Netflix дээрх "Blackpink: Light Up the Sky" кино хамтлагийн гишүүдийг хувь хүн талаас нь харууллаа
Бид Blackpink хамтлагийн гишүүдийн талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Дэлхийд алдартай К-поп охидын хамтлаг болох Blackpink-ийн талаарх сонирхолтой баримтат кино Netflix-ээр цацагдаад удаагүй байгаа билээ. Шинэхэн киног тэд шүтэн бишрэгчдэдээ зориулсан ба тайзны ард юу болдог, хэрхэн бэлтгэлээ хийдэг, өдийг хүртэл дэлхийн хэмжээний хамтлаг болтлоо юу туулж ирсэн болон гишүүн тус бүр ямар зан чанартай болох зэрэг өөрсдийгөө илүү хувь хүн талаас нь харуулснаараа онцлог болжээ. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн Blackpink-ийн ертөнцөд нэвтэрч, тэдний нэг болсон мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү баримтат кино нь шүтэн бишрэгчдэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа билээ. Хамтлагийн энэ их алдар нэр, амжилтын ард маш их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзэл, шаргуу зан чанар байдаг нь охидын өгсөн ярилцлагаас тодорхой харагдана.
Илүү дэлгэрүүлбэл, ердөө 14-15 настай охид Тайланд, Австрали, Шинэ Зеланд улсуудаас тус бүр Солонгос улсад дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан ирж, гэрийнхнээсээ тусдаа амьдрах болсон байна. Тэд 4-6 жилийн турш өдөр бүр дунджаар 14 цаг шаргуу бэлтгэл хийсний эцэст 2016 онд "YG Entertainment"-ийн доор Blackpink нэртэйгээр хамтлагийнхаа дебютийг хийж, гарч ирсэн даруйдаа 14 хоногийн дотор бүх чартуудыг "WHISTLE" дуугаараа тэргүүлж байсан билээ. Тухайн үед охид одоогийнх шигээ дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай хамтлаг болно гэж төсөөлж ч байгаагүй гэдгээ ярилцлагадаа дурдаж байлаа.
Розэ (Rose)
Австралид өссөн ба багаасаа гитар тоглож дуулах дуртай хүүхэд байсан. Мөн маш хичээнгүй, шаргуу зантай бөгөөд өглөөний 06:00 цаг хүртэл ч хамаагүй студидээ цагийг өнгөрөөдөг хөгжмийн хорхойтон нэгэн. Тэрээр хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй ба дуугаа зохиохдоо яг л хэлд орж буй хүүхэд шиг хөгжмөөрөө дотроо байгаа бүх зүйлээ илэрхийлэхийг хичээдэг талаараа ярьсан юм. Гэр бүлээсээ хол амьдарна гэж төсөөлж ч байгаагүй тэрээр Австралид амьдардаг гэрийнхнийгээ маш их санадаг хэмээн нулимс урсгаж байсан юм.
Женни (Jennie)
Солонгост төрж өссөн тэрээр 10-15 насандаа Шинэ Зеландад бусдын адил эгэл жирийн сурагч байжээ. Женни сургуулиа орхин Солонгост К-поп дуучин болохоор ирсэн бөгөөд бусад хүмүүс шиг 10 жилийн дурсамж гээд байх зүйл байхгүйдээ бага зэрэг харамсдаг талаар дурссан юм. Женни маш ичимхий нэгэн учраас өдийг хүртэл олон зүйлийг даван туулах шаардлагатай болсноо хэлж байлаа. Тайзан дээр хэзээд өөртөө итгэлтэй, эрч хүчээр дүүрэн, дүрэлзэж байдаг түүнийг ичимхий зантай нэгэн гэдгийг огтхон ч мэдээгүй биз дээ? Мөн тэрээр төгс төгөлдрийг эрэлхийлэгч бөгөөд бүжиг, дуу, үзүүлбэр гээд бүгдийг төгс байлгахыг хүсдэг юм байна.
Жисүү (Jisoo)
Тэрээр Солонгост төрж өссөн жинхэнэ Солонгос охин юм. Хамтлагийнхаа хамгийн ахмад нь бөгөөд одоо 25 настай. Тийм ч учраас бусдадаа аль болох санаа тавьж, илүү хариуцлагатай эгч байхыг хичээдэг тухайгаа дурдаж байв. Хамтлагийн продюсер нь түүнийг гүйлгээ ухаан сайтай, маш ухаалаг нэгэн бөгөөд өвдсөн ч өвдөөгүй мэт мэргэжлийн байж чаддаг асар их тэвчээртэй охин хэмээн магтаж байлаа. Сүүлийн хагас жилийн хугацаанд хамтлагийнхаа гишүүн Женнигээр Англи хэл заалган хэлээ сайжруулж байгаа гэнэ.
Лиза (Lisa)
Тайландад төрж өссөн ба багаасаа дуулж бүжиглэх дуртай нэгэн байжээ. Дууны болон бүжгийн тэмцээнд байнга оролцож, багаасаа нүүр хагарсан нь урлагийн хүн болоход нь их нөлөөлжээ. Түүний бүжиглэх ур чадвар, техник нь ер бусын сайн тул хамтлагийнхаа гол бүжигчин, бас реппэр юм. Түүний талаар хамтлагийн гишүүд нь хэлэхдээ үргэлж л бусдыгаа инээлгэж байдаг, өөдрөг нэгэн бөгөөд аливаа зүйлд эерэг сэтгэлгээгээр их тайван ханддагийг нь дурджээ.
Охид хамтлагийн дебютээ анх хийснээс хойш гуравхан жилийн дараа гэхэд л дэлхийг тойрсон аялан тоглолт хийх хэмжээний алдартай хамтлаг болжээ. Мөн хөгжмийн хамгийн том наадмуудын нэг болох "Coachella"-д 2019 онд оролцсон анхны Солонгос охидын хамтлаг болсон түүхтэй. Дуу бичлэгийн компаниас хамтлаг цаашид ямар дуу гаргахад нь маш их анхаарал хандуулж, цаг хугацаа зарцуулж, хянамгай сонгодог учраас бүх дуу нь тухайн цаг үеийнхээ хит болж, үзэгчдийг байлдан дагуулдаг гэнэ. Ингээд ч зогсохгүй дэлхийн хэмжээний алдартнууд болох Селена Гомес, Леди Гага, Cardi B, Дуа Липа нартай хамтарч дуунууд гаргасан нь бүгд шүтэн бишрэгчдийнх нь хамгийн дуртай бүтээлүүд болсон билээ.
Киноны сүүлийн хэсэгт охид ирээдүйд хаана очиж амьдрах мөрөөдөлтэй байгаа, одоогоос 20 жилийн дараа гэрлэсэн байх үгүйг, хүүхэдтэй болох эсэхийг яг л бидний нэгэн адил хоорондоо илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудалж байгаа нь үзэгчдэд илүү ойр, дотно мэдрэмж төрүүлнэ. Мөн хамгийн сүүлд гишүүд "маш том мөрөөдөлтэй бөгөөд түүнийгээ биелүүлэх чин хүсэл эрмэлзэл бий" гэдгээ онцлон хэлэх болно.
Дашрамд дурдахад тэдний шинэхэн цомог болох "The Album" энэ сард худалдаанд гарсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт