Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Өнгө ба загварын шинэчлэл
Хэдхэн хоногийн өмнө үнэт эдлэл, бугуйн цагны хамгийн том үзэсгэлэн болох Baselworld 2018 амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг брэндүүд өөрсдийн сор болсон бүтээлүүдээ танилцуулсан билээ. Энэ дундаас биднийг хамгийн ихээр гайхшруулсан бүтээлүүдийг Швейцарийн алдарт Rolex брэнд олон нийтэд дэлгэсэн байгаа. Rolex энэхүү үзэсгэлэнд Oyster цуглуулгад багтсан GMT Master II, Datejust 36, Datejust 31, Cosmograph Daytona, Rolex Deepsea гэсэн нийт таван шинэ бугуйн цагаа танилцуулсан юм.
Анх нисгэгчдэд зориулан бүтээгдэж байсан Rolex брэндийн GMT Master загвар нь тун удалгүй брэндийн хамгийн алдартай, дэлхийд танигдсан бүтээлүүдийн нэг болсон түүхтэй. Шинэ GMT Master II загвар нь уламжлалт ба 24 цагийн зүүтэй, нэгэн зэрэг хоёр цагийн бүс харуулах чадвартай болсон тул дэлхийг тойрон аялдаг, идэвхтэй амьдардаг хүмүүст нэн тохиромжтой. Мөн энэхүү цэвэр ган материалтай цаганд анх удаа хоёр чиглэлд эргэлддэг хөх ба улаан өнгийн "Cerachrom" керамик тойрог суурилуулсан ("PEPSI" гэх нэр авсан) байгаа юм. GMT Master II цаг нь цэвэр ган Oyster эх бие, "Jubilee" оосортой болон бүхэлдээ 18 каратын Everose алтаар хийгдсэн сонголтуудтай. Мөн ган ба 18 каратын алтыг хослуулсан Everose Rolesor гээд нийт гурван янзын хувилбараар бүтээгджээ.
Анх 1945 онд танилцуулагдсан цагаасаа эхлэн Datejust загвар нь сонгодог бугуйн цагны бэлгэ тэмдэг болж ирсэн билээ. Rolex брэндийн хамгийн анхны ус нэвтэрдэггүй цаг гэдгээрээ алдартай энэхүү бүтээл нь дэвшилтэт техникийн шийдлүүд ба сонгодог дизайныг хослуулснаараа тухайн үедээ бугуйн цагны салбарыг байлдан дагуулж, өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөхгүй ирсэн юм. Харин энэ удаад Datejust 36 загвар нь 36мм диаметр бүхий эх биетэй болон шинэчлэгджээ. Түүнчлэн цагны эх бие ба эх биений чих шинэчлэгдэж, мөн цоо шинэ тусгай хөдөлгүүр (3235) суулгагдсан байгаа. Шинэ Datejust 36 цаг нь 18 каратын Everose алт, Oystersteel ганг хослуулсан Everose Rolesor нэртэй загвар болон 18 каратын шар алтаар урласан Rolesor хувилбаруудтай. Мөн алмаз эрдэнээр чимэглэсэн, танан нүүртэй сонголтууд ч бий.
2018 онд танилцуулагдсан Datejust 31 загвар нь 31мм диаметртэй шинэчлэгдсэн эх бие, шинэ үеийн тусгай хөдөлгүүр (2236) ба цагны нүүрний өргөн сонголттой болжээ. Энэхүү загвар нь 18 каратын цагаан алт, шар алт болон Everose алт гэсэн гурван хувилбараар худалдаанд гарсан байна. Цагаан алтан загвар нь танан нүүр ба алмаз эрдэнээр чимэглэгдсэн тойрогтой бол шар алтан хувилбар нь ногоолин чулуун нүүр болон Ром тоотой. Харин 18 каратын Everose алтаар урласан загвар нь ягаан тана ба алмаз эрдэнээр бүрхсэн эрвээхий хэлбэртэй гоёмсог нүүртэй бүтээгджээ.
Хамгийн анх 1963 онд мэргэжлийн авто уралдааны нисгэгч нарын хэрэгцээнд зориулан бүтээгдсэн Oyster Perpetual Cosmograph Daytona загвар нь төд удалгүй авто спортын ертөнцийн домог болж, дэлхийн уралдааны замууд дээр гялалзах болсон юм. Харин 18 каратын Everose алтаар хийсэн шинэчлэгдсэн хувилбарт цагны тойрог дээр байрлах алдарт хурдны хэмжүүрийг солонгорсон улаан алтаар орложээ. Мөн цагны тоог 11 ширхэг өнгө өнгийн индранил чулуугаар урласан бөгөөд эх биед 56 ширхэг алмаз эрдэнийг давхар шигтгэж өгсөн нь гоо үзэсгэлэн, нарийн хийц ба тансаг байдлыг илтгэнэ. Oyster Perpetual Cosmograph Daytona загвар нь зөвхөн гоёмсог дизайн төдийгүй нарийн тооцоолол бүхий механизм ба гадны нөлөөнд тэсвэртэй байдлыг (100м хүртэлх гүнд усны хамгаалалтай) хослуулж чаджээ.
Мэргэжлийн шумбагчдад зориулагдсан энэхүү загвар нь анх 2008 онд танилцуулагдаж байсан юм. Харин шинэчлэгдсэн Rolex Deepsea нь Oystersteel гангаар бүтээгдсэн бөгөөд 44мм диаметр бүхий эх бие, илүү өргөн оосор ба дэвшилтэт тусгай хөдөлгүүртэй (3235) болсноороо онцлог. Шумбагчдад зориулсан энэхүү цаг нь далайн 3,900м хүртэлх гүнд ус нэвтрэхгүй бөгөөд асар өндөр даралтанд тэсвэртэй байхаар зохион бүтээгдсэн юм.
Rolex Mongolia
Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт