"Friends" цувралаас сэдэвлэсэн поп-ап орон зай Нью-Йорк хотод нээгдэнэ

Жоуи, Чендлер нарын зөөлөн сандал ба ширээний хөлбөмбөг, "Central Perk" кофе шоп болон бусад эд зүйлсийг харах боломжтой

Энэ намар алдарт "Friends" (Найзууд) цуврал 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан Warner Bros. студи тус цувралаас сэдэвлэсэн поп-ап орон зайг Нью-Йорк хотод нээхээр болжээ.

Шүтэн бишрэгчдэд зориулсан уг поп-ап орон зайд хүрэлцэн ирснээр цувралд гардаг байршил ба эд зүйлсийг харах боломжтой аж. Жишээ нь Жоуи, Чендлер нарын зөөлөн сандал ба ширээний хөл бөмбөг, Моника ба Рэйчел нарын гэрийн хаалга, Россын амьдардаг байрны нарийхан орц (буйдан зөөвөрлөхийг хичээдэг хэсгийг санаж байна уу?) "Central Perk" кофе шоп, тэр ч бүү хэл алдарт усан оргилуурыг өөрийн нүдээр харж, яг л найзуудын нэгэн хэсэг мэт мэдэрч болох юм. Мөн цувралын баатруудын костюм болон бусад эд хэрэгсэлд зориулан тусдаа бүс гаргаж өгөхөөр болжээ.

Энэхүү поп-ап орон зай нь 2019 оны есдүгээр сарын 6-наас аравдугаар сарын 7 хүртэл нээлттэй байх болно. Харин тасалбарыг энэ баасан гарагаас эхлэн (наймдугаар сарын 2) нэг хүний 29 ам.доллар, 50 центээр худалдан авах боломжтой.

Buro.Mongolia

2019-07-30, 12:00

  • Зураг: