Бюро 24/7 тойм: Christian Dior, pre-fall 2019

ХХ зууны эмэгтэй уран бүтээлчдээс сэдэвлэсэн цуглуулга

Christian Dior загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри сүүлийн цуглуулгаа Францын зураач Соня Делоне болон Германы уран бүтээлч Анни Альберс нарын бүтээлүүдээс сэдэвлэн урлажээ. Соня Делоне нь геометрийн дүрс, тод өнгийг ашиглан бүтээлээ туурвидаг, орфизмын томоохон төлөөлөгчдийн нэг бол Анни Альберс нь бөс даавуу болон хээ угалз бүтээдэг нэгэн байсан юм.

Тютю хормойтой даашинз, ноосон цамц, ноолууран юбка, нэхмэл цамц, ширмэл оёдолтой загварууд зэрэг Соня Делоне, Анни Альберс нарын стилийг санагдуулам загварууд болон Dior брэндийн илэрхийлэл болсон алдарт "bar" загварын хүрэм, "tote" цүнх, хослолууд энэхүү цуглуулгад багтсан байна. Өнгөний хувьд бор, ногоон, хүрэн өнгүүд давамгайлсан бол алтан шаргал утсаар хатгасан торон материал, ноосон цамц зэрэг нь цуглуулгыг илүү онцгой болгожээ.

Үндсэн элементүүд: Ноосон материал, алтлаг өнгийн хатгамал, геометрийн хээ бүхий загварууд, өвдөг давсан урттай гутал, торон материал, ширмэл оёдол

Үндсэн өнгөнүүд: Алтлаг, бор, хар, улаан өнгүүд

Стилистик аргачлал: Олон давхарлах аргачлал, бэлхүүс тодотгосон бүс зүүх

Аксесуар: "Хувин" загварын малгай, "морьтны" гар цүнх, өвөрмөц загвар бүхий цүнхний оосор, гинж, нарийн бүс, том чимэглэлтэй ээмэг ба бугуйвч

 

 

Buro.Mongolia

2018-12-19, 16:25