“Кино урлагийн түүх болон интернетийн түүх хоёр өөр зүйл”
Netflix-ийн бүтээсэн кинонуудыг Каннын кино наадмын үндсэн хөтөлбөрт өрсөлдөхийг нь албан ёсоор хориглосон байна. Ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь өнгөрсөн жил Netflix кино түрээсийн үйлчилгээний бүтээсэн "Okja" ба "The Meyerowitz Stories" гэх хоёр бүтээл кино театруудад огт гараагүй атлаа Каннын кино наадамд өрсөлдсөн нь маш их шүүмжлэлд өртсөн юм. Учир нь зөвхөн онлайн тавцангаар гардаг кинонууд нь кино түгээгч компаниудын хувьд ашиггүй нөхцөл байдал үүсгэж мөн кино наадмын тогтсон соёлтой нийцэхгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч тус кинонууд хэвлэл мэдээллийнхнээс өндөр үнэлгээ авч чадсан гэдгийг дурдах нь зүйтэй.
"Өнгөрсөн жил бид энэхүү хоёр киног сонгон авахдаа Netflix-ийг бүтээлүүдээ кино театрт гаргахаар ятгаж чадна гэж бодож байлаа. Бид үнэхээр бардам байсан бололтой. Учир нь тэд татгалзсан шүү дээ" гэж Каннын кино наадмын арт директор Тьерри Фермо хуваалцжээ.
"Кино урлагийн түүх ба интернетийн түүх бол хоёр өөр зүйл" гэж тэрээр нэмж онцолсон юм.
Тэгэхээр одооноос Каннын кино наадамд өрсөлдөх гэж байгаа бүтээлүүд заавал Францын кино театруудад гарсан байх ёстой болж байна.
Сонирхуулахад өмнө нь Тьерри Фермо Каннын кино наадмын зочдод улаан хивсний ёслолын үеэр селфи хийхийг хориглож, энэ үйлдэл нь "хошин бас тэнэг харагддаг" гэж хэлж байсан удаатай. Ингээд ч зогсохгүй тэрээр мөн кино наадамд оролцож байгаа бүтээлүүдийг сэтгүүлч ба кино шүүмжлэгчдэд зориулан урьдчилан үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байгаа.
Каннын 71 дэх удаагийн кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт