Rolex брэндийн шинэ бүтээлүүд: Шинэ өнгө, шинэ хэмжээ, шинэ хөдөлгүүр

Rolex брэнд шинэчлэгдсэн Submariner, Datejust, Oyster Perpetual, Sky-Dweller бугуйн цагууд танилцууллаа

Швейцарын алдарт тансаг зэрэглэлийн бугуйн цагны Rolex брэнд 2020 оны цоо шинэ загваруудаа танилцууллаа. Коронавирусын улмаас зогсолтод ороод байсан бугуйн цагны салбарын хувьд энэхүү үйл явдал нь удаан хугацааны турш хүсэн хүлээсэн шинэчлэлт бoллоо. Гоёмсог дизайн, үнэт эдлэл, техникийн дэвшил, өндөр нарийвчлал болон найдвартай байдлыг нэгтгэсэн Rolex брэндийн шинэ бүтээлүүд аль хэдийнэ цаг сонирхогчдын харцыг булааж, цуглуулгадаа нэмэх хүсэмжит загваруудаар тодроод байна.

Далайн гүн дэх урлагийн бүтээл Submariner

Шинээр танилцуулагдсан цагууд дундаас "бялуун дээрх жимс" нь 300 м хүртэлх далайн гүнд тэсвэртэй Rolex Oyster Perpetual Submariner байлаа. Анх 1953 онд мэргэжлийн шумбагчдад зориулан бүтээгдсэн энэхүү домогт загвар нь хамгийн сүүлд 2012 онд шинэчлэгдэж байсан түүхтэй. 2020 оны шинэ загварт хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл нь мэдээж хэрэг илүү том хэмжээтэй эх бие (41 мм) байсан бөгөөд үүнийгээ дагаад цагны оосор ч илүү өргөн болсон байгаа.

Гэхдээ хамаг сонирхолтой зүйлс нь цагны эх бие дотор нуугдаж байгаа юм. Амьдрал нь шууд утгаараа минут, секундээр хэмжигдэж байдаг мэргэжлийн шумбагчдын хувьд цаг хугацааг байж болох хамгийн өндөр нарийвчлалаар мэдэж байх нь тэднийг цаашид амьд үлдэх эсэхийг шийддэг. Oystersteel гангаар хийгдсэн шинэ Submariner нь өндөр нарийвчлалтай 3230 хөдөлгүүрээр тоноглогдсон тул тэдний энэ хэрэгцээг төгс хангаж чаддаг байна. Үүнээс гадна шинэ хөдөлгүүрт Parachrom гэх пүрш суулгаж өгснөөр өмнөх загваруудтай харьцуулахад доргилт, цохилт гээд гадны нөлөөнд 10 дахин илүү тэсвэртэй болжээ. Submariner загвар нь хар өнгийн дэлгэц болон үүнтэй ижилсэх нэг чиглэлээр эргэдэг хар өнгийн Cerachrom диск бүхий тойрогтойгоор худалдаанд гарч байна. Түүнчлэн цагийн зүү болон тоонуудыг Chromalight гэх гэрэлтдэг дэвшилтэт материалаар хийснээр ямар ч харанхуй орчинд цаг хугацааг найдвартай харуулах чадвартай болжээ.

Зөвхөн цаг хугацаа төдийгүй огноо заадаг Oyster Perpetual Submariner Date загварын зүрхэнд 3235 хөдөлгүүр цохилж байна. Энэхүү шинэ загвар нь Oystersteel ган болон ногоон өнгийн тойрогтой, 18 каратын цагаан алт болон хар нүүртэй, шар алтан деталь болон ган эсвэл хөх өнгийн тойрогтой, эргэдэг тойрог болон хөх өнгийн Cerachrom дисктэй зэрэг нийт хэд, хэдэн төрлийн шинэ сонголттойгоор танилцуулагджээ. Шинэ загварууд бүгд зэврэлт болон зурагдалтад тэсвэртэй Oystersteel гангаар бүтээгдсэн тул экстрим нөхцөл байдалд ч анхны төрхөө хадгалан үлдэнэ. Мэргэжлийн шумбагчдад тусгайлан зориулж бүтээгдсэн эдгээр бугуйн цагууд нь мөн л Chromalight гэх харанхуйд гэрэлтэн харагддаг нүүртэй болжээ.

Сонгодог бугуйн цагны бэлгэ тэмдэг болсон Datejust

Анх 1945 онд танилцуулагдаж, энэ цагаас эхлэн Rolex-ийн хэзээ ч хуучрашгүй сонгодог стиль, технологийн дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Datejust бугуйн цаг шинэчлэгдэн гарч байна. Rolex брэнд Oyster Perpetual Datejust 31 загвартаа цагаан алтан Rolesor стилийн (Oystersteel ган болон 18 каратын цагаан алтыг хослуулсан) дөрвөн шинэ загварыг нэмсэн байна. Тэдгээрээс хамгийн их харц булаасан нь 46 ширхэг алмаз эрдэнэ шигтгэсэн тойрог, нил ягаан өнгийн нүүр, алмаз эрдэнээр бүрхсэн VI тоотой загвар байлаа. Үүнээс гадна гааны ногоон, танан цагаан, бараан саарал өнгийн нүүртэй хувилбарууд танилцуулагджээ. Хөдөлгүүрийн хувьд 31 мм диаметртэй загваруудад шинэ үеийн 2236 хөдөлгүүр суулгаж өгсөн байна.

Datejust 36 цаг нь 3235 хөдөлгүүртэй бөгөөд 18 каратын Everose алт, 24 ширхэг алмаз эрдэнэ шигтгэсэн тойрог, металлик (родий) өнгийн нүүртэй болон нугалаатай тойрог, хар өнгийн нүүртэй гэсэн хоёр янзын сонголттой. Харин илүү өргөн буюу 41 мм диаметртэй Datejust 41 загварт мөн л 3235 хөдөлгүүр суулгаж, оргилуун дарсны өнгөтэй нүүр, хоёр өнгөт "Jubilee" оосортойгоор урлажээ.

Өнгөний тэсрэлтийг мэдрүүлэх Oyster Perpetual

Rolex брэнд шинэ үеийн, тод өнгийн сонголтуудтай Oyster Perpetual 41, Oyster Perpetual 36 болон Oyster Perpetual 31 загварыг танилцуулсан байна. Oyster Perpetual 36 загвар нь хөөсөн чихрийн ягаан, нарны цацраг мэт улбар шар, ой модны ногоон, мөсөн цэнхэр гэсэн нүд гялбам тод өнгийн сонголттой хувилбаруудыг танилцуулж хувьсгал хийлээ. Эдгээр өнгөнүүдээс гадна 31 мм диаметр, өндөр нарийвчлал бүхий 2232 хөдөлгүүртэй, шүрэн улаан өнгийн Oyster Perpetual 31 цаг танилцуулагдсан байгаа.

Харин илүү өргөн Oyster Perpetual 41 цаг нь мөнгөлөг болон хар өнгийн нүүртэйгээр худалдаанд гарсан байна. Oyster Perpetual 31 цагнаас бусад бүх загварууд 2020 оны шинэ 3230 хөдөлгүүртэй болсноос гадна харанхуйд гэрэлтдэг Chromalight технологийг нэмжээ. Мэдээж хэрэг шинэ загварууд зэврэлт, зурагдалтад тэсвэртэй Oystersteel ган, гоо зүйн өндөр мэдрэмжийг илэрхийлэх Oyster оосор гээд Rolex-ийн таних тэмдэг болсон бүхий л элементүүдийг агуулсан байна.

Дэлхийгээр аялагчдын сонголт болсон Sky-Dweller

Анх 2012 онд аялагчдад зориулан бүтээгдэж байсан харьцангуй залуу гэж хэлж болох Oyster Perpetual Sky-Dweller загвар нь 2020 онд тусгай уян хатан материалаар хийгдсэн Oysterflex оосортой болон шинэчлэгдэж байна. Тогтмол аялж, үргэлж хөдөлгөөнд оршдог эрч хүчтэй хүмүүст тусгайлан зориулагдсан 42 мм диаметртэй энэхүү шинэ загвар нь технологийн дэвшилтэт шийдлүүдийг өөртөө агуулснаараа онцлогтой. Жишээ нь брэндийн мэргэжилтнүүд нэгэн зэрэг хоёр цагийн бүс, жилийн календарийг суулгаж өгсөн байгаа. Мөн цагны голд сонгосон цагийн бүсийг 24 цагийн форматаар харуулах диск байрлаж байгаа бол орон нутгийн цагийг уламжлалт цагийн зүү заах болно. Шинэ Sky-Dweller загварт Parachrom пүрштэй 9001 хөдөлгүүр суулгаж өгснөөр доргилт, цохилтод 10 дахин тэсвэртэй болсон байна. Мөн харанхуй орчинд гэрэлтдэг Chromalight технологи, 100 м гүнд ус нэвтэрдэггүй эх бие зэрэг дэвшилтэт үзүүлэлтүүдийг шингээсэн маш бат бөх, хэрэглэхэд прагматик загвар болжээ. Уг шинэ загвар нь 18 каратын шар алт, Everose алт, Oystersteel ган гэсэн олон төрлийн эх биений сонголттой бөгөөд хар, шоколадан бор, цагаан, оргилуун дарсны өнгөтэй гэсэн дөрвөн төрлийн нүүртэйгээр танилцуулагдсан байгаа.

Rolex Mongolia

Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2020-09-09, 10:00