ерөнхийдөө бол тэр яг л бидний нэг гэлтэй үнэхээр бодит мэдрэмж төрүүлж чаддаг ховор оддын нэг юм.
Селена Гомесын Instagram олон нийтийн сүлжээнд гаргасан энэхүү амжилт нь орчин үеийн нийгмийн хандлагыг илэрхийлж байна. Бүх зүйл хэтэрхий хурдацтай хөгжиж, хийсвэр ба бодит орчны хязгаар үгүй болж байгаа энэ үед хүмүүс аль болох бодит мэдрэмж авч, онгон байгальд аялж, үр бүтээлтэй амьдрахыг хүсэж байна. Шинэ мянганыхан материаллаг эд зүйлс, эсвэл хиймэл гоо үзэсгэлэнд чухал ач холбогдол өгөхөө больсон. Өнөөдөр хүн бүр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй болж байгаа бөгөөд өөрийнхөөрөө амьдарч буй хүнийг эргүүлээд нийгэм ч бас хүндэлж байна.
Эцэст нь хэлэхэд Селена Гомесос суралцах зүйлс их бий. Магадгүй а) хэн нэгэнд таалагдах зорилгоор дүр эсгэхээ болих б) бусадтай бодит мэдрэмжээсээ хуваалцах в) хүвь хүнийг хүндлэн олон нийттэй найрсаг харьцах мөн г) бусдад эерэг энерги түгээх нь хүний хамгийн үнэлэгдэхүйц чанарууд юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт