Леди Гага Гуччигийн аллагын тухай киноны гол дүрийг бүтээнэ

Ридли Скоттын шинэ бүтээл

Загварын салбарт триллер кино эсвэл цувралын эх зохиол болох хэд, хэдэн цочирдмоор хэргүүд өрнөж байсны нэг нь Gucci загварын ордны үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн ач хүү, Маурицио Гуччигийн захиалгат аллага юм. Тэгвэл одоо Оскарын шагналт кино найруулагч Ридли Скотт энэ түүхээр кино хийхээр болсон бөгөөд гол дүрд нь дуучин, жүжигчин Леди Гага тоглох нь батлагдлаа. Тодруулбал Оскарын шагналд нэр дэвшиж байсан бүсгүй дуулиант хэргийн гол баатар Патриция Режжианигийн дүрд тоглохоор болжээ.

Түүх сөхвөл Маурицио Гуччи 1995 онд өөрийн оффистоо буудуулан амь үрэгдсэн билээ. Үүнээс гурван жилийн дараа түүний хуучин эхнэр Патриция Режжиани Гуччигийн аллагыг захиалсан хэрэгт буруутгагдан олон жилийн ял эдэлсэн юм. Маурицио Гуччи ба Патриция Режжиани нар 12 жилийн турш ханилж, хоёр охины эцэг эх болсон ч 1985 онд Гуччи өөр эмэгтэйтэй гэрлэхийн тулд гэр бүлээ орхижээ. Улмаар Патриция охид нь өв хөрөнгө залгамжилж чадахгүй гэхээс айсандаа хуучин нөхрөө хөлсний алуурчинд захиалан хөнөөлгөсөн юм. Тэрээр 2016 онд буюу 18 жил ял эдэлсний эцэст суллагджээ.

Ридли Скоттын шинэ киноны зохиол Сара Гэй Фордены бичсэн "The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed" нэртэй номоос сэдэвлэгдэх болно.

Buro.Mongolia

2019-11-04, 10:00

  • Зураг: