Академийн шагнал гардуулах ёслол бүх цаг үед л тухайн жилийнхээ улс төрийн болон нийгмийн асуудлыг ямар нэгэн байдлаар хөндсөөр ирсэн бөгөөд энэ жил ч энэ уламжлалаа алдсангүй. Тодруулбал, ёслолд оролцсон хэд хэдэн алдартнууд Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэх зорилгоор "#WithRefugees" гэх олон улсын дүрвэгсдийг дэмжсэн цэнхэр өнгийн тууз энгэртээ зүүлээ.
Жүжигчин Жейми Ли Кертис, "Pachinko"-ийн Юн Ё Жон болон дуу зохиолч Дайан Уоррен тэрхүү НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас тараасан "#Дүрвэгсэдтэй" гэх туузыг зүүсэн бол Жейсон Момоа Украины төрийн далбааны өнгө болох цэнхэр-шар өнгийн энгэрийн алчуур сонгожээ.
Кертисээс цэнхэр туузын талаар асуутал тэрээр "Би хүмүүсийн анхаарлыг дүрвэгсдийн хямралд хандуулахыг хүссэн. Хүмүүс сэрэх хэрэгтэй байна. Энэ бол хүмүүнлэгийн хямрал. Дүрвэгсдийн асуудал маш бодит бөгөөд хурц байна. Гэр оронгүй, эх оронгүй болсон хүмүүсийн түүх бол бодит асуудал. Тэдэнд тусламж, гэр орон, дэмжлэг хэрэгтэй байна" хэмээн хэлсэн билээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр зочид мөн Украины ард иргэдийг дэмжиж буйгаа харуулах зорилгоор хэсэг чимээгүй суусан бөгөөд энэ үеэр "Яг одоо өөрсдийн нутаг дэвсгэр дээр халдлагад өртөж, шударга бус түрэмгийлэлтэй нүүр тулж буй Украины ард иргэдийг бид дэмжиж байна. Аливаа мөргөлдөөний үед бид кино урлагаар дамжуулан хүмүүнлэг чанараа харуулах боломжтой байдаг ч яг одоо бодит байдал дээр Украины хэдэн сая гэр бүлд хоол, эмнэлгийн яаралтай тусламж, цэвэр ус хэрэгтэй байна. Нөөц маш хомс байгаа тул бид дэлхийн нийгэмлэг гэдгээ ухааран тэдэнд туслахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Бид та бүхнээс Украины ард иргэдэд чадахаараа тусалж, дэмжихийг асууж байна" гэх мэдэгдэл дэлгэцнээ гарсан юм.
Түүнчлэн жүжигчин Мила Кунис үг хэлэхээр тайзнаа гарахдаа Украинд өрнөж буй Оросын халдлагад амь үрэгдсэн хүмүүст хүндлэл үзүүлэн "Сүүлийн үед дэлхийд болж буй үйл явдлууд бидний сэтгэлийг маш их гонсойлгож байна. Хэдий тийм ч ийм хүнд үетэй нүүр тулж буй хүмүүсийн гаргах тэр их хүч чадал, шударга зан, агуу их тэсвэр тэвчээрийг харах үед сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Төсөөлшгүй энэ харанхуйд өөрөөсөө хүч олон тэмцэж буй тэр хүмүүсийг бид биширч байна" хэмээн хэлсэн билээ.
Мила Кунис Украинд төрсөн ба түүний нөхөр Эштон Катчер Украины ард иргэдэд туслах зорилгоор 35 сая ам.доллар босгож, өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдон цаашид хүмүүнлэгийн тусламжийг илүү хүртээмжтэй болгох талаар ярилцсан байна.