Анхны бүхэн Rolex-оос эхлэлтэй: Дэлхийн дээд рекорд тогтоож түүх бичилцсэн бугуйн цаг

Rolex гэдэг нэр зөвхөн тансаг зэрэглэлийн цагны брэндийг илтгээд зогсохгүй өндөр чанар, дэвшилтэт технологи, мөн амжилтын бэлгэ тэмдэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Цаг үргэлж шинийг сэдэж, өөрсдийгөө сорьсоор ирсэн Rolex брэнд цагны салбарын анхны гэсэн бүхий л зүйлсийг зохион бүтээж, хүн төрөлхтний түүхэн үйл явдлуудын нэгээхэн хэсэг болсоор байгаа юм. Дэлхийн анхны өөрийгөө цэнэглэдэг цаг, анхны огноо заадаг цаг, анхны ус ба тоосны хамгаалалттай цаг, анхны 100 метрийн гүнд тэсвэртэй цаг гээд шинэ нээлт бүрийг Rolex хийж, ингэх бүртээ энэ салбарыг шинэ түвшинд хүргэж байлаа.

Эд анги бүрийг нь гар аргаар урлаж, олон үе шаттай нарийн шалгалтаар оруулсны дараа ямар ч өө сэвгүй урлагийн бүтээл бэлэн болдог. Тиймдээ ч Rolex цаг нь олон арван жилийн турш алдартнууд, дэлхийн удирдагчид, цаг цуглуулагчдын хүсэмжит зүйл болсоор ирсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр үнэ цэнэтэй болж, удам дамжин өвлөгдөн үлдэх үнэт эдлэлд тооцогддог юм. Брэндийн нэрийн хуудас болсон өндөр нарийвчлал, төгс чанар нь эзэндээ өндөр сэтгэл ханамжийг өгдөг ба өнөөдрийн Rolex брэндийн амжилт ч үүнтэй нягт холбоотой. 1905 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийг байлдан дагуулж буй энэхүү бугуйн цагны брэндийн оргил бөгөөд онцлох мөчүүдийг хүргэж байна.

1905

Rolex компани үүсгэн байгуулагдав

Дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгчдийн нэгт зүй ёсоор тооцогддог Rolex брэндийн түүх тэр чигтээ Ханс Вильсдорфын алсын хараа, мөрөөдөлтэй салшгүй холбоотой. 1905 онд дөнгөж 24 нас хүрсэн Ханс Вильсдорф хүргэн ах Альфред Дэвисийн хамтаар Лондон хотод цаг борлуулалтын компани нээсэн байдаг. Ханс цагийг бугуйндаа зүүхийг мөрөөдөж байсан авч тухайн үеийн бугуйн цагууд тийм ч нарийн тооцоололтой байгаагүй бөгөөд ерөнхийдөө бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн үүргийг гүйцэтгэж байсан гэдэг. Ингээд л Ханс бугуйн цагийг гоёмсог аксесуар төдийгүй өндөр нарийвчлалтай, эрчүүдийн хэрэгсэл байж болохыг урьдчилан харснаар өнөөдрийн Rolex брэндийн амжилтын үндэс тавигджээ.

1908

Rolex нэрийг патентлав

Дэлхийн олон брэндүүд ихэвчлэн үүсгэн байгуулагчийнхаа нэрийг авдаг бол Ханс Вильсдорф энэ уламжлалыг дагалгүй шинэлэг арга барилаар хандахыг хичээсэн байдаг. Ханс Вильсдорф түүний бүтээсэн цагууд богино нэртэй, хэлэхэд хялбар, ямар ч хэлнээс амархан цээжлэгддэг бас энэ нэр нь цагны нүүр болон механизм дээр гоёмсог харагддаг байлгахыг хүсжээ. Тэрбээр цагаан толгойн бүхий л үсгийг хооронд нь холбож үзсэн ч, оновчтой нэр гарч ирэхгүй л байв. Түүний хэлснээр нэгэн өглөө Лондон хотын Чипсайд дахь морин тойруулга дээр явж байх үед нь хэн нэгэн түүний чихэнд "Rolex" хэмээн шивнэх шиг болсон гэдэг.

1910

COSC сертификат авсан анхны бугуйн цаг болов

Rolex-ийн зохион бүтээгчид юуны түрүүнд бугуйн цагны механизмын чанарт анхаарлаа төвлөрүүлж байлаа. Хронометрын нарийвчлалыг бүтээхийн тулд зогсоо зайгүй эрэл хайгуул хийсний эцэст тэд амжилтад хүрч, 1910 он гэхэд Швейцарын Бьенн дахь цаг үнэлгээний төвөөс олгодог Swiss Certificate of Chronometric Precision (COSC) сертификатыг хүртсэн анхны бугуйн цаг болсон юм. Энэ цагаас хойш Rolex брэндийн бугуйн цаг өндөр нарийвчлалыг бэлгэддэг болжээ.

1926

Дэлхийн анхны ус ба тоосны хамгаалалттай цаг

Rolex брэнд ус ба тоосны хамгаалалттай бугуйн цаг бүтээснээр цагны салбарт жинхэнэ нээлт хийж, асар их амжилтыг олов. Цагны механизм яг л хясаа сувдаа бүрхэн хамгаалдагтай адил бат бөх, битүү эх биеэр хамгаалагдсан байсан тул зохион бүтээгчид "Oyster" буюу орчуулбал "Хясаа" гэх нэрийг өгчээ.

1927

Брэндийн төлөөлөгч гэх концепцийг зохиов

Ус, тоос нэвтэрдэггүй хэмээн олон нийтэд зарлах нь нэг хэрэг ч хэлсэн зүйлээ батлах нь огт өөр хэрэг. 1927 онд Английн залуу усанд сэлэгч Мерседес Гляйтце бугуйндаа Rolex Oyster цаг зүүн Ла Маншийн хоолойг хөндлөн гаталжээ. Нийт 10 орчим цаг усанд "сэлсэн" бугуйн цагны механизм аяллын дараа ч төгс ажиллаж байлаа. Rolex брэнд Ла Маншийн хоолойг амжилттай гаталсныг тэмдэглэж, мөн Oyster цагны бат бөх байдлыг тунхаглан Daily Mail сонины нүүр хуудсыг бүхэлд нь худалдан авч, төлбөрт нийтлэл байршуулснаар дэлхий нийт Ла Маншийн хоолой, Мерседес Гляйтце болон түүний бугуй дахь Oyster цагны тухай олж мэдсэн юм. Энэ үйл явдал брэндийн төлөөлөгч гэх шинэ концепцийн үндсийг тавьсан билээ.

1931

Дэлхийн анхны өөрийгөө цэнэглэдэг цаг

Rolex технологийн дэвшлийн гайхамшгийг харуулж 1931 он гэхэд дэлхийн хамгийн анхны өөрөө өөрийгөө цэнэглэн зогсолтгүй ажилладаг механизмтай цаг зохион бүтээж, энэ дэвшилтэт технологио патентлав. Урлагийн бүтээл болсон энэхүү ухаалаг систем нь өнөөдөр ч гэсэн орчин үеийн автомат бугуйн цаг бүрийн "зүрхэнд" цохилсоор байна.

1945

Дэлхийн анхны огноо заадаг цаг Datejust

1945 онд зөвхөн цаг хугацаа заагаад зогсохгүй дэлхийн анхны огноо заадаг Datejust бугуйн цаг мэндэлжээ. Datejust загвар нь бүх талаараа онцгойрч байлаа. Жишээ нь зөвхөн энэ загварт тусгайлан бүтээгдсэн "Jubilee" оосор, биржгэр ирмэгтэй тойрог зэрэг нь Rolex Datejust цагны таних тэмдэг болж байв. Өнөөдөр энэ бүхэн "Oyster" цуглуулгын үндсэн элементүүдэд тооцогдож байна. Мөн анхнаасаа эрчүүдэд зориулан бүтээгдэж байсан Datejust дараагийн арваад жилд эмэгтэйчүүдэд зориулсан олон янзын загвартайгаар худалдаанд гарсан байдаг.

1953

Эверест ууланд гарсан дэлхийн анхны цаг Oyster Perpetual

1950-аад оны эхээр Rolex брэнд зөвхөн цаг хугацаа заахаас илүү олон үйлдлийг өөртөө агуулсан мэргэжлийн бугуйн цагуудыг урлах болсон юм. Эдгээр цагууд нь далайн гүнд шумбагчид, нисгэгчид, уулчид, шинжлэх ухааны судлаачид зэрэг салбар, салбарын мэргэжилтнүүдэд тусгайлан зориулагдсан байлаа. 1953 онд Жон Хантын домогт экспедицийн үеэр Сэр Эдмунд Хиллари газарч-уулчин Дэнзэн Норгайн хамтаар хүн төрөлхтний түүхэнд анх удаа Эверест оргилд гарсан байдаг. Тэдний бугуйг Oyster Perpetual цаг чимж байсан бөгөөд ингэснээр Rolex брэндийн бугуйн цаг хүн төрөлхтний түүхийн нэгээхэн хэсэг болсон юм. Rolex дэлхийн түүхэнд шинэ хуудас нээсэн энэ адал явдлаас сэдэвлэн Oyster Perpetual Explorer бугуйн цагийг бүтээсэн нь тэр даруйдаа домогт загваруудын эгнээнд нэгджээ.

1953

Дэлхийн хамгийн анхны 100 м гүнд тэсвэртэй бугуйн цаг Submariner Date

Тус онд бугуйн цагны түүхэнд бас нэгэн домогт бүтээл төрсөн нь Submariner загвар байлаа. Мэргэжлийн шумбагчдад тусгайлан зориулсан энэхүү бугуйн цаг нь 100 м хүртэлх гүнд ус нэвтэрдэггүй бөгөөд эргэлддэг тойрог нь шумбагчдад хэр удаан шумбаж байгааг нь харуулдгаараа давуу талтай.

1955

Дэлхийн хамгийн анхны нэгэн зэрэг хоёр цагийн бүс харуулдаг GMT-Master цаг

1950-аад оны эхээр тив хоорондын аялал, олон улсын нислэгүүд дэлгэрснээр хүмүүст анх удаа дэлхийн олон цэгт цаг хэд болж байгааг мэдэх шаардлага гарсан юм. Энэ эрэлтийг хангах зорилгоор анх GMT-Master бугуйн цагийг нисгэгчдэд зориулж бүтээсэн байдаг. Удалгүй уг загвар нь Pan American World Airways буюу Pan Am зэрэг Америкийн алдартай агаарын тээврийн компаниудын албан ёсны цаг болсон байв. Нисгэгчдийн дурладаг GMT-Master загвар нь нэгэн зэрэг хоёр цагийн бүс харуулдаг бөгөөд өдөр ба шөнийг ялгах хоёр өнгийн тойргоороо онцгойрдог.

1956

Дэлхийн хамгийн анхны огноо болон гараг заадаг Day-Date цаг

Rolex 1956 онд Oyster Perpetual Day-Date загварыг танилцууллаа. Зөвхөн 18 каратын алт болон платин эх биеийн сонголттойгоор бүтээгдсэн уг загвар нь огноо төдийгүй долоо хоногийн гарагийн нэрийг бүтнээр нь нүүрэн дээр харуулдгаараа онцлог болсон юм. Мөн зөвхөн Day-Date загварт тусгайлан бүтээгдсэн President оосрын тусламжтай энэхүү цаг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн зүүдэг бугуйн цагны жишгийг өнөөдрийг хүртэл тогтоосоор байна.

1960

Дэлхийн хамгийн анхны 10,916 м далайн гүнд тэсвэртэй Deep Sea Special цаг

1950-аад онд Rolex брэнд Deep Sea Special гэх туршилтын цаг бүтээж, усан доор сорилтууд явуулж байлаа. Өмнөх туршлагууд дээр суурилан бүтээгдсэн гурав дах Deep Sea Special цаг нь байгалийн экстрим нөхцөлд тэсвэртэй байхаар зохион бүтээгджээ. Ингээд 1960 онд Deep Sea Special загвар Дон Уолш ба Жек Пиккард нарын алдарт экспедицэд нэгдэн Дэлхийн хамгийн гүн цэг (10,916 м) болох Марианы хонхорт бууснаар Rolex брэнд бараг л боломжгүй зүйлийг гүйцэтгэж, дахин дэлхийн түүхэнд бичигдэж чадсан юм.

1967

Дэлхийн хамгийн анхны 610 м гүнд тэсвэртэй Oyster Perpetual Sea-Dweller 2000 цаг

1967 онд мэргэжлийн шумбагчдын хэрэгцээнд зориулж зохион бүтээгдсэн Oyster Perpetual Sea-Dweller цагны эх биед тусгай гели таг суулгаж өгсөн бөгөөд ингэснээр далайн гүн дэх барокамер доторх өндөр даралтат нөхцөлд цагны механизм гэмтэх аюулгүй болжээ.

1978

Дэлхийн хамгийн анхны 1,220 м гүнд тэсвэртэй Oyster Perpetual Sea-Dweller 4000 цаг

Rolex брэнд алдарт Oyster Perpetual Sea-Dweller 2000 хувилбараа шинэчлэн 1,220 м далайн гүний ус болон өндөр даралтад тэсвэртэй сайжруулсан загварыг зохион бүтээв.

1985

Дэлхийд анх удаа 904L зэвэрдэггүй ган ашиглав

Rolex брэндийн бүх ган цагууд тус компанийн нэрийн Rolex 904L нэртэй хайлшаар бүтээгддэг. Энэхүү ган нь 2018 оноос эхлэн "Oystersteel" гэх нэрийг авсан юм. Технологи, сансар, химийн салбарт өргөнөөр ашиглагддаг энэхүү ган нь зэвэрдэггүй чанараараа үнэт металлтай ижил түвшинд байдаг бөгөөд өнгөлсөн тохиолдолд гайхалтай гялалзаж харагддагаараа давуу талтай. 1985 онд Rolex бусад брэндүүдээс түрүүлж хамгийн бат бөх бөгөөд хамгийн үнэтэй 904L гангаар цагуудаа урласан байдаг.

2012

Дэлхийн хамгийн анхны 12,000 м далайн гүнд тэсвэртэй The Deepsea Challenge

2012 онд нэрт кино найруулагч, National Geographic-ийн судлаачдын багийн гишүүн Жеймс Камерон дэлхийн хамгийн гүнзгий цэг болох Марианы хонхорт хүрсэн байдаг. Ингэснээр тэрбээр тус хонхорт ганцаараа очсон мөн 1960 оны экспедицээс хойш тэнд дахин хүрсэн цорын ганц хүн болсон юм. Тэгвэл зөвхөн Rolex цаг л энэ аяллыг хоёр удаа хийсэн байна. Энэхүү маш аюултай бөгөөд мартагдашгүй аялалд алдарт найруулагчийн бугуйг Deepsea Challenge загварын цаг чимж байжээ. 12,000 м далайн гүнд ус болон асар өндөр даралтаас хамгаалагдсан уг загвар нь ийнхүү дэлхийн дээд рекордыг эзэмшив.

Buro.Mongolia

2019-05-22, 10:41