Хэтэрхий өндөр цалинтай жүжигчдийг нэрлэлээ

Тоглосон киноныхоо орлоготой харьцуулахад

Америкийн Forbes сэтгүүл 2017 онд тоглосон киноныхоо орлоготой харьцуулахад хэт өндөр цалин авсан Холливүүдийн эрэгтэй жүжигчдийг тодруулсан байна.

Тус сэтгүүлийн шинжээчид тухайн жүжигчний тоглосон сүүлийн гурван киноны орлого болон жүжигчний авсан цалинг хооронд нь харьцуулан үзжээ. Мөн энэхүү жагсаалтыг гаргахын тулд сэтгүүлчид 2017 оны зургаадугаар сарын 1-ээс өмнө хамгийн багадаа 2,000 кино театрт гарсан кинонуудыг сонгосон байна.

Тэгвэл 2017 онд хэтэрхий өндөр цалин авсан жүжигчнээр Марк Уолберг шалгарчээ. Тэрээр нэг жилийн хугацаанд 68 сая ам.доллар олсон байна. Гэхдээ түүний тоглосон "Patriots Day" кино Марк Уолбергийн цалинтай харьцуулахад хамаагүй бага орлого олсон юм.

Жагсаалтын хоёрдугаарт жүжигчин Кристиан Бейл бичигджээ. Учир нь түүний тоглосон "The Promise" нэртэй кино Кристиан Бейлийн цалингаас ердөө зургаа дахин л их байгаа аж.

Хэт өндөр цалинтай жүжигчдийн гуравдугаарт Ченнинг Татум багтсан байна. Forbes сэтгүүл түүний цалинг Холливүүдийн жишгээр бол харьцангуй бага гэж дүгнэж байгаа ч  Татумын тоглосон "Logan Lucky" киноны орлого алдарт жүжигчний долоон удаагийн цалингийн дүнтэй тэнцэж байгаа юм.

Оскарын шагналт Дензел Вашингтон жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол эхний таван байрыг Брэд Питт хааж байна.

Эргэн сануулахад 2016 оны хэтэрхий өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг Жонни Депп тэргүүлж байсан билээ.

Buro.Mongolia

2017-12-15, 16:00

  • Зураг: