Амьдрал бол аялал. Харин аялал бүрийг мартагдашгүй болгодог зүйлсийн нэг нь тухайн газрын урлаг, соёл билээ. Тэгвэл урлагт дурлагч, орон орны соёлыг судалдаг уншигч танд зориулан энэ онд шинээр нээлтээ хийх 7 музейг танилцуулж байна.
Нээлтээ хийх огноо: 2025 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн
Нью Хейвен дэх Британийн урлагийн Yale Center for British Art музей хоёр жил үргэлжилсэн засварын дараа дахин нээлээ. Музейн удирдлагуудын хэлж буйгаар, энэхүү түүхэн барилга олон үе дамнан оршихуйц илүү бат бөх бүтээн байгуулалт болсон гэнэ.
Үзмэр болон ерөнхий сэдэв нь урьдын хэвээр хэдий ч үзэсгэлэнгийн хүүрнэлийг дахин тунгаан зохиосон гэдгээрээ онцлог болсон юм. Тиймээс үзэгчдэд шинэ мэдрэмж төрүүлэх өнгө төрхтэй, илүү гүнзгий утга агуулгатай болсон гэж хэлж болно.
Нээлтээ хийх огноо: 2025 оны тавдугаар сарын 31
Victoria & Albert музей өргөжин тэлж, Лондоны зүүн хэсэгт шинэ салбараа нээж байна. Storehouse нэртэй уг салбар нь маш өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хуучин Олимпын медиа төвийн байранд байрлажээ.
V&A East Storehouse-ийн хамгийн гол зорилго бол музейн “хөшигний ард” юу өрнөдгийг харуулах юм. Яагаад, хэрхэн эд зүйлсийг цуглуулдаг вэ? Тэдгээрийг хэрхэн арчилж, хамгаалдаг вэ? Мөн эдгээр зүйлс ямар түүхийг өгүүлж байна вэ гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой.
Үндсэн үзэсгэлэнд хагас сая гаруй үзмэр дэлгэгдэх юм. Эртний өв соёлоос эхлээд орчин үеийн урлаг, нутгийн олдвороос эхлээд олон улсын ховор нандин бүтээлүүдийг хамарсан байна.
Нээлтээ хийх огноо: 2025 оны тавдугаар сарын 31
Японы Наошима арал дээр байрлах New Museum of Art нь байгаль, урлагийг нэгтгэх зорилгоор олон жил бүтээн байгуулалт хийгдсэн чухал төсөл юм. Уг музей Японы тэнгисийг харж буй толгодын энгэрт сүндэрлэн байрлаж, зөвхөн урлагийн бүтээл үзүүлэхээс гадна цогц туршлага, мэдрэмжийг санал болгож буйгаар онцлог билээ.
2025 онд тус музей нь Азийн 12 шилдэг болон шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлд анхаарлаа төвлөрүүлэхээр болжээ.
New Museum of Art музей нь мөн тогтмол шинэчлэгдэх түр үзэсгэлэн, нэг удаагийн арт арга хэмжээнүүдийн хөтөлбөртэй байх юм. Иймд энэ арлыг зорих шалтаг гарсаар байх нь гарцаагүй биз ээ.
Нээлтээ хийх огноо: 2025 оны намар
Казахстан улсын Алматы хотод шинээр нээгдэх гэж буй энэ бүтээн байгуулалт нь Төв Азийн анхны хувийн санаачлаагаар баригдаж буй музей юм. Үзмэрүүд нь меценат буюу шинжлэх ухаан урлагийн ивгээгч Нурлан Смагуловын хувийн цуглуулгаас бүрдэх юм. Музейг энэ оны намар мультимедиа зураач Алмагуль Менлибаевагийн үзэсгэлэнгээр нээхээр төлөвлөжээ.
Харин байнгын үзэсгэлэнд Америкийн Ричард Серра, Билл Виола нарын бүтээлүүдээс гадна Казахстаны уран бүтээлийн анхдагчид болох Айша Галимбаева, Рустам Хальфин нарын уран зураг, инсталляцуудыг дэлгэн тавих аж.
Нээлтээ хийх огноо: 2025 оны намар
Нидерландын Үндэсний гэрэл зургийн музей энэ онд Роттердам хотын боомтын бүс дэх түүхэн агуулахын барилга руу нүүх юм. Тус музей нь дэлхийн хамгийн том гэрэл зургийн цуглуулгуудыг хадгалдаг газруудын нэг бөгөөд одоогоор 6.5 сая орчим зураг хадгалж байна.
Шинэ байрлалд шилжсэнээр тус музейд орчин үеийн архитектурын шийдэл бүхий шинэ галерейн танхимууд, арга хэмжээ зохион байгуулах зориулалттай заал, ресторан байрлах бөгөөд орон зайг цэлгэр болгохын тулд шилэн ханаар хүрээлжээ.
Нээлтээ хийх огноо: 2025 оны намар
Studio Museum in Harlem энэ оны сүүлээр шинэ байршилд нүүхээр төлөвлөж байна. Шинэ барилга нь урьдынхаасаа илүү өргөн уудам, гэрэлтүүлэг сайтай бөгөөд модерн хэв маягийг шингээсэн архитектурын шийдэлтэй байх юм. Тус музей уламжлалаа хадгалан, Африк гаралтай уран бүтээлчдийн бүтээл, тэр дундаа алдар нэрийг олсон уран бүтээлчид болон шинэ залуу авьяастнуудын урлагийн сор бүтээлүүдийг үзэгчдэд толилуулсаар байх юм. Шинэ байраа 2025 оны намар нээхээр төлөвлөжээ.
Нээлтээ хийх огноо: 2025 оны сүүлээр
Бараг 20 жилийн турш баригдсан дэлхийн хамгийн том Гуггенхайм музейн салбаруудын нэг энэ жил үүд хаалгаа нээхээр зэхээд байна. Абу-Дабид сүндэрлэх энэхүү музей нь Нью-Йорк дахь салбар музейгээс 12 дахин том хэмжээтэй. 1960 оноос хойших дэлхийн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг шинээр цуглуулан байрлуулах аж. Үндсэн үзэсгэлэн нь Баруун ба Өмнөд Ази, Хойд Африкийн уран бүтээлчдэд түлхүү анхаарах ч, түр үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн бусад бүс нутгийн урлагийг мөн танилцуулах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт