Зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй, K-pop-ын дөрөвдүгээр үеийн хамгийн алдартай охидын хамтлаг бол NewJeans. Гэвч өнгөрсөн онд тус хамтлагийн үүсгэн байгуулагч, ADOR энтертайнментын гүйцэтгэх захирал асан Мин Хэ Жин HYBE энтертайнменттай (ADOR энтертайнментын толгой компани) зөрчилдөж, улмаар гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорсон билээ.
Ийнхүү Мин Хэ Жин NewJeans хамтлагийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болоход хамтлагийн охид эсэргүүцлээ илэрхийлж, Мин Хэ Жинийг эргэн ажилд нь авахгүй бол ADOR энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцлах болно хэмээн мэдэгдсэн. Улмаар тэдний зөрчилдөөн газар авч, эцэст нь хамтлагийн гишүүн Ханни HYBE болон ADOR энтертайнментад болдог ажлын байрны дээрэлхэлт, гадуурхалтын асуудлаар Өмнөд Солонгос улсын Хөдөлмөр хамгааллын яаманд гомдол мэдүүлсэн боловч хэрэг Ханнигийн талд шийдэгдээгүй юм. Уг асуудлаас болоод охид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд HYBE энтертайнменттай хийсэн онцгой гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдэж, Instagram, TikTok, Youtube зэрэг платформ дээр хамтлагийнхаа албан ёсны шинэ хаягуудыг нээж эхэлсэн билээ. Харин HYBE энтертайнмент тэдэнтэй хийсэн гэрээг цуцлах боломжгүй, хүчинтэй хэвээр байна хэмээн үзэж NewJeans хамтлагийг шүүхэд өгсөн байгаа юм.
Тэгвэл өнөөдөр NewJeans хамтлаг албан ёсоор нэрээ сольж NJZ болгож буй талаараа мэдэгдлээ. Энэ тухай хамтлагийн гишүүн Ханни "Хэдийгээр бид хамтлагийн нэрээ сольж байгаа ч гэсэн бага зэрэг дасаж өгөхгүй л байна. Яг үнэндээ бид ч гэсэн нэрээ солихыг хүсэхгүй байгаа. Учир нь NewJeans байх үедээ бид маш гайхалтай, нандин мөчүүдийг хамтдаа туулж ирсэн. Мөн шүтэн бишрэгчдийн маань хувьд ч гэсэн энэ нэр чухал үнэ цэнтэй гэж бодож байна" хэмээн хуваалцжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт