Японы хөгжмийн зохиолч Үмебаяши Шигэрү нь хөгжмийн салбар дахь гараагаа Японы шинэ давлагааны "EX" рок хамтлагийн ахлагчаар эхлүүлсэн билээ. Хамтлаг 1985 онд тарснаар Умебаяши кино хөгжмийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд Японы Sorekara (And Then) кинонд зориулж хөгжим зохиосны дараа авьяасаа олонд таниулж, хэд хэдэн кино хөгжмийн шагнал хүртсэн байдаг. Үүнээс хойш тэрбээр кино хөгжим зохиолд хүчин зүтгэж Ази, Европ, Америкийн 40 гаруй оронд хөгжмийн зохиол бичин, хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Үмебаяши нь найруулагч Вонг Кар-Вайн In The Mood for Love (2000) киноны "Yumeji's Theme" хөгжмийн зохиолоороо олон улсад танигдсан ба уг гайхамшигт дуу нь хатагтай Чангийн цэцгэн хээтэй даашинз, киноны хайр илтгэсэн дулаан өнгө аястай төгс зохицдог. Цаашлаад The Grandmaster (2013) болон 2046 (2004) кинонд дахин Вонг Кар-Вайтай хамтран ажиллаж хөгжмийн зохиол бүтээсэн түүхтэй. Умебаяши нь 2014 онд The Grandmaster киноны хөгжмийн зохиолоор Азийн 8-р кино наадмаас Шилдэг Хөгжмийн Зохиолчийн шагнал, мөн Хонконгийн 33-р кино наадмаас Шилдэг Хөгжмийн Зохиолч шагналуудыг тус тус хүртэж байжээ.
"Вонг Кар-Вай бид хоёр бүх зүйлийг адилхан мэдэрдэг тул хоорондоо харилцахдаа үг хэлэх ч шаардлагагүй байдаг" хэмээн Үмебаяши найруулагч Вон Кар-Вайн тухай BSOSpirit сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.
Умебаяшигийн карьер оргил цэгтээ хүрсэн үеийг онцолбол найруулагч Жан Иенмоүгийн олон улсын хэмжээнд алдаршсан House of Flying Daggers (2004) киноны хөгжмийг зохиосон үйл явдлыг дурдалгүй өнгөрч болохгүй. Уг хамтын ажиллагаа нь маш амжилттай байсан учир Умебаяши тус найруулагчийн дараагийн алдарт бүтээл болох Curse of the Golden Flower (2006) киноны хөгжмийн продюсер, зохиолчоор дахин ажилласан билээ.
Азийн кино урлагт гайхамшигт хөгжмийн бүтээл туурвихаас гадна Үмебаяши нь олон улсын найруулагчидтай хамтран ажиллаж ч байсан туршлагатай. Жишээ нь тэрбээр алдарт загвар зохион бүтээгч Том Фордын найруулсан анхны бүтээл болох A Single Man (2009), Мексик улсын найруулагч Эвэрардө Гүтийн Dias de Gracia (2011), Их Британи улсын найруулагч Майкл Уэстботтомын Trishna (2011), Марко Саймон Пуччионигийн Come il vento (2013) кинонуудад тус тус хөгжмийн зохиол бичиж байжээ.
Одоогоор Умебаяши кино хөгжмийн ажлаас гадна видео тоглоомд зориулан хөгжим зохиож, 2010 оноос хойш өөрийн бүтээсэн хөгжмөө Европын наадам, концертын танхимуудад толилуулан ажилладаг байгаа. Ингээд кино хөгжмийн мастер зохиолч Үмебаяши Шигерүгийн алдарт бүтээлүүдийг жагсаан хүргэж байна.
Sorekara (And Then)
2046 - Main Theme
House of Flying Daggers - Lovers
The Grandmaster - Love Theme I
A Single Man - George's waltz
In the Mood for Love - Yumeji's theme
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт