Сүйн бөгж сонгоно гэдэг маш хариуцлагатай шийдвэр юм. Агуу хайрын бэлгэ тэмдэг болсон сүйн бөгжийг хүлээн авсан хүн нь олон арван жилийн турш өдөр бүр гартаа зүүх учир зөв сонголт хийх нь хамгаас чухал шүү дээ. Зарим хүмүүс аюулгүй бөгөөд мөнхийн сонгодог ганц чулуутай загварыг сонгодог бол өөр нэгэн нь хайртай хүнийнхээ зан чанар ба стильд тохирсон өвөрмөц дизайны эрэлд гардаг. Юутай ч энэхүү том шийдвэрийг гаргахын өмнө боломжит бүх хувилбаруудыг судалж, сайтар тунгааж үзээрэй. Бид таны ажлыг багахан ч болов уу хөнгөлөх үүднээс 2017 онд хамгийн ихээр онцгойрсон зургаан чиг хандлагыг толилуулж байна.
Ягаан алт
Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд ягаан алтаар хийсэн сүйн бөгжинд улам их дурлах боллоо. Ямар ч өнгийн арьсанд сайхан зохидог энэхүү алтлаг ягаан туяа нь маш эмэгтэйлэг, романтик мэдрэмж төрүүлдгээрээ онцлог юм. Очир эрдэнэ чулуутай хосолсноор илүү нандин харагддаг ягаан алтан бөгжний сонгодог эсвэл орчин үеийн загварууд үнэт эдлэлийн зах зээл дээр өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна.
Эртний аястай (винтаж) дизайн
Эртний өнгө аястай, тэр дундаа английн Виктория хатны эрин үе ба арт деко чиглэлийн дизайнтай сүйн бөгжнүүд хүн бүрт таалагддаг. Ийм сонголт хийснээр та хэзээ ч буруудахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Мөнхийн сонгодог мэдрэмж төрүүлэх уг загварууд сүйт бүсгүйг бусдаас өвөрмөц харагдуулах нь гарцаагүй юм.
Өнгөт очир эрдэнэ чулуу
Таны ирээдүйн эхнэр эсвэл нөхөр тань уламжлалт бус зүйлсэд дуртай бол өнгөт очир эрдэнэ чулуутай сүйн бөгж түүнд төгс тохирох сонголт болно. Тансаг харагдахын зэрэгцээ мөн өдөр тутамд зүүхэд тохиромжтой сүйн бөгж хайж байгаа бол шар эсвэл ягаан очир эрдэнэ чулуутайг сонгож, харин илүү зоригтой алхам хийхийг зорьсон бол сүүлийн үед тренд болж буй хар өнгийн очир эрдэнэ чулууг түүнд зүүлгээрэй.
Мушгирсан их бие
Бөгжний мушгирсан их бие яг л хайрт хосууд насан туршдаа бие биетэйгээ сүлжилдэн, холбогдсон мэт харагдаж, маш романтик утга учир агуулдаг. Хоёр амьдрал нэгдэж, нэг бүхэл болдог гэж илэрхийлсэн энэхүү загвар нь эерэг бэлгэдэл дагуулахын зэрэгцээ мөн бусад бөгжнүүдээс онцгойрох болно.
Өнгөт үнэт чулуу
Сүйн бөгж нь зөвхөн очир эрдэнэ чулуутай байх ёстой хэмээн эндүүрч болохгүй. Үнэн хэрэгтээ шар ба ягаан очир эрдэнийг индранил чулуу орлож чадна. Мөн бадмаараг эсвэл маргад эрдэнийн чулуутай сүйн бөгж нь эртний уур амьсгал агуулж, бүсгүй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгнө.
Зүүн - баруун зүгийн суулгалт
Зууван хэлбэрийн очир эрдэнэ чулууг хэвтээ байдлаар байршуулсан сүйн бөгжийг мэргэжилтнүүд "Зүүн-баруун зүгийн суулгалт" хэмээн нэрлэдэг. Анхаарал татам уг дизайн таны хайртай хүнд гарцаагүй таалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт