Кардашьян-Женнер гэр бүлийн шоугаа хаах болсон шалтгаан тодорхой боллоо

Крис Женнер тайлбар өглөө

Хэдхэн хоногийн өмнө 14 жилийн турш E! сувгаар гарсан "Keeping Up with the Kardashians" реалити шоу бүр мөсөн төгсөж байгаа талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл эгч дүүсийн ээж Крис Женнер шоу хаагдах болсон шалтгааныг тайлбарласан байна. Тэрээр энэ нь тэдний хувьд маш хүнд бөгөөд сэтгэл хөдөлгөсөн шийдвэр байсныг онцолж, "Шоугаа дуусгахад хамгийн зөв цаг ирсэн" хэмээн хэлжээ.

"Бид бүгдэд завсарлаж, амьсгаа авч, удаашрах цаг нь ирсэн гэж би бодож байна. Мэргэжлийн хувьд удаашрах бус харин цаашид юу хийхийг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй байсан" гэж Крис Женнер шоуны продюсер Райан Сикресттэй хийсэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Крис Женнерийн хэлснээр шоу дууссанд харамсаж байгаа хоёр л хүн байгаа. Тэр нь Клоуи болон Скотт Дисик нар гэнэ. Клоу шийдвэрийг маш хүндээр хүлээн авч, одоо хүртэл уйлсаар байгаа бол Скотт Дисикийн хувьд тэр ирээдүйдээ эргэлзэж эхэлсэн гэжээ.

Үүнээс гадна The Sun сонины мэдэгдсэнээр энэхүү шийдвэрийг гэр бүлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй ба олон сарын турш гэр бүлийн дунд хэлэлцсэн гэжээ.

"Ким, Канье нар асуудалтай байгаа. Учир нь Канье хувийн амьдралаа дэлгэцээр гаргахыг хүсдэггүй. Кайли косметикийн брэнд болон сурталчилгаагаар тэрбум, тэрбум доллар хийж байгаа тул түүнд энэ шоу хэрэггүй. Харин Кендаллын хувьд нэр алдар болон олон нийтийн анхаарлын төвд байх нь түүнийг үргэлж тухгүй мэдрүүлдэг байсан" гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Мөн Page Six хэвлэлийн мэдэгдсэнээр Кардашьян-Женнер гэр бүл цаашид томоохон стриминг тавцангуудын нэгтэй нь (Netflix, Apple, Amazon) гэрээ хийх, эсвэл бүр өөрсдийн гэсэн медиа компанийг үүсгэн байгуулах магадлалтай байгаа гэнэ. "Стриминг хамаагүй ашигтай. Мөн дэлхийн тавцанд гарах боломжийг өгдөг" хэмээн эх сурвалж дурдсан байна.

Buro.Mongolia

2020-09-14, 11:04

  • Зураг: