Трампын хориг: Ираны кино найруулагч Асгар Фархади Оскарт оролцох боломжгүй боллоо

Зарим лалын шашинтай улсын иргэдийг АНУ руу нэвтрэхийг хоригложээ

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн тавьсан хоригийн улмаас Асгар Фархади Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож чадахгүй боллоо

Иран улсаас гаралтай кино найруулагч Асгар Фархади 89 дэх удаагийн Оскарын наадамд "The Salesmam" киногоороо "Шилдэг гадаад хэл дээрх кино" төрөлд нэр дэвшсэн билээ. Гэвч одоо тэрээр энэхүү нэр хүндтэй наадмын ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжгүй болж байна. Учир нь Дональд Трамп терроризмтой тэмцэх зорилгоор лалын шашинтай долоон улсын иргэдийг гурван сарын хугацаанд АНУ-ын хилээр нэвтрэхгүй байх хориг тавиад байгаа юм. Энэхүү жагсаалтанд Иран, Ирак, Сири, Судан, Ливи, Сомали ба Йемен улсууд багтжээ.

"The Salesman" киноны найруулагч Оскарын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадахгүй болсныг Иран-Америкийн зөвлөлийн тэргүүн Трита Парси Twitter хуудсандаа бичиж баталсан байна.

Америкийн кино академи дэлхийн олон орны уран бүтээлчдийг дэмждэг бөгөөд хүний эрхийг хамгаалахыг дэмждэг тул энэхүү шинэ ерөнхийлөгчийн шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа юм. Тэд Асгар Фархади ба зураг авалтын багийг АНУ руу нэвтрүүлэхгүй болсонд түгшиж буйгаа илэрхийлжээ.

Buro.Mongolia

2017-01-30, 11:00

  • Зураг: