Байкалын загварын долоо хоногт оролцсон дизайнеруудаас хамгийн залуу дүр төрхтэй, ирээдүй рүү чиглэсэн цуглуулгыг 93//KiDULT маркийн хамт олон танилцууллаа
"Энд Монголчууд үнэхээр нэгдмэл, хүчтэй байна" хэмээн Байкалын загварын долоо хоногт оролцсон сэтгэгдлээ дизайнер М.Нямсүрэн өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрээр өнгөрсөн жил энэ арга хэмжээнд бие даан цуглуулгаа танилцуулсан туршлагатай. Энэ удаад харин өөрийн 93//KiDULT марк болон Monalun, Michel & Amazonka маркуудтай хамт шинэ загвараа амжилттай танилцууллаа. Байкалын загварын долоо хоногт эдгээр гурван маркаас гадна мөн загвөр өмсөгч Д.Номин, Говь брэндийн ОХУ дахь салбар нь оролцсон байна.
93//KiDULT маркийн дизайнерууд нийт дөрвөн капсул цуглуулга гаргасан. Үүнээс хамгийн сүүлд хийсэн намар-өвөл 2016 цуглуулгыг Байкалын загварын долоо хоногт дэлгэсэн юм. Футуристик хэв маягтай шинэ цуглуулга нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн залуус өмсөж болохоор хэлхгэр том хэмжээтэй гадуур хүрмүүд, цэргийн эрээн хээтэй пальто, унжуу мөртэй цамц, юнисекс загварын юбка, сул хэлхгэр өмд, хантааз зэргээс бүрджээ. Тэд ерөнхийдөө гудамжны чөлөөт загваруудыг минимал хэв маягтайгаар хийж, шинэ эсгүүр, шинэ хэлбэрийг залуучуудад санал болгодог. Үүнийг өвлийн хувцсанд шилжүүлэхдээ Сибирь, Монголын хаана ч өмссөн даарахааргүй зузаан, салхи нэвтрүүлдэггүй материалтай хийсэн байна. Гэвч 93//KiDULT-ын намар-өвөл цуглуулгаас арван төрх л энэхүү арга хэмжээний тайзан дээр гарсан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр тэд Улаанбаатарт эргэн ирээд өөрсдийн бүтэн цуглуулгаа удахгүй танилцуулах болов уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт