Тэрээр цаашид уран бүтээлээ гаргасаар байх болно гэдгээ амласан юм
АНУ-ын дуучин Лана Дель Рей саяхан өөрийн бүх олон нийтийн сүлжээний хуудаснуудаа устгаснаар хэвлэл мэдээллийнхэн болон шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа. Тэрээр Instagram хуудсаа устгахын өмнөхөн нэгэн видео бичлэг нийтэлж ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарласан байна. Тодруулбал, тэрээр бусад хувийн ажил бөгөөд сонирхолдоо цаг заваа зарцуулах зорилгоор ийнхүү сошиалаас татгалзжээ.
"Би цаашид ч шүлэг бичиж, цомгуудаа үргэлжлүүлэн гаргах болно гэдгээ хэлмээр байна. Одоогоор ч шүлгийн богино түүвэр бүтээлээ бичиж байгаа. Би хаашаа ч алга болохгүй ээ. Мөн би дуртай зүйлсээ хийсээр байгаа бөгөөд зөвхөн хөгжмийн төлөө л амьдарч байна" хэмээн дуучин бүсгүй бичлэгтээ хэлсэн юм.
Тэрээр мөн ирэх сард олны хүртээл болох “Blue Banisters” цомгийнхоо талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн байна. "Энэхүү цомог маань миний хуучин болон цөөн хэдэн шинэ дуунуудыг агуулсан. Мөн зарим дуунуудыг манай гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хуучин хамт ажиллаж байсан хүмүүс маань зохиосон" хэмээжээ.
Төгсгөлд нь Лана Дель Рей өөрийг нь дэмждэг хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн юм. "Бас нэгэн зүйл хэлмээр байна. Миний уран бүтээлийг үргэлжлүүлэн дагаж байгаад та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол маш чухал билээ. Гэхдээ яг одоогийн байдлаар би харьцах хүмүүсийн хүрээгээ багасгаж, ур чадвар болон сонирхлоо үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна" хэмээн хэлээд бичлэгээ өндөрлөсөн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт