Buro 24/7 тойм: Ralph Lauren, намар-өвөл 2016

Эрс тэрс

Ральф Лорены шоу хоёр хэсэгт хуваагдлаа. Тэр эхэнд нь бор өнгөний олон сонголттой өдөр тутмын хослолууд танилцуулсан бол, хоёрдугаар хэсэгт шингэн алт мэт гялалзах үдшийн даашинзууд тайзнаа гаргалаа

Ralph Lauren-ы цуглуулгын утга санааг хамгийн үнэн бодитоор тайлбарлаж чадах хүн бол мэдээж хэрэг Ральф Лорен өөрөө юм. Тэр Instagram ашиглан, намрын цуглуулгынхаа гол санааг шүтэн бишрэгчиддээ тайлбарлалаа. Түүний хэлснээр брэндийн хамт олон энэ удаад хүн төрөлхтний хоёрдмол чанарыг харуулахаар зорьсон гэнэ. Тодруулбал цуглуулгын гол дүрийн бүсгүй өдрийн цагаар эрэгтэй эсгүүртэй хослол өмсөж, дэгжин харагдах дуртай бол, оройн цагаар дотоод сэтгэлийнхээ рок дагиныг ил гаргаж, "орчин үеийн романтик" хэв маягтай хувцсаар гоёх дуртай аж. Дизайнерын сэдсэн санаа, түүний гүйцэтгэл үнэхээр төгс байж, үр дүнд нь гайхалтай цуглуулга бий болжээ.

Цуглуулгын эхний бас сүүлийн хэсгүүд хоёулаа бие биенээсээ дутахгүй гоёмсог байлаа. Гэхдээ нарийн ажиглавал цуглуулгыг бүр гурван хэсэгт ч хувааж болох харагдлаа. Эхнийх нь олон төрлийн бор өнгөтэй эрэгтэй хослолууд, дараагийнх нь рок төрхүүд, мөн сүүлийнх нь шингэн металлаар урласан мэт гялалзах, дэндүү үзэсгэлэнтэй үдшийн даашинзууд юм.

Ө.Тодгэрэл

2016-02-22, 08:00

  • Зураг: