Michel & Amazonka брэнд Монголын загварын ертөнцөд мэндлээд таван жилийг ардаа үлдээжээ. "Unique" нэртэй анхны цуглуулгаасаа хойш "Salvador Dali", "Made in Mongolia", "Paradise", "Evolution" зэрэг улирлын үндсэн цуглуулгуудаа тогтмол танилцуулж, шинэ жил болоод улсын баяр наадамд зориулсан капсул цуглуулгууд гаргаж, тэр ч бүү хэл 2018 оны турш сар бүр шинэ цуглуулга дэлгэсэн эгч, дүү дизайнерууд хувцас загварын брэнд гэх ойлголтыг Монголдоо бүрэн утгаар нь таниулж, үйлчлүүлэгчдээ хүндлэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа маш цөөн брэндүүдийн нэг. Тиймдээ ч энэ богино хугацаанд Michel & Amazonka гэх нэрийг мэдэхгүй, дуулаагүй хүн гэж ховор болсон нь аргагүй хэрэг биз ээ.
Таван нас хүрснээ тэмдэглэж Michel & Amazonka зургадугаар сарын 15-ний өдөр шинэхэн баригдсан Highland Park эзэмшилд анхны бие даасан загварын шоугаа зохион байгуулсан юм. Мөнх тэнгэрийн дор, Богд уулын орой дээр Улаанбаатар хотыг бүхэлд нь харах модерн дизайнтай Highland Park нь Michel & Amazonka-гийн төгс бэлгэдэл болсон санагдлаа. Хэзээд үндэсний хэв маягаа хадгалж Монголчуудын зүрх сэтгэлд ойр байдаг Michel & Amazonka брэндийн загварууд ямагт дэлхийн чиг хандлагатай хөл нийлж, контемпорари байж чаддаг нь гайхалтай. Сая л гэхэд "Баян Монгол" хэмээн нэрлэсэн энэхүү загварын шоугаараа Ч.Янжиндулам ба Ч.Нямханд нар яг одоо дэлхийд өрнөж буй нэн чухал өөрчлөлтийг харуулж, дотоодын загварын салбартаа тэрхүү шинэ давлагааг нэвтрүүлж чадлаа.
Тэр нь юу вэ гэхээр загвар гэдэг нь өнөөдөр эрэгтэй эсвэл эмэгтэй хүйсэд чиглэсэн зүйл байхаа больсон. Харин аливаа хязгаарт баригддаггүй индивидуал хүнийг чиглэнэ. Орчин үеийн хүмүүс өнөөдөр өөрийн хувь хүний онцлогийг хуучинсаг үзлээс ангид, цоо шинэ дүрмээр бий болгож байна. Өсгийтэй гутал өмссөн Харри Стайлз, өмдөн дээгүүрээ даашинз давхарласан Жаред Лето нарын үед амьдарч буй бид анх төрж мэндэлсэн үеийнхээ нийгмийн хавчигдмал үзлээс аль хэдийнэ чөлөөлөгдсөн болохыг Michel & Amazonka-гийн эрэгтэй загварууд тод томруунаар харуулна. Загварын шоуны тайзнаа алхсан эрэгтэй моделиуд уран хатгамлаар баяжуулсан хагас гэрэлтэх торон цамц, скинни жийнстэй хосолсон хагас түрийтэй өсгийтэй гутал, тэр ч бүү хэл үлгэрийн мэт романтик тюль даашинзыг туфли өмсөн амилуулж байсныг хараад ийм эрх чөлөөтэй үед амьдарч байгаадаа баярлан өөрийн эрхгүй инээмсэглэл алдах шиг л болно.
Дизайнерууд энэ удаагийн цуглуулга дээр ажиллахдаа юунд ч баригдалгүй, олон санааг агуулсан учир "Баян Монгол" гэх нэрийг өгсөн гэдгээ бидэнд онцлон хэлсэн юм. Үнэхээр л цуглуулга олон жижиг зүйлсээс бүрдсэн, хувь хүний онцлогийг магтан дуулсан, хүн бүрийн сонирхолд нийцсэн уут дүүрэн чихрийн микс мэт санагдана. Шоуны эхний хэсэгт гар урлалын кутюр загвартай тюль ба торгон материал хосолсон үлгэрийн даашинзууд, бөмбөгөр ханцуйтай авангард загварууд гарсан бол үүний дараа Франц бүсгүйг санагдуулам торон оймс ба дугуй хэлбэрийн толгойн өмсгөлтэй загварчилсан шоортон хослолууд, улмаар өргөн мөртэй гялалзсан материал бүхий 80-аад оны диско аястай хувцаснууд, эцэст нь брюк өмдтэй хослуулсан орчин үеийн үндэсний өмсгөлүүд үзэгчдийн хүртээл болсон юм. Одоо харин бид энэ бүх баялаг "баян загваруудаас" сонголтоо хийн хэн болохыг хүсэж буйгаа шийдэх л үлдлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт