MTV Movie and TV Awards нэр дэвшигчдийн хүйсийн ангиллыг арилгалаа

Эмма Уотсон шилдэг жүжигчний шагнал хүртэх магадлалтай

Бид хэд хоногийн өмнө MTV Movie Awards шагнал гардуулах ёслол цуврал киноны хэд, хэдэн номинаци нэмж MTV Movie and TV Awards гэх нэртэй болсныг мэдээллэж байсан. Тэгвэл одоo уг шагнал гардуулах ёслолд "Шилдэг эмэгтэй жүжигчин" ба "Шилдэг эрэгтэй жүжигчин" гэсэн хүйсээр ангилсан номинаци байхгүй боллоо. Үүний оронд MTV телевизийн төлөөлөгчид "Шилдэг жүжигчин" гэсэн нэг л төрлийг оруулахаар шийджээ.

Энэ зарчмаар бүрэн хэмжээний киноны шилдэг жүжигчний төрөлд Дэниел Калуя (Get Out ), Эмма Уотсон (Beauty and the Beast), Таражи Хенсон (Hidden Figures) нар нэр дэвшсэн байна. Мөн Эмилия Кларк (Game of Thrones), Милли Бобби Браун (Stranger Things), Дональд Гловер (Atlanta) нар шилдэг цувралын жүжигчин төрөлд өрсөлдөх болжээ. 

Энэ шинэчлэлтийн тухай MTV телевизийн ерөнхийлөгч Крис Маккарти хэлэхдээ, "Манай үзэгчид жүжигчдийг эрэгтэй, эмэгтэй гэсэн зарчмаар хувааж хардаггүй" гэж ярьсан байна.

MTV телевизийн энэхүү шийдвэрт "Billions" цувралын жүжигчин Азия Кейт Диллоны түүх нөлөөлжээ. Тэрээр хүмүүсийг хүйсийн шинж тэмдгээр нь ялгахыг үгүйсгэдэг аж. Тиймээс Emmy Awards шагнал гардуулах ёслолоос түүнийг "Шилдэг эрэгтэй жүжигчин" ба "Шилдэг эмэгтэй жүжигчин" номинацийн алинд нь нэрээ дэвшүүлэхийг хүсч байгааг асуухад тэр эхнийхийг нь сонгосон юм. Учир нь түүний үзэж буйгаар бол энэ нь хүмүүсийг амжилтаар нь бус харин хүйсийн шинж тэмдгийг нь онцолсон хэрэг гэнэ.

Эргэн сануулахад, Грэмми шагнал гардуулах ёслол  2012 онд уран бүтээлчдийг хүйсийн ангилалгүй нэр дэвшүүлдэг болсон юм. Үүнээс өмнө нь 2008 онд The National Television Awards шагнал гардуулах ёслол мөн ингэж эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг нэг болгож байсан түүхтэй. 

Buro.Mongolia

2017-04-10, 15:00

  • Зураг: