Бодьхүү ба түүний хөгжим юу өгүүлдэг вэ?

Бюрогийн уншигчдад Токио цомгоосоо хүргэж байна

DJ, продюсер Бодьхүү өөрийн тав дах шинэ LP цомгоо "Токио" нэрээр гаргаад байна. Тиймээс бид Бодьхүүгийн бүтээсэн аялгуулаг, сонсголонтой хөгжимний цаана юу агуулагдаж байдгийг асууж тодрууллаа

Хэрвээ бид Бодьхүүгийн анхны "Рио" цомог төрсөн түүхийг сөхөж үзвэл сонирхолтой дүр зураг харагдах болно. Үүний тулд эхлээд өргөгч цамхагны бүхээг дотор боса нова жазз сонсонгоо Улаанбаатарыг өндрөөс, мандах нарны гэрэлд бүхэлд нь харж буй залууг төсөөлөх хэрэгтэй. Өглөөний сэргэг уур амьсгал, хотын дүр зураг, боса нова хөгжим түүний сэтгэлийг хөдөлгөж Google-р "Рио" гэж хайхад хүргэжээ. Хайлтанд хамгийн эхэнд гарч ирсэн далайн эрэг дээрх жаргалтай хүмүүсийн зураг удалгүй "Рио" цомгийн нүүр болж хэвлэгдсэн юм.

Ландшафтны архитектор мэргэжилтэй Бодьхүү их уулсын орон Увс нутгаас хотод ирээд багагүй хугацаа өнгөрөөхдөө хөгжмийн ертөнцийн тухай өөрийн гэсэн баялаг ертөнцтэй болсон байлаа. Анх хип хоп, гангстер төрлийн хөгжим сонсож, тэдгээр дуунуудаас үггүй, сул аянуудыг нь түүн авч эвлүүлэх дуртай байсан тэрээр 2011 оноос эхлэн "sampling" хийх буюу "дээж" авч, дуу хөгжимний аль сонсголонтой гэсэн хөг аялгууг өөрийн зохиомжид оруулдаг аргад суралцжээ.

Бодьхүү 2011-2013 оны хооронд "Дунд гол"-той хамтарч 50 гаруй хуучны монгол дуун дээр ажиллаж, өөрийн чадвараа нэмэгдүүлж амжсан. Тэр ажлуудаас нь Говь брэнд 2016 оны шинэ улирлын сурталчилгаандаа оруулснаар хүмүүсийн сонсох эрэлт нэмэгдэж, Бодьхүү 26 монгол дуунаас бүрдсэн "Welcome to Ub" цомог гаргасан юм. Одоо харин тэрээр Рио де Жанейро, Улаанбаатарын араас Токио хотын хэмнэлийг өөрийн мэдрэмжээр өгүүлсэн цоо шинэ цомгоо гаргаад байна. Тиймээс бид DJ, продюсер Бодьхүү буюу С.Мөнхбаатартай уулзаж "дээж" авч хөгжим бүтээх гэдэг нь юуг хэлж байгаа тухай болон хүн хүссэндээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй байдаг тухай ярилцлаа. 

Хүмүүс таны хөгжмийг сонсоод хамгийн түрүүнд "Энэ ремикс үү, эсвэл шинээр зохиосон хөгжим үү" гэдгийг мэдэхийг хүсдэг. Тэгэхээр үүнийг эхлээд уншигчдад маань тодруулж өгөхгүй юу.

Ремикс хийнэ гэдэг бол амархан бөгөөд голчлон  DJ нарын хэрэглэдэг зүйл юм. Миний хийж байгаа нь илүү зохиомж эвдэж, өөрөө шинээр хийдэг бүтээлч ажил. Би компьютер дээр хөгжим хийдэггүй бөгөөд өөрийн сонсох дуртай 1990 оноос өмнөх хуучны дуунуудаас хамгийн аялгуулаг гэсэн 30-40 секундыг авч MPC төхөөрөмж рүү оруулан, нэг, хоёр секундээр нь салгаж бэлддэг л дээ. Тэр хэмнэл, аялгуунуудыг MPC-ны дөрвөлжин даралтууд дээр оруулснаар хөгжмөө өөрийн хүссэнээр зохиож, бөмбөрийн дуугаралтаа нэмж өгдөг. Гадаадад над шиг "sample" буюу дээж авч хийдэг хүмүүс зөндөө бий. Тэд ихэвчлэн пянзнаас дээж авч хийдэг. Миний хувьд 1990 болон 2000 оноос наашхи хөгжим бараг ашигладаггүй. Яагаад гэвэл тэдгээр хөгжмийн дуугаралтад амьдлаг чанар нь алдагдсан санагддаг. Харин 1970-аад онд асар олноороо гарч ирж байсан рок, жазз, фанк, соул хамтлагуудын хөгжим илүү гоё байдаг болохоор ихэнхдээ тэднээс "дээж" авч хөгжмөө бүтээдэг. 

Миний ойлгосноор 1-2 секунд болгон таслаж авсан хөг, хэмнэлийн байрлалыг хооронд нь өөрчилж, шинээр зохионо гэсэн үг байх нь уу? 

Тийм, ээ. Хүн өөрийнхөө сонголтоор хөг, аялгууны байрыг солихоор "дээж" авсан зүйл маань бүр огт өөр болж хувирдаг. Зарим нэг эвдэх боломжгүй хэсгийг нь тэр чигт "loop" болгож ашигладаг бөгөөд тэднийг давтахаар бас гоё болдог. Нэг мөчид сонсогдох аялгуунд хэчнээн олон хөг давхарласан ч тэд нар хоорондоо авцалдах хөгийг нь олж тааруулдаг. 

Бодьхүү анхны цомгоо хийх санааг өргөгч цамхаг дотор олж, тэнд бас хөгжим бичиж байсан гэдэг. Энэ талаараа ярихгүй юу. 

Би 2014 оны зун Мишээл экспогийн хойд талд баригдаж буй барилгын каран дээр ажилласан юм. Миний "Гэгээн өглөө" дууг сонсож байсан уу? Намайг өглөө ажилдаа ирэхэд нар мандаад л, хот тэр чигээрээ цэлийж харагдсан. Тэр уур амьсгалыг хараад төрсөн сэтгэл хөдлөлөөрөө "Гэгээн өглөө"-г хийсэн юм. Гэвч ажилтай байхад хөгжим хийхэд хэцүү байдаг. Шөнө хөгжмөө бичээд суучихвал өдөр каранаар юм зөөж байхдаа алдаа гаргах эрсдэлтэй учраас намар болж цас ортол хүлээсэн. Тэгээд л барилгын ажил зогсоход юм хийхийн хүслээр ангаж, цангачихсан байсан болохоор "Рио" цомгийг тав хоногийн дотор 10 гаруй хөгжимтэйгээр хийж дуусгасан. Үүнээс зургааг нь сонгож LP цомог болгон гаргасан юм. 

Тийм өндөрт, өргөгч цамхагт ганцаараа өдөржин суухдаа юу боддог байв?

Бороо орсны дараа сэтгэл хөдлөөд олон зүйл бодогдож, "Би энд ингэж суух хүн биш. Өөрийнхөө хүссэн зүйлийг хиймээр байна" гэж өөртэйгөө их тэмцэлдсэн. Үнэндээ мөнгөний төлөө өдөржин хэнтэй ч ярих боломжгүй суух нь залуу хүний хийх ажил биш гэж боддог байлаа. Эцэг, эх маань бүх хөгжмөө хураагаад тавьтал миний хийж байгаа зүйлийг эсэргүүцэх үе ч байсан. Гэвч хүн хүсдэг зүйл рүүгээ байнга тэмүүлж, өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Магадгүй чамд бэрхшээл зөндөө тохиолдоно. Үүний төлөө шаналаад ямар нэгэн шийдэлд хүрэхгүй. Оронд нь чиний эсрэг байгаа зүйлийн өөдөөс сөрөх хэрэгтэй. Тэгвэл чи ялж чадна гэж боддог болсон. 

Хип хоп хөгжмийг илүү аялгуулаг, сонсголонтой болгох санаа анх хэрхэн төрсөн юм бэ?

Их сургуульд байхад надад компьютертой болох алтан боломж гарч ирж, төрөл бүрийн хөгжим хуулж авч байхдаа "Gang Star"  гэсэн хоёр цомогтой болсон юм. Тэр цомгууд нөгөө байдаг л нэг гудамжны, танхай реп биш харин ондоо жазз, соул хөгжмийг хип хоптой хослуулсан байлаа. Би "Яаж жазз хөгжмийг ийм хип хоп бөмбөр дээр тоглуулдаг байна аа" гэж их удаан гайхаж бодсон л доо. Үүний дараа Соёл-Эрдэнэ хамтлагийн "Хөдөөгийн сайн талыг зорино" дуунаас "дээж" авч, өөрөө бөмбөрийн хэмнэлээ зохиож нэмээд хийж үзсэн. Энэ бол би өөрөө өөртөө нээж олсон шинэ зүйл, шинэ урсгал байсан. Хэн ч надад ийм зүйл байдаг, хөгжмийг ингэж тасдаад, өөрөө шинэ хөг нэмээд хийж болно гэдгийг заагаагүй. Тэр зүгээр л мэдрэмж, хүсэл хоёроос өөрөө гарсан.  

Одоо өөрийг чинь энд тэнд үдэшлэг зохиоход байнга ирдэг хэсэг бүлэг хүмүүс улам олон болж байгаа харагддаг. Ер нь таны сонсогчид хэзээнээс бий болсон бэ?

"Дунд гол"-ын Дилоб бид хоёр 2011 оноос эхэлж Занаду арт галерейд жазз, фанк зэрэг илүү аялгуулаг хөгжим тоглуулдаг арга хэмжээ их зохиож эхэлсэн. Дараа нь би Basement клубын хөгжмийг хариуцдаг байхдаа өөрийн сонсдог дуунаас тавихаар хүмүүс "Хөгжмөө сольчих" гэж их хэлдэг байлаа. Үдэшлэг зохиохоор хүн ирэхгүй байх үе ч зөндөө гарсан. Харин одоо залуучуудын хөгжмийн таашаал өөрчлөгдөж, илүү мэдрэмжтэй болсон. Намайг DJ хийж байхад ирдэг сонсогчдыг харахад Play time-д очдог, амьд хөгжим сонсдог хүмүүс байдаг. Ер нь би хип хоп сонсдог хүмүүсээс илүү амьд хөгжим сонсдог хүмүүс илүү мэдрэмжтэй гэж боддог.

Мэдээж DJ хийх нь хүмүүсийг хөгжөөх зорилготой учраас юу хүсч байгааг нь мэдрэх чухал байх. Чиний хувьд өөрийн хийж байгаа хөгжмөө DJ хийхэд зориулж гаргадаг уу?

Том клубууд бол дэлхийн жишгийн дагуу хит дуу хөгжим тоглуулж, зочдоо цэнгүүлэх бодлого баримталдаг байх. Мөн үүний эсрэг чиглэлд буюу арай өөр, хүмүүст хүрч амжаагүй шинэ мэдрэмжийг төрүүлэх гэж андерграунд хөгжим тоглодог DJ Билигүүдэй, MMP-гийн TMK зэрэг хүмүүсийн ажлыг би хүндэлдэг. Харин би өөрөө DJ хийхдээ 50 хувьд нь дан шинэ хөгжим тавихыг хүсдэг бөгөөд өөрийнхөө бүтээлээс нэг их тоглуулдаггүй. Учир нь миний хөгжмийн зориулалт нь олон хүмүүст биш хувь хүнд мэдрэмжээр дамжуулж ямар нэг өгүүлэмж хүргэх байдаг. 

Хөгжим ойлгодог, илүү гүн мэдэрдэг хүмүүс дуугаралтанд их ач холбогдол өгдөг. Жишээ нь хүмүүс саяхнаас Улаанбаатарт ирсэн Void хөгжмийг супер гэж үнэлж байгаа. Өөрт чинь ямар санагдсан бэ? 

Void бол яг л дэлхийн стандарт юм байна лээ. Ямар ч хөгжим чанга дуугарсан гэсэн хөг алдахгүй, аль нэг нь илүү царгихгүй, дуугаралтын чанараа алддаггүй нь гоё байсан. 

Та удахгүй яг тэр Void хөгжим дээр өөрийн шинэ Токио цомгийн бүтнээр нь тоглоно. Энэ цомгийг хүмүүст ямар мэдрэмж төрүүлэхээр бодож хийсэн бэ? Ямар, ямар хөгжимнөөс "дээж" авч ажилласан бэ?

Нэг жилийн өмнөөс хийхээр бодож байгаад саяхан шинэ жилийн үеэр цөөн хоногт багтааж бэлэн болгосон. Яг л өмнөх "Рио" цомогтой адил хүмүүсийг хөгжмийн мэдрэмжээр дамжуулж өөр ертөнцөөр аялуулах зорилготой. Цаашдаа би Хятад, Виетнам ч юм уу янз бүрийн орнуудаар аялуулах хөгжим хийнэ. Токио цомогт дандаа японы 1970-аад оны соул болон 1980-аад оны J Pop урсгалын хөгжимнүүдээс "дээж" авсан. Ер нь бол Токио хотын 1990-ээд оны хуучны уур амьсгал санагдуулахыг зорьсон.  

Зарим амьд хөгжмийн хамтлагийн гишүүд "Би монгол DJ-гийн цэвэр өөрөө зохиосон хөгжим сонсох гэсэн юм. Тийм зүйл байна уу?" гэж асууж байгаа нь харагддаг. Тэгэхээр таны хөгжим тийм шинээр зохиосонд тооцогдох уу?

Тийм ээ, тооцогдоно. Зарим хүмүүс "дээж" авах урлагийг ойлгодоггүй. Маш олон продюсер хуучны хөгжмийг шинээр зохиомжилж дуу гаргасан байгаа. Жишээ нь Drake-ийн "Hotline bling" бол 1970-аад оны хөгжим байсан. Магадгүй хүмүүс эх хувилбарыг нь сонсдог байсан хуучны хөгжмөөр шинэ зүйл хийсэн байгааг сонсоод хуулбарласан гэж хүлээж авдаг байх. Гэвч орчин үед хөгжим нотонд баригдах албагүй болсон. "Дээж" авч хөгжим хийхэд зарцуулж байгаа хугацааг нь аваад үзэхэд ч энэ бол шинэ бүтээл. Жирийн сонсогчид анзаарч, ойлгохгүй олон найруулга цаана нь хийгдсэн байдаг. 

Тэгвэл та цаашдаа яаж ажиллах вэ? "Дээж" авах аргыг байнга хэрэглэх үү? Эсвэл өөрөө бүхнийг зохионо гэсэн бодол байдаг уу?

Цэвэр шинээр зохиоё гэдэг бол хөгжмийг зам, замаар нь нотлож бичнэ гэсэн үг л дээ. Зарим хүмүүс надаас бүрэн хэмжээний зохиосон дуу хүсдэг ч би үүнд дургүй. Би үргэлж "дээж" авахыг хүсдэг байсан ба хойшдоо ч гэсэн тийм байна. Энэ нь тийм муудаад байх зүйл биш бөгөөд шал ондоо мэдрэмж. Нэг хоногийн дотор хийсэн хоёр, гурван дуу хүнийг маш олон ертөнцөөр аялуулж болно. Заавал өөрөө зохиосон, удаан цаг хугацаа зориулсан хөгжим мундаг байна гэсэн ойлголт орчин үед байхгүй шүү дээ. Нөгөө талаар нотны машин болчихсон, чөлөөтэй сэтгэх боломжоо алдчихсан хүмүүс зөндөө байдаг. Гэвч тэдний хийдгээс өөр аргаар хөгжим бүтээгээд хүний сэтгэлийг хөдөлгөх бүрэн боломжтой. 

Одоо тоглож байгаа хамтлагуудаас өөрт чинь ямар хамтлаг таалагддаг вэ?

Magnolian-ы хамтлаг олон хөгжмийн зэмсэг ашигладаг нь таалагддаг.  Амьд хөгжмийн хамтлагуудаас тууштай, хэлбэрт баригдаагүй The Lemons шиг хамтлаг ховор байх шиг. Миний бодлоор залуу, шинэ хамтлагууд байнга цомог гаргаж байвал сайн. Юунд ч баригдахааргүй цаг үед бид амьдарч байна. Би хэдхэн сонсогчтой хэрнээ өөрөө цомгоо хийж, гараас гарт хүргээд болоод байдаг. Үүнтэй адил амьд хөгжмийн хамтлагууд заавал том продюсер, ивээн тэтгэгч хүлээлгүй олон шинэ зүйлийг туршиж үзээсэй. Бид нэг нэгэндээ сайн урам хайрлах хэрэгтэй. Тэр бол хамгийн хүчтэй хөдөлгөгч зүйл шүү дээ.

Сайн хөгжим удах тусам сэтгэлд хоногшиж, хүний сэтгэлд гүн шингэдэг. Өөрийн чинь хөгжим хэр урт настай байх бол. Тэр талаас нь та хэр бодож хийдэг вэ?

Ганц зорилго бол тэр. Би шинэ хөгжим гаргалаа гээд хүмүүст хүргэх гэж тэгтлээ сурталчилдаггүй. Миний хийсэн хөгжим нэг хоногт цөм авахдаа биш алгуурхнаар, жил ирэх тусам хүнд илүү хүрэх байх. Олуулаа цэнгэж байхдаа сонсох хөгжим би хийдэггүй болохоор хүмүүс ганцаараа байхдаа, алхаад явж байхдаа сонсоход илүү хань болж, сэтгэлд нь таатай байлгахыг би боддог. 

Тань шиг "дээж" авч шинэ хөгжим хийе гэж бодож байгаа хүмүүс юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Хамгийн эхлээд өөрөө яг хүсч байна уу, үгүй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар алхам болох программыг хүн сарын дотор сурч чадна. Би маш олон программ туршиж үзсэн учраас  Ableton live 9.5-ыг санал болгох байна. Fruity Loops-ыг сурахад амархан ч гэлээ яваандаа илүү мэргэжлийн зүйл хийхэд программаа солих хэрэгтэй болдог. Ableton live бол продюсинг болон DJ хийхийн алинд ч тохиромжтой, хүнд олон боломж олгодог. Программаа сурсны дараа эхлээд өөрийн дуртай хөгжмүүдээ дуурайж хийж үзвэл зүгээр. Мөн өөрөө бөмбөр хийж сурах хэрэгтэй. Бөмбөр сурчихвал хэмнэлийг мэдэрчихнэ. Удаан хийх тусам өөрийн гэсэн хэмнэл, бөмбөрийн сонголт, арга барилтай болоод хүссэн хөгжмөө хийх чадвартай болно. 

Ингэхэд Бодьхүү яагаад олон хүн бүжиглэхэд биш харин ганцаараа сонсоход илүү тохирохуйц хөгжим хийдэг юм бэ? 

Яг надтай адилхан хөгжимд дуртай, бүх зүйлд санаа нийлдэг Батхүү гэж найз маань 2010 онд автын ослоор өнгөрсөн юм. Угтаа бол миний бүтэн нэр Мөнхбаатар шүү дээ. Харин би найзынхаа нэрээс "хүү"-г нь авч, "Бодь"-ийг нь бодож олоод өөртөө уран бүтээлийн нэр өгсөн юм. Хэрвээ тэр найз минь одоо байсан бол надад хань болж, хамт хөгжим хийх байсан байх. Одоо би найзгүйдээ их ганцаарддаг. 

Яагаад энэ олон сонсогч, тойрон хүрээлэгч хүмүүс байхад найзгүй гэж?

Сэтгэлийн зүйлийг олон хүн сонсож чадахгүй. Тэр болгон би хүнд хэлээд байдаггүй зүйлээ хөгжимдөө оруулдаг. Магадгүй хөгжим хийдэг болохоороо ч би уярамтгай, илүү гунигладаг хүн байх. 

Бодьхүүгийн цаашдын зорилго юу вэ?

Ер нь илүү сайжрах, ур чадвараа нэмэгдүүлэх. Нэг үе би гадаадад нэртэй болно гэж боддог байсан. Гэвч одоо надад тэр бодол чухал биш санагдсан. Хүмүүс надад найдлага тавьж, "Чи л гадаадад гарах ёстой" гэж шахдаг ч би жил ирэх тусам илүү буурьтай болж байна. Гадны зарим нэг андерграунд чиглэлийн сайн лейбелууд намайг хардаг, оросууд бас нэлээн холбоотой байдаг. Гэвч өнөөдрийн түвшинд би өөрийгөө гадны мундаг хүмүүстэй харьцуулахад сэтгэл хангалуун биш байна.

Тэдэнтэй харьцуулахад 70 хувьтай байна гэж хэллээ. Үлдсэн 30 хувьд нь юу дутуу байгаа юм бэ?

Нэгт пянз хэрэглэх хэрэгтэй. Дуугаралтын чанар чухал. Хоёрт өөрийн бий болгосон стилийг илүү гартаа оруулж, миний хөгжмийг сонсоод "Бодьхүү хийсэн байна" гэж танигдахуйц хэв маягтай болох ёстой. Тэгж байж гадны лейбелууд миний бий болгосон хэв маягаар намайг сурталчилж, хүмүүст хүргэх боломжтой болно. Ерөнхийдөө бол би ирээдүйдээ нэг их санаа зовохгүй байна. Миний мэдрэмж гадаадын "beatmaker"-үүдийн мэдрэмжээс нэг их дутахгүй. Тиймээс би илүү сайжрах юм бол удахгүй "юм" дуулгана.

Ж.Чинбат

2017-01-31, 13:00