Buro 24/7 тойм: Proenza Schouler, намар-өвөл 2016

Бүтээлч үйл явц

Жек МакКалоу ба Лазаро Эрнандес нар намрын шоугаа Америк урлагийн ордон буюу Уитни музейд зохион байгуулжээ. Шинэ цуглуулга урьд өмнөхөөсөө илүү тайван бас даруухан болсон байна

Жек МакКалоу ба Лазаро Эрнандес нар яг л зураачид шиг дизайнерууд юм. Тэдний цуглуулгууд ихэвчлэн гоё бас муухай гэсэн ойлголтын нарийн зааг дээр оршиж байдаг. Тэдний зарим нэг загварыг таалахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Учир нь тэд яг л уран зураг шиг тодорхой нэг санаа агууламжтай байдаг бөгөөд хүмүүс ихэвчлэн тэрхүү утгыг нь ойлгодоггүй. Түүнээс гадна брэндийн хувцаснууд эмэгтэй хүний галбирыг тодотгосон биш, харин эсрэгээрээ эршүүд дүрстэй байдаг. Тэгсэн хэдий ч дизайнеруудын бүтээлүүд хэрэглэгчид дунд эрэлт ихтэй байдаг нь гайхалтай.

Уитни музейд зохион байгуулагдсан загварын шоу өнгө багатай, бага зэрэг уйтгартай болсон санагдлаа. Цуглуулгад өмнөх улирлын цоглог испани хуниас, улаан өнгийн чимэглэл зэрэг үзэгдсэнгүй. Үүний оронд загварын тайз дээр илүү чөлөөтэй, илүү биед эвтэйхэн хувцаснууд гарч ирлээ. Хамгийн сонирхолтой нь Proenza Schouler-ын хамт олон намрын цуглуулгадаа алдарт бие барьсан "боолт" даашинзыг оруулсан байв. Гэхдээ брэндийн хувилбар уламжлалт загвараас тэс ялгарч байлаа. Тэд бариу биш, харин сул, урссан хэв маягтай даашинз бүтээжээ.

Proenza Schouler энэ улирлаас эхлэн загварын ертөнцөд яг одоо хүчээ авж буй "see now, buy now" буюу шинэ загвараа тэр даруйд нь борлуулалтад гаргах дүрмийг баримтлахаар шийдсэн байна. Тэд шинэ цуглуулгад багтсан торон нэхээс бүхий оруулгатай пальто, хар сүлжмэл даашинз болон хэд хэдэн гар цүнхийг өнөөдрөөс эхлэн худалдаалж эхэлжээ.

 

Ө.Тодгэрэл

2016-02-21, 10:00

  • Зураг: