“Грэмми 2018” шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

60 дах удаагийн

Өчигдөр орой хөгжмийн ертөнцийн "Оскар" гэгдэх Грэммигийн шагнал гардуулах ёслол албан ёсоор нэр дэвшигчдээ зарлалаа. Америкийн дуу бичлэгийн академи 2016 оны аравдугаар сарын 1-ээс 2017 оны есдүгээр сарын 30-ны хооронд сонсогчдын хүртээл болсон уран бүтээлүүдээс шилдгүүдийг нь шалгаруулах юм.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор рэппер Jay-Z тэргүүлж байна. Тэрээр "4:44" цомгоороо "Оны шилдэг цомог", "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг рэп цомог" зэрэг нийт найман номинацид нэр дэвшжээ. Харин түүний араас нийт долоон номинациар рэппер Кендрик Ламар хоёрдугаарт бичигдэж байна. Дуучин Бруно Марс "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг R&B цомог" зэрэг нийт зургаан шагналд нэр дэвшсэн байгаа бол өнгөрсөн удаагийн Emmy шагнал гардуулах ёслол дээр "Atlanta" цувралаараа маш олон шагнал хүртэж, шуугиан тарьсан Childish Gambino буюу Дональд Гловер 2018 оны Грэммигийн ёслолд "Awaken My Love!" цомгоороо нийт таван шагнал хүртэх боломжтой болсон байна. Түүнчлэн Шинэ Зеландын дуучин Lorde энэ жил гаргасан "Melodrama" цомгоороо Грэммигийн "Оны шилдэг цомог" шагналыг хүртэх маш өндөр магадлалтай байгаа гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

60 дах удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 28-нд Нью-Йорк хотод зохион байгуулагдах болно.

Та 2018 оны Грэмми шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

Buro.Mongolia

2017-11-29, 10:00

  • Зураг: