#BuroCrush: Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий рэппер Кендрик Ламар
Яг одоо хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж, олон нийтийн дунд халуун ярианы сэдэв болоод буй нэгэн эрхэм бол рэппер Кендрик Ламар билээ. Түүний сүүлийн үед гаргасан уран бүтээл болгон хит болж байгаа төдийгүй тэрээр саяхан болсон Грэмми 2025 наадмын хамгийн гол шагналуудыг түүж, Super Bowl 2025 тэмцээний халфтайм шоуг эзэгнэж, нүд баясгам гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн гээд Кендрикийг тойрсон амжилтуудыг дурдаад барахгүй биз ээ.
Тиймээс энэ удаагийн #BuroCrush-аар бид өнөө цагийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч гэгдээд буй рэппер Кендрик Ламарыг онцолж байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.
Ерөнхий мэдээлэл:
Нэр: Кендрик Ламар Дакворт
Төрсөн он, сар, өдөр:
1987.06.17 (37 настай)
Орд: Ихэр
Өндөр: 168 см
Instagram: @kendricklamar
Кендрикийн аав нь Ducky хочтой алдартай гангстер нэгэн байсан бол ээж нь үсчин хийдэг байв. Кендрикийн ээж гэр бүлээрээ аюулгүй, тайван орчинд амьдрах ёстой хэмээн үзсэн учир тэд Иллиной мужийн Чикаго хотоос Калифорнийн Комптон хот руу нүүж байсан гэдэг. Тухайн үедээ түүний эцэг эх машиндаа хоног төөрүүлж, зарим үед дэн буудлаар хэсүүчилдэг байжээ. Удалгүй тэд Комптон хотын наймдугаар гудамжинд амьдардаг болсон ч хүнсний талон, буяны байгууллагаас ирсэн эд хэрэглэлд найдан өдөр хоногийг залгуулдаг байв. Үүгээр ч зогсохгүй Кендрик дөнгөж таван настай байхдаа хүн амины хэргийн гэрч болж байсан бөгөөд одоо хүртэл тэр үеийнх нь дурсамж түүний бодлоос гардаггүй хэмээн дурджээ.
Өсөж томрох явцдаа Кендрик ямар нэгэн бүлэглэлд харьяалагддаггүй байсан ч гудамжныхаа Westside Pirus нэртэй томоохон бүлэглэлийн гишүүдтэй дотно өсжээ. Тэдний сонсдог рэп жанрын хөгжим түүнд их таалагддаг байсан бөгөөд ээж аав нь ч гэсэн гэртээ 2Pac, Biggie, Jay-Z тэргүүтэй рэпперүүдийн дууг их сонсдог байсан гэнэ. Мөн түүнийг бага ангид байхад нь багш нь зохиолч болох чадвартай хүүхэд байна хэмээн онцолж байсан ба улмаар Кендрик өөрийгөө дуу хөгжимд дуртай төдийгүй дууны үг зохиож бичих авьяастай гэдгээ олж нээж байв.
Кендрик ахлах сургуульдаа байхдаа буюу 16 насандаа Youngest Head Nigga in Charge нэртэй анхны микстейпээ K.Dot гэх нэрээр гаргаж байжээ. Удалгүй тэрээр 2005 онд Top Dawg Entertainment (TDE)-тай гэрээ байгуулсан бөгөөд тухайн жилдээ Training Day нэртэй хоёр дахь микстейпээ цацаж байв.
Цаашлаад 2009 оноос эхлэн тэрээр өөрийн жинхэнэ нэрээр буюу Кендрик Ламар нэрээрээ уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2011 онд анхны бие даасан Section.80 хэмээх цомгоо сонсогчдын хүртээл болгож байлаа. Тус цомог нь цацагдсан даруйдаа Billboard 200 жагсаалтын 113-т эрэмбэлэгдэж, чамгүй амжилтыг үзүүлсэн юм.
Анхны бие даасан цомгоо гаргасныхаа дараа тэрээр шууд дараагийн цомгийн ажилдаа орсон бөгөөд 2012 онд Good Kid, M.A.A.D City нэртэй хоёр дахь цомгоо гаргаж, улмаар хөгжим сонсогчдын дунд жинхэнэ тэсрэлт хийж чадсан билээ. Тус цомог нь цацагдсан эхний долоо хоногтоо 242,000 хувь борлогдсон төдийгүй 2013 онд GQ сэтгүүлийн зүгээс Кендрикийг оны шилдэг эрэгтэй хэмээн нэрлэж байсан удаатай.
Ийнхүү Кендрикийн карьер хурдацтай өсөж, тэрээр Грэмми 2014 наадмын долоон гол төрөлд нэр дэвшиж байсан түүхтэй. Тэр цаг үеэс хойш Кендрик Грэмми наадамд нийт 57 удаа нэр дэвшиж, өдгөө 22 шагналыг нь өөрийн болгоод буй.
Кендрик Ламарын хамгийн хүндэлдэг, урам зориг авдаг уран бүтээлч бол домогт рэппер 2Pac буюу Тупак Шакур гэдгийг түүний шүтэн бишрэгчид сайн мэддэг. Тэгвэл Кендрик найман настай байхдаа өөрийн шүтээн рэппер 2Pac-тай уулзаж байжээ.
Кендрик энэ талаар "Манай гудамжинд 2Pac болон Dr.Dre нар California Love дууныхаа видео клипний зураг авалтыг хийж байсан юм. Тэрийг аав маань харчхаад шууд л гэр лүүгээ гүйж ирээд, намайг дуудаж байлаа. Тэгээд намайг мөрөн дээрээ суулгаад зураг авалтын талбай руу ойртоход, би анх удаа 2Pac, Dr.Dre нарыг бодитоор харж байв. Одоо бодоход тэр үйл явдал миний карьерт их нөлөөлсөн байх" хэмээн дурсан ярьжээ.
Кендрик 2018 онд сэтгүүл зүй, утга зохиол, дуу хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Пулитцерын шагнал гардуулах ёслолд дуу хөгжмийн төрөлд DAMN цомгоороо ялалт байгуулж, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны рэппер болж түүхэнд бичигдэж байв.
Тухайлбал, Пулитцерын шагнал гардуулах ёслол өмнө нь дуу хөгжмийн төрөлд зөвхөн сонгодог эсвэл жазз уран бүтээлүүдийг шагнадаг байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс Кендрикийг DAMN цомгоороо орчин үеийн африк-америк хүний амьдралд тулгардаг ноцтой асуудлуудыг хөндөж чадсан хэмээн үнэлж байсан юм.
Кендрик өөрийн сүйт бүсгүй Уитни Алфордтойгоо ахлах сургуульд байхдаа анх танилцан үерхэж байсан бөгөөд хосууд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болж, жаргалтай амьдарч байгаа билээ.
Түүний сүйт бүсгүй нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаггүй ч Кендрик үргэлж Уитниг өөрт нь хамгийн их түшиг тулгуур болсон хүн хэмээн онцолдог. Тэрээр Billboard-д өгсөн ярилцлагадаа "Би түүнийг зөвхөн миний хайртай бүсгүй гэж боддоггүй. Тэр бол миний хамгийн сайн найз. Хамгийн аймшигтай нууцаа юу ч бодолгүйгээр хуваалцаж болох тийм л хүн. Намайг тэгээс эхлэхэд тэр л хажууд минь байсан юм шүү дээ" хэмээн дурдаж байв.
Кендрик дуучин SZA-тай хамтран Хойд Америк болон Европыг тойрсон аялан тоглолт хийхээр зэхэж байгаа юм. Тэдний аялан тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэх бөгөөд ихэнх тасалбарууд нь аль хэдийн худалдаалагдаж дуусжээ.
Мөн тэрээр найруулагч Трей Паркерын инээдмийн жанрын кинонд продюсероор ажиллахаар болсон. Одоогоор тус бүтээлийн нэр, жүжигчид гэхчлэн чухал мэдээллүүд зарлагдаагүй байгаа ч 2025 оны долоодугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт