Бюро 24/7 тойм: Gucci, resort 2020

Ром хот дахь Капитолийн музейд танилцууллаа

Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле 2020 оны аяллын цуглуулгаа Италийн Ром хот дахь Капитолийн музейд танилцуулж, ахин нэг удаа эртний уран барилгуудад сэтгэлээ илчиллээ. Загвар бүрээрээ онцгой утга санааг илэрхийлэхийг зорьдог тэрээр энэ удаад эрх чөлөөг эрэлхийлсэн, сонирхолтой зүйлсээр баялаг загварууд урлажээ. Шинэ аяллын цуглуулгаас эртний болоод нэн орчин үеийн өнгө аяс холилдон мэдрэгдсэн юм. Тухайлбал эртний Ромчуудын өмсгөлийг санагдуулам алтан шаргал утсаар гоёж хатгасан час улаан торгон нөмрөгөөс эхлээд модерн хийц бүхий ретро хээтэй хослол, Микки Маусын зурагтай ноосон цамц, борооны цув, 1990-ээд оны хэв маягтай бомбер хүрэм, өргөн мөртэй пиджак зэрэг загварууд энэхүү цуглуулгад багтжээ. Цуглуулга дахь эмэгтэй хүний бэлэг эрхтэн буюу умайг дүрсэлсэн хатгамалтай цагаан даашинз олны анхаарлыг хамгийн ихээр татсан бөгөөд дизайнер уг загвараар дамжуулан мөн л эрх чөлөө, эмэгтэйчүүдийн бие даасан байдлыг илэрхийлэхийг зорьсон байна. "Умай бол эмэгтэй хүний биеийн хамгийн нууцлаг атлаа гайхалтай хэсэг. Үүнийг үзэсгэлэнтэй зүйлсээр төсөөлөх хэрэгтэй" хэмээн Алессандро Микеле тайлбарласан юм.

 

 

Buro.Mongolia

2019-05-29, 13:36