Ертөнц цомгийн үргэлжлэл Байгаль цомог гарахад бэлэн боллоо

Ирэх оны хит

Брос рекордсын Ертөнц цуврал цомгийн хоёр дах Байгаль цомог ямар утга агуулга, онцлогтой болсныг сурвалжиллаа

Хөгжим сонирхогчдын сонорыг мялаасан Ертөнц цомгийн үргэлжлэл Байгаль цомог тун удахгүй, 2016 оны нэгдүгээр сард гарна. Энэ цомог продьюсер М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон нарын хамтарсан монгол чилл аут урсгалын хоёрдах бүтээл болон гарч байгаа юм.

Анх 2008 онд Г.Онон Люмино хамтлагийн Д.Анхаатай хамт "Introduction to nomads" нэртэй, амарч алжаалаа тайлахад зориулсан, байгаль дэлхийн сайхныг хөгжмийн аюулгуунд шингээж, сэтгэлд хөнгөн баяр төрүүлэх цомог бүтээсэн нь энэ бүхний эхлэл байлаа. Монголдоо тэргүүлэх зэрэглэлийн, сор болсон хөгжимчид амилуулсан тэрхүү бүтээл олон жилийн турш монголчуудын тухай, бидний үзэсгэлэнт төрсөн нутгийн зураглалыг гадна, дотнын хүмүүст хөгжмийн хэлээр өгүүлсээр ирлээ.

Дараа нь монгол чилл аут урсгалын хоёрдах супер хит "Ертөнц" цомог 2012 онд төрөхөд хөгжмийн зохиолч Г.Ононтой продьюсер М.Болд нэгдэж, студи нь "Брос рекордс" нэртэй болсон байв. Олны дунд Сонор студийн Томоо хэмээх нэрээр алдаршсан продьюсер маань Алтан ураг, Татар хамтлагуудыг Монгол болоод дэлхийн хөгжмийн зах зээл дээр амжилттай гаргасны дараа "Ертөнц" төслийг гол зорилгоо болгосон юм.

Ертөнц цомгийн хөгжим Токиод болсон Мерседес Бенз шоунд ARIUNAA SURI-гийн загварт тоглогдсоноос эхлээд гадаадын олон сонсогчдод Монголын "Тэнгэр", "Уул", "Ус", "Хавар", "Онгод"-ын тухай мэдрүүлсэн. Гэвч Брос рекордс ертөнцийн гоо сайхныг нэгхэн цомгоор биш нийт таван цуврал цомгоор илэрхийлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулжээ. Харин одоо тус цувралын хоёр дахь "Байгаль" цомог гурван жилийн хугацаанд, олон авьяаслаг уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр бидний сонорт хүрэхэд бэлэн болжээ. Дотор нь ямар нандин зүйлс агуулагдаж байгааг дэлгэж үзэцгээе.

Байгаль цомог хүмүүсийг өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаж, өөртөө цаг зарцуулах боломж олгоно

1. Байгаль цомог нийт арван аялгуунаас бүрдэж байна. Эдгээр нь цөм хөгжмийн бүтээл бөгөөд гоцлол дуулал байхгүй. 

2. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Г.Онон нарын бүтээлээр "Байгаль" цомог бүрдэж байгаа бөгөөд Дэлхий хамтлаг хөгжимджээ.

3. Дэлхий хамтлагт Г.Онон, М.Болд нараас гадна ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ, Авьяаслаг Монголчууд шоуны "од" лимбэчин Б.Мягмарцэрэн, А Sound хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл, Д.Шинэцог зэрэг сор болсон хөгжимчид багтдаг.

4. Ертөнц цомгоос "Байгаль" цомгийн өөр, өвөрмөц тал нь: Үндэсний, язгуур урлаг, сэтгэлгээ рүүгээ их тэмүүлсэнд оршжээ. Цомогт орсон хөгжмийн зэмсэгүүд дор хаяж 1-2 мянган жилийн настай.

5. Байгаль цомгийн зорилго нь Монголчууд хийгээд, бүх хүн төрөлхтнийг "Байгаль дэлхийгээ хайрлаасай" хэмээн уриалан дуудаж байна.

6. Цомогт багтсан бүтээлүүдийн төрсөн түүх, утга агуулга:

Савдаг - Байгаль бол эзэнгүй биш эзэнтэй, амьтай зүйл гэдгийг "Савдаг" бүтээлээр илэрхийлжээ. Уул, усны эзнийг Монголчууд бид савдаг гэж нэрлэдэг. Энэхүү бүтээлийг туурвихын тулд уран бүтээлчид ууланд очиж, цэвэр цагаан сэтгэлээр ерөөл, магтаал хэлж, өөрсдийнхөө онгодыг дуудаж хийжээ. Тус бүтээл эхний сингл болж 2016 оны нэгдүгээр сарын 1-нд Spotify, Apple music зэрэг хөгжмийн  дэлгүүрүүдэд тавигдах ба дэлхийн 239 улс орноос татан авч сонсох боломжтой болно.

Байгаль- "Ертөнц" цуврал цомог ертөнцийн зүй тогтол хийгээд гол гол юмс үзэгдлийг илэрхийлж байгаа. "Хүмүүс "Байгаль дэлхийн бүүвэй" болсон энэхүү сайхан аялгууг сонсохдоо хөгжмөөр дамжуулж бодож, бясалгах, ирээдүйн бодлоо цэгцлэн авч, урам зоригтой алхаасай гэж хүссэн" хэмээн М.Болд ярьлаа.

Үр- бүтээлд "Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн дэлгэрэх болтугай" гэх утга агуулга шингэжээ. Эргэх амьдралын тойргыг энэ аялгуу илэрхийлэхээс гадна "Хүн ямар үр тарина, түүнийгээ хураана" гэх монголчууд бидний үйлийн үрийн тухай ойлголтыг ч багтаажээ.

Чоно - бол жинхэнэ өөрийн хүчээр амь зуудаг, байгалийн тэнцвэрийг хадгалдаг, гол дархлаа болсон амьтан юм. Урд нь Ертөнц цомог дээр "Урьхан хонгор салхи" аюулгууг хийхдээ морин хуурын арга барилаар цахилгаан гитараар хуурдах мэт тоглолт оруулсан. Энэ удаа гитараар чоно улих мэт тоглож, тэрхүү улиан дотор чонын эр зориг, баяр гунигийг багтаахыг хичээн хийжээ.

Шонхор - бол эрч хүчтэй, туг сүлдэнд мөнхөрсөн, Монгол Улсын бахархалт шувуу билээ. Хүмүүс Шонхор бүтээлийг сонсож, тэрхүү жигүүртний хурц дайчин чанарыг сонсож, мэдрэнэ. Үүнээс гадна хүмүүс "Яагаад шонхор гэх хөгжим хийв" хэмээн бодож, түүнийг амьдрал дээр хайрлаж, хамгаалах тухай санаж, арилжааны нэг хэсэг болгож байгааг зогсоохын төлөө сэтгэл гаргаасай гэж бодож бүтээжээ. Мөн "Байгаль" цомогт араатан, жигүүртэн хоёрыг "Чоно", "Шонхор" бүтээлүүдээр төлөөлүүлжээ. 

Тайга - бүтээлд байгалийн шувуудын дуун орсон байгаа нь Хөвсгөлийн тайгад очиж бичсэнийх юм. Уран бүтээлчид тухайн газар орондоо "ээнэгших" буюу усыг нь ууж, байгалийн сайхныг нь биеэр мэдэрч, онгодоо хөглөн хийжээ. Дархад ардын амьдрал, дуу хуурыг судлаж, ой тайгын сүрлэг байдлыг биеэрээ туулж, мэдэрсэн байна.

Говь - гэдэг бол дэлхийд ганцхан зүйл. Сахарын цөл гэж байдаг ч Монголынх шиг говь гэж нэрлэсэн нь дэлхийд үгүй. Энэхүү бүтээлийг хөгжмийн зохиолж Д.Пүрэвдорж бүтээж, морин хуурч Шинэцог хуурджээ. Продьюсер М.Болд "Хүний дотоод сэтгэл гэдэг ямар гоё зүйл болохыг Пүүжээ ахын энэхүү аялгуунаас та сонсож болно. Гаднаас нь харахад настай хүн шиг харагдах мөртлөө энэ хүний дотор ямар хүүхэд шиг цагаан бодол байдгийг хүмүүс сонсох байх" гэж хэллээ. Мөн Д.Пүрэвдорж Байгаль цомгийн Цэцэг, Бүүвэй бүтээлүүдийн хөгжмийг бичжээ.

7. Тоглолт: Дэлхий хамтлаг  2016 оны 10-р сарын 1-нд "Байгаль", "Ертөнц", "Introduction to nomads" цомгуудыг тоглоно. Тэрхүү тоглолтыг дараа нь дэлхийн хаана ч, ямар ч хэлтэй хүмүүст тоглосон ойлгогдохуйц зохиол, найруулгатай, бүх дэлхийн санаа зоригийг нэгтгэсэн утга агуулгатай хийхээр эрмэлзэж байгаа аж. 

 

 

 

Ж.Чинбат

2015-12-25, 11:00

  • Зураг: Uchral's Photography