Дэвид Линч гурван настайгаасаа эхлэн кофе уусан бол Марлон Брандо бүхий л амьдралынхаа туршид турахыг хүсдэг байжээ
The Guardian сонин "Bacon and eggs for every meal: absurd diets of the rich and famous" нэртэй нийтлэлээрээ алдартнуудын хоолны зуршлуудыг дэлгэжээ.
Тус сонины урлаг соёлын редактор Киллиан Фокс энэхүү нийтлэлдээ эхлээд Их Британийн хатан хааны гэр бүлийн хоолны зуршлыг танилцуулсан байна. "Хатан хаан сармисыг үзэн яддаг. Мөн тэрээр хоолоо очир эрдэнээр бүрсэн тавагнаас зооглодог боловч жимсийг Tupperware брэндийн шар өнгөтэй аяганаас л иддэг. Харин хатан хааны ээж оройн зоогонд үргэлж хоцордог байсан учир түүнд хоолны цагийг нь 20:30 бус харин 20:15 гэж худал хэлдэг байсан" гэжээ.
Киллиан Фоксын хэлснээр хатан хааны гэр бүлийн хоолны зуршил бусад алдартнуудынхаас хамгийн хэвийн нь аж. Жишээлбэл "Twin Peaks" цувралын найруулагч Дэвид Линч гурван настайгаасаа эхлэн кофе ууж эхэлсэн гэнэ. "Тэр заримдаа өдөрт 20 аяга кофе уудаг байсан. Гэхдээ одоо Дэвид өдөрт ердөө 10 аяга кофе ууж байгаа ч, аяганы хэмжээ нь томорсон шүү" гэж Фокс ярьжээ. Найруулагч сайн кофег "Гашуун байх ёсгүй. Амт нь зөөлөн хэрнээ баялаг байх хэрэгтэй" гэж тодорхойлсон байдаг. Дэвид Линч сүүтэй эспрессо, латте, капучино уух дуртай аж. Эспрессо нь бага зэрэг хөөсөрсөн байвал түүнд бүр ч их таалагддаг гэнэ.
The Guardian сонин Дэвид Линчийг Оноре де Бальзактай харьцуулж байна. Учир нь алдарт зохиолч шөнийн 01:00 цагт босч, үүрийн 04:00 цаг хүртэл уран бүтээлээ туурвидаг байжээ. Бальзак өдөрт 50 аяга эспрессо уух зуршилтай байсан юм.
Жүжигчин Марлон Брандо бүхий л амьдралынхаа турш илүүдэл жинтэйгээ тэмцсэн байна. Тэрбээр нэг бол хэт их идэж, үгүй бол хоолоо хатуу хязгаарлан амьдарч иржээ. Марлон Брандо лаазалсан газрын самрын нухаш, бүтэн хайрцаг шанзтай нарийн боов идэх дуртай байсан бөгөөд өглөө бүр эрдэнэ шишийн нэвс, зайдас, гадил жимс, цөцгий, агч модны сироптой шарвин зооглодог байв. Алдарт жүжигчин "Pink's" гэх зоогийн газар очин, нэг дор зургаан ширхэг хот дог идэж чаддаг байсан тул тэд Марлон Брандогийн нэрэмжит хот дог бэлтгэх болжээ.
Харин Стив Жобс эсрэгээрээ хоолны маш хатуу дэглэм барьдаг байжээ. Тэрбээр долоо хоногийн турш ердөө хоёр төрлийн хүнсний ногоо, жимсээр хооллож чаддаг байв. Жишээ нь Стив заримдаа зөвхөн алим эсвэл луувангаар хооллодог байсан гэнэ. Мөн тэр хоолонд цаг хугацаа зарцуулахгүйн тулд заримдаа өлсгөлөн явдаг байсан аж.
Тэгвэл Жаклин Кеннеди өдрийн турш зөвхөн белуга загасны хар түрс, цөцгийтэй жигнэсэн төмс л иддэг байсан юм. Кеннедигийн нарийн бичгийн дарга Тиш Бэлдрижийн хэлснээр бол Жаклин жин нэмсэн үедээ 24 цагийн турш хоолноос татгалзаж, үүний дараа хэвийн жиндээ ортол өдөрт зөвхөн нэг ширхэг жимс л иддэг байсан гэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт