“Хунт нуур” балет хамгийн анх аль 1877 онд тайзнаа тавигдсан ч, цагаан Одетта, хар Одиллия хоёр хунгийн мөнхийн эсрэгцэл өнөөг хүртэл уран бүтээлчдийн сэтгэлийг хөдөлгөсөөр байна. Тэдний түүх зөвхөн урлагийн тайз ба уран сайхны кино гэлтгүй мөн загварын тайз дээр нэг биш удаа гарч байсан билээ. Энэ удаад Valentino-гийн хувилбарыг сонирхоцгооё
Пьерпаоло Пиччоли ба Мария Грация Кьюри нар өөрийн цуглуулгадаа кутюр зэрэглэлийн тансаг болон өдөр тутмын энгийн загваруудыг төгс хослуулж чаддаг. Тэдний гар ажиллагааны нарийн чимэглэл бүхий маш үзэсгэлэнтэй даашинзууд илүү бодит хувцаснуудтай зэрэгцэн тайз дээр гарч ирдэг билээ. Дизайнерууд энэ улиралд ч мөн адил тэрхүү алтан дунджыг баримтладаг чадвараа харууллаа. Намар-өвөл улирлын гол сэдвээр "Хунт нуур" сонгогдсон ч гэлээ Valentino-гийн цуглуулга театрын ба бодит амьдралын төгс тэнцвэрийг олж чаджээ.
Балетын дэрвэгэр юбкийг Кьюри, Пиччоли хоёр 1980-аад оны уур амьсгалтай өдөр тутамд өмсөж болох даашинз болгон хувиргасан байна. Даашинзын дээд хэсэг нь корсет бүтэцтэй байж, харин доод хэсэг нь хэлбэрээ барьдаг хатуу материал бүхий хуниаснуудаас бүрдэж байлаа. Энэ бүхнийг Valentino-гийн хамт олон төмөрлөг таваар бүрхэж, уламжлалт хар хунг орчин үеийн "муу охин" болгожээ. Шинэ цуглуулгын энэхүү рок аяс мөн савхин туузнаас бүрдсэн даашинз болон зөөлөн шир бүхий савхин куртканаас мэдрэгдэх болно.
Дизайнеруудын танилцуулсан "сарафан даашинз+сул загварын хоолойтой свитер" гэх хослол маш загварлаг харагдлаа. Театрын гэмээр гоёмсог даашинзыг свитертэй хослуулснаар илүү энгийн төрх гаргаж авах боломжтой. Даашинзын "сүр"-ийг свитер дарж өгч байгаа юм. Од хэлбэрийн гялалзуур чимэглэлтэй цэнхэр корсет даашинз үүний хамгийн тод жишээ болж өгнө. Энэ даашинз театрын костюм мэт хэтэрхий анхаарал татам харагдах ч гэлээ дизайнерууд түүнийг том свитер, хар легинс ба хар гуталтай хослуулж, гранж төрх бий болгожээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт