Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Нисэгчдэд зориулсан
Omega брэнд шинэ цаг гаргаж олон улсын нисэх хүчин болон сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэлээ. Энэхүү шинэ цаг нь эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэгт итгэлтэй байна
Анх 1962 оны аравдугаар сарын 3-нд Уолли Ширр "Mercury-Atlas 8" нислэгээр хөөрөхдөө Speedmaster бугуйн цагийг зүүж явжээ. Энэхүү түүхэн дурсгалт өдрөөс эхлэн Omega хүмүүсийн анхааралд илүү хүчтэй өртөх болсон. Харин 1965 онд NASA, Speedmaster цагийг сансрын нислэгт авч явахад тохиромжтой гэж үзсэнээр түүний сансарт ниссэн түүх эхэлсэн гэдэг. Тиймээс Omega брэндийн хувьд олон улсын нисэх хүчин болон сансрын нисгэгчдийн өдөр бол мэргэжлийн баярын өдөр нь гэж хэлж болох юм. Энэ жилийн хувьд Omega тэмдэглэлт өдөртөө зориулж Speedmaster Moonphase цагийг танилцуулж байна.
Энэхүү шинэ цагны нүүрэнд сарны маш бодит дүрс харагдах бөгөөд бараг л сансрын нисгэгчийн хөлний мөрийг харж болохоор өндөр дүрслэлтэй ажээ. Техникийн онцлогоос нь дурдвал сарны интервалыг маш тодорхой үзүүлдэг байна. Тухайлбал, сар дэлхийг бүтэн тойроход 30 биш 29,5 хоног шаардагддаг бөгөөд цаганд энэ үзүүлэлтийг нарийвчлан суулгасан гэнэ.
Харин гаднах байдлын хувьд гялалзсан хөх өнгийн нүүртэй, керамик ирмэгтэй бөгөөд эх биеийг зэвэрдэггүй гангаар бүтээжээ. Мөн анх удаагаа Speedmaster загвар дээр эргэлтийн давтамж хэмжигчийг Liquidmetal хайлшаар хийсэн байна. Үүнээс гадна, цагны жижиг нүүрний хүрээг родигоор бүрхэж өгчээ. Энэ бүгд дээр нэмээд ижил өнгийн арьсан оосор хийж өгсөн нь цагийг үнэхээр дур булаам харагдуулна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт