Жорж Р.Р. Мартин "Game of Thrones"-ын номын төгсгөл цувралынхаас өөр байна гэдгийг амлалаа

Цувралын төгсгөл зохиолчийн урмыг хугалсан гэв

Алдарт "Game of Thrones" цувралын төгсгөлийн анги дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн сэтгэлд нийцээгүй нь тодорхой болсон билээ. Тэгвэл уг бүтээлийн зохиолч Жорж Р.Р. Мартин WTTW онлайн сувагт өгсөн ярилцлагадаа "Game of Thrones" цувралын үндэс суурь болсон "A Song of Ice and Fire" уран зөгнөлт цуврал номын төгсгөл HBO сувгаар үзүүлснээс өөр байх болно гэдгийг мэдэгдсэн байна. Тэрээр төгсгөлд ямар өөрчлөлт орохыг тодруулаагүй бөгөөд зохиолоо бичиж байгаа хэмээн дурджээ.

“Цувралын зураг авалт дөнгөж эхэлж байхад миний дөрвөн ном хэвлэгдсэн байсан. Харин тав дах ном маань нь уг цувралтай зэрэгцэн бүтээгдсэн юм. Цувралыг бүтээж буй хүмүүс намайг гүйцнэ гэж би бодоогүй ч надаас хурдан дуусгачихсан. Тэд намайг гүйцээд барахгүй бүр түрүүлж чадсан шүү! Гэвч цуврал миний хүссэнээс өөр чиглэл рүү явж эхэлсэн” хэмээн Мартин хэлсэн юм.

“Би 1991 оноос хойш Вестерос болон тэнд амьдардаг хүмүүсийн тухай, Долоон хаант улсын тухай өгүүллэг зохиож ирсэн. Надад тэдний түүхүүдээс хуваалцах өөр олон зүйл бий” хэмээн зохиолч нэмж хэлсэн байна.

Танд сонирхуулахад, ирэх 2022 онд арван ангитай "Game of Thrones" цувралаас сэдэвлэн “House of the Dragon” приквел цуврал гарах билээ. Тус цувралаар Таргариен удмын талаар өгүүлэх юм.

Buro.Mongolia

2021-06-29, 12:18