"Friends" цувралын ирээдүйн төслийн талаар Марта Кауффман тайлбар хийлээ: "Ярвигтай"

Тусгай төслийн ирээдүй эргэлзээтэй байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид "Friends" цувралын гол дүрийн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж HBO Max стриминг тавцанд зориулан тусгай төсөл хийх гэж байгаа бөгөөд энэ ажил нь одоогоор хэлэлцээрийн шатандаа явж байгаа талаар мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо энэхүү төсөл хийгдэхгүй байх магадлалтай боллоо.

Тодруулбал Дэвид Крейний хамт цувралыг бүтээсэн Марта Кауффман 2020 оны Producers Guild Awards ёслолын үеэр энэ талаар тайлбар хийсэн байна. Түүнээс цувралын ирээдүйн төслийн талаар Entertainment Tonight тодруулахад  "Би мэдэхгүй байна. Би үнэхээр мэдэхгүй байна. Хэрэв төсөл хэрэгжихээр болбол бид (Дэвид Крейн) оролцох нь гарцаагүй. Гэхдээ энэ үнэхээр ярвигтай. Бүх зүйл маш адармаатай байна" хэмээн хэлжээ.

Марта Кауффманаас гадна HBO Max стриминг тавцангийн төлөөлөгч Кевин Рейли нөхцөл байдалд хариу өгчээ. Тэрээр "Цувралын тусгай төслийг хийх сонирхол бол байгаа. Гэхдээ төслийг эхлүүлэхэд талуудын ашиг сонирхол хоорондоо нийцэж өгөхгүй байна. Одоогоор 'магадгүй' л гэж хэлье" гэжээ.

Buro.Mongolia

2020-01-23, 10:00