BURO. хөтөч: Энэ долоо хонгийн онцлох үйл явдлууд
Уран зургийн үзэсгэлэн, цирк, загварын шоу болон виртуал галерей
Шинэ долоо хонгийн мэндийг уншигч танд хүргэн мэндчилхийн зэрэгцээ Улаанбаатар хотод урин дулаан өдрүүд айлчлан ирж буй энэ цаг үед тус долоо хоногт зохион байгуулагдах онцлох үйл явдлуудын мэдээллийг хүргэж байна. Хотын хэмнэлд өнгө нэмэх олон арга хэмжээ таныг хүлээж байгаа тул өөрт тохирох, сэтгэлд нийцэх арга хэмжээг сонгон зориорой.
Дөрөвдүгээр сарын 25, РЦНК
"Pro Theatre"-ийн хавар цагийн нээлт Александр Вампиловын "Сүүлчийн бороо" мета драмын жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн жүжиг билээ. Жүжгийн гол дүр болох Виктор Зиловын амьдралд тулгарах сорилт, түүний шийдвэр зэрэг нь өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэнэ.
Дөрөвдүгээр сарын 25, 26, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
"Кармен" дуурь анх монгол хэл дээр 1985 оны 04 сарын 05-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, анхны эхээр нь буюу франц хэл дээр тавьсан гэдэг. Тэгвэл энэ удаад Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчидтэй хамтран Ж. Бизе "Кармен" дуурь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тоглогдох гэж байна.
Дөрөвдүгээр сарын 25, Тусгаар Тогтнолын ордон
"Candlelight concert: Spring Unplugged" та бүхэнд хаврын гоо үзэсгэлэнг авчрахаар зэхээд байна. Энэхүү тоглолт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хагасад W. A Mozart, Carlos Gardel, Astor Piazzolla, Edward Elgar, Goran Bregović нарын бүтээл эгшиглэх бол хоёр дахь хэсэгт Антонио Вивальдигийн Дөрвөн улирал уянгалах юм.
Дэлхийн Цирк Монголд – 2025
Дөрөвдүгээр сарын 26 – тавдугаар сарын 11, Аic Steppe Arena
"Дэлхийн Цирк Монголд" тоглолтод олон улсын жүжигчид оролцон циркийн хамгийн хурдтай, эрсдэлтэй, сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг толилуулах бөгөөд дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээх болно.
Дөрөвдүгээр сарын 26, Улсын Филармони
Төрийн Соёрхолт Баянмонгол биг бэнд дэлхийн сор болсон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг жазз найруулгаар үзэгч сонсогчдодоо дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн Концертын танхимд тоглох гэж байна. Тоглолтыг удирдаач С.Саруул-Од удирдах бол урилгаар МУГЖ, дуучин Ө.Уянга хүрэлцэн ирэх юм.
Дөрөвдүгээр сарын 26, Zaisan Hill Event hall
2018 онд Италийн Милан хотод үүсгэн байгуулагдсан залуу дизайнерын брэнд анхныхаа бие даасан загварын шоугаа зохион байгуулах гэж буй. Тус брэнд мэргэжлийн дизайнеруудын баг бүрэлдэхүүнтэйгээр эрэгтэй, эмэгтэй загварын болон гоёлын, үндэсний хэв маягтай, бүтээлүүдийг урладаг билээ. Тэгвэл уран сэтгэмж, загварыг мэдрэх нэгэн гайхалтай үдэш таныг хүлээж байна.
Дөрөвдүгээр сарын 30 хүртэл, Red Ger Галерей
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан “Өв” төслийн хүрээнд гэрэл зурагчин Ц.Батзориг, Л.Элбэгзаяа нарын өмнө нь дэлгэгдэж байгаагүй хальсны гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг гэрэл зургийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн нь энэ сарын 30-ны өдрийг хүртэл Red Ger Галерейд дэлгэгдэх юм.
Дөрөвдүгээр сарын 30 хүртэл, Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерей
Алтан шаргал өнгөөр гэрэлтэх Намар цаг бол оны хамгийн сайхан үе билээ. Намар цагийн олон өнгө, байгалийн эгшиглэнт чимээ, цаг хугацааг зогсоосон мэт бодит агшныг авчрах “Өмнийн сайхан говь” төслийн үргэлжлэл болсон нэгэн шинэхэн үзэсгэлэн дэлгэгдээд байгаа билээ. Мөн энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн анхны арт аппликэйшн болох “Monarty global” дээр нийт 420м2 виртуал галерей байдлаар бүтээгдэн олон нийтэд хүрч байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт