Энэ зуны тренд гутал: Мэри Жейн

Загварынхан одоог хүртэл балетын гоо зүйг түгээн дэлгэрүүлсээр байна. Балеткор гэх нэршил авсан энэхүү хэв маяг нь загварын бие даасан урсгал болтлоо өргөжөөд байгаа юм. Зөөлөн ягаан өнгө, нейлонон материалтай мини юбка, үсний даавуун даруулга, цагаан трико, давхар зөрлөгтэй уяагаар бэхэлдэг кроп топ нь тус хэв маягийг тодорхойлдог. Эдгээрээс гадна гол анхаарал каскины хэлбэрээс сэдэвлэн урласан гутлын загвар дээр төвлөрөөд байгаа юм. Алдарт Miu Miu-гийн балетын гутал бол үүний нэгэн жишээ билээ. Үүний сацуу бөөрөнхий хоншоор, хавтгай ултай, шагайн хэсэг нь арлаар бэхлэгддэг Мэри Жейн стилийн гутал зуны хувцасны шүүгээний гол бүрдүүлэгч нь болоод байна.

Мэри Жейн гэх нэр 1904 оноос гаралтай бөгөөд гутал үйлдвэрлэгч Brown Shoe компани анхны суурийг нь тавьж байжээ. Тэд тухайн үед гардаг байсан “Buster Brown” комикийн дүр Мэри Жейнээр өөрсдийн гутлаа нэрийдэж байсан юм. Эхэндээ зөвхөн хүүхдүүд өмсдөг байсан гутал Дэлхийн нэгдүгээр дайн дуусаж эмэгтэйчүүдийн хувцас загварт хувьсал явагдаж эхэлсэн 1920-иод онд хүмүүсийн хараанд өртөж байжээ. Улмаар 1960-аад онд Мэри Жейн гутал хувьсал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг хүртэл болсон юм. Тодруулбал, эмэгтэйчүүд тухайн үед Мэри Жейнийг богино юбка, клеш загварын өмдтэй хослуулан өмсөж эрхийнхээ төлөө тэмцэж байлаа. Цаашлаад 1990-ээд онд ретро хэв маягийн сэргэн мандалтаас үүдэн Мэри Жейн загвар эргэн моодонд орж байсан түүхтэй билээ.

Орчин үед Bottega Veneta, Prada, The Row, Khaite, Alaia болон бусад загварын орднууд тус стилиэр туурвиж арьс, эсгий, хамба хилэн зэргээр материалынхаа хэрэглээг төрөлжүүлж байна. Мэри Жейныг та дэлгүүрт, далайн эрэг дээр, ажилдаа гээд хаана ч өмсөх боломжтой. Мөн намхан ултай, дугуйрсан хэлбэртэй тул тав тухыг тань хангаж чадна.

Buro.Mongolia

2023-06-15, 18:53