Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Дэлхийн тэргүүлэх бугуйн цагны брэндүүд шинэ загваруудаа дэлгэж байна
Жил бүрийн өдийд Швейцари улсын Базель хотод бугуйн цаг ба үнэт эдлэлийн дэлхийн тэргүүлэх брэндүүд цугларч, шинэ загвараа танилцуулдаг уламжлалтай. Ийнхүү 2018 оны Baselworld үзэсгэлэн хуваарийнхаа дагуу гуравдугаар сарын 22-27 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хүүхдүүд Disneyland-д очин уулга алддаг шиг, бугуйн цагны сонирхогчид Baselworld арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг. Ийм ч учраас бид энэхүү үзэсгэлэн дээр танилцуулагдсан шилдгийн шилдэг бугуйн цагуудыг уншигчиддаа тоймлон хүргэж байна.
Rolex - GMT Master II
2018 он нь Rolex брэндийн хувьд бас нэгэн томоохон жил болж байна. Учир нь бугуйн цагны салбарын хүн бүр Rolex-ийн Baselworld дээр танилцуулсан шинэ спорт загварын талаар ярьцгааж байна. Baselworld-ийн энэ жилийн онцлох од болсон GMT Master II гэх шинэ загвар нь танилцуулагдсан даруйдаа шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, Rolex цуглуулагчдын хүслийн жагсаалтад орсон юм. Үргэлж шинэлэг зүйл нэвтрүүлдэг Rolex брэнд энэ загвартаа анх удаа "Pepsi" гэх улаан ба хөх өнгийн керамик тойрог суурилуулснаараа олны анхаарлыг татсан байгаа.
GMT Master II цаг нь цэвэр ган Oyster эх бие Jubilee оосортой "Oystersteel", бүхэлдээ 18 каратын Everose алтаар хийгдсэн "Everose", мөн ган ба 18 каратын ягаан алтыг хослуулсан "Everose Rolesor" гэх нийт гурван хувилбараар гарчээ.
Patek Philippe - Golden Ellipse
Дэлхийн хамгийн нэр хүндтэй бугуйн цагны брэндүүдийн нэг болох Patek Philippe нь саяхан Instagram хуудас нээснээс хойш илүү залуу үеийн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд үүнийгээ дагаад илүү шинэлэг дизайнууд гаргаж байна. Брэнд энэ удаад Ellipse загварынхаа 50 жилийн ойг тэмдэглэж, бүхэлдээ хар өнгийн нүүртэй, ягаан алтан детальтай хувилбар танилцууллаа. Энэ загвар нь үзэсгэлэн дээрх олон төрлийн цагууд дунд хамгийн энгийн атлаа тансаг, Gatsby маягийн дэгжин мэдрэмж төрүүлснээрээ онцлог болсон юм.
Breguet - Marine 5517
Өнгөрсөн жил шинэчлэгдсэн их биетэй Marine Equation of Time гэх шинэ бугуйн цагийг танилцуулснаас хойш Breguet брэнд дахин нэг удаа Marine загварыг онцолж, цоо шинэ цувралтай эргэн ирж байна. Marine 5517 цуглуулгад ягаан ба цагаан алтан загваруудаас гадна, анх удаа титанаар хийгдсэн хувилбар багтсан нь Marine-ы илүү спортлог хувилбар болж байгаа юм. Алтан загварууд гоёмсог цэнхэр нүүртэй бол, титан загвар нь саарал нүүртэйгээр санал болгогдсон байгаа.
Chopard - Quattro L.U.C
Baselworld 2018 үзэсгэлэн дээр Chopard ордон домогт Quattro L.U.C загварынхаа шинэ хувилбарыг танилцууллаа. Энэхүү цаг нь 216 цаг бүхий гайхалтай их эрчим хүчний нөөцтэй бөгөөд гоёмсог ягаан алтаар хийгдэж, Saffiano арьсаар бүтээгдсэн цэнхэр өнгийн өвөрмөц оосортой байгаа. Шинэчлэгдсэн Quattro L.U.C загвар ердөө 50 ширхэг үйлдвэрлэгдэх нь уг цагийг бүр ч илүү хүсэмжит болгож байгаа юм.
Tag Heuer - Carrera Calibre 16 Chronograph
Анх 1963 онд төрсөн Carrera загварын 55 жилийн ойн баярыг тохиолдуулан, Tag Heuer брэнд шинэ Carrera Calibre 16 Chronograph хувилбарыг танилцуулж байна. Автомашины уралдааны түүхийг өөртөө агуулах энэхүү 1970-аад оныг санагдуулам винтэж аястай бугуйн цаг нь цэнхэр өнгийн нүүртэй, тод улаан спортлог оруулгатай бөгөөд ган их биетэй юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт