2018 оны Америкийн хамгийн баян алдартнууд тодорлоо

Кайли Женнер, Жорж Лукас, Опра Уинфри ба бусад

Нэр алдар ба эд хөрөнгө ихэвчлэн зэрэгцэн оршдог гэдгийг Forbes-ын рейтинг дахин баталлаа. Тодруулбал тус сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй "Оддын дайн" франчайзыг бүтээсэн Жорж Лукас энэхүү рейтингийг тэргүүлжээ. Түүний хөрөнгө 2018 оны байдлаар 5,4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд тэрбээр 2012 онд өөрийн эзэмшдэг Lucasfilm кино компанийг Disney-д худалдсанаар орлого нь огцом өссөн байна.

Түүний араас найруулагч, продюсер Стивен Спилберг "Ready Player One" болон бусад олон амжилттай кино төслүүдийн ачаар (3,7 тэрбум ам.доллар) жагсаалтын хоёрдугаар байранд жагсжээ. Харин продюсер, ток шоуны хөтлөгч, жүжигчин Опра Уинфри рейтингийн гуравдугаарт 2,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн байна. Жагсаалтын дөрөвдүгээрт бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчин гэгддэг домогт Майкл Жордан (1,7 тэрбум) оржээ. 

Гайхалтай нь Forbes-ын хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтын эхний таван байранд реалити шоуны од, косметик брэндийн үүсгэн байгуулагч, Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер багтсан байна. Өдгөө 21 настай залуу бүсгүйн хөрөнгө 900 сая ам.долларт хүрсэн бөгөөд түүний орлогын эх үүсвэрийг Kylie Cosmetics брэнд бүрдүүлж байна. Рэппер, продюсер Jay-Z мөн л 900 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр Кайлитай "тэнцжээ".

Buro.Mongolia

2018-12-19, 17:00

  • Зураг: